logo
Францын ерөнхийлөгчийн сонгууль ирэх Ням гаригт болно

Францын ерөнхийлөгчийн сонгууль ирэх Ням гаригт болно

2012/04/18
Францын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байна. Сонгуульд нэр дэвшигчид орон нутгаар явж, сонгогчидтойгоо уулзаж байна. Гол өрсөлдөөн Социалист намаас нэр дэвшигч Франсой Холланде болон Николя Саркозигийн хооронд болох магадлал өндөр байна. Саркози “Хэрэв бид сонгуульд ялвал одоогийн Францыг цогцлоогч генерал Чарльз Де Голь ялж байна гэсэн үг юм. Франц ирээдүйгээ харж байна. Франц дэлхийн хүн төрөлхтний төлөө сайн сайхны төлөө бодлого явуулдаг. Энэ бол бидний Франц” гэжээ.  Харин нөгөө захад Социалист намаас нэр дэвшигч Франсой Холланде өнгөрсөн 5 жилд Саркозигийн амласан олон зүйл хэрэгжээгүй болохыг хэлж, шүүмжилж байлаа. Эдгээрээс гадна хэт барууны үзэлтэй Марине Ле Пен цагаачлалын асуудлыг “төмөр нударгаар”зохицуулна гэж амлаад байгаа. Хэт зүүний Коммунист намын Жэан-Лук Мелечон нийгмийн баримжаатай асуудлыг дэвшүүлж байгаа гээд нийт 10 гаруй нэр дэвшигч байгаа боловч гол анхаарал Саркози болон Холланде гэх энэ 2 эрхэм дээр төвлөрөөд байна. Анхан шатны сонгууль ирэх Ням гаригт буюу энэ  сарын 22-нд болно.  Шинжээчдийн үзэж байгаагаар Саркози болон Холланде анхан шатны сонгуульд ялах магадлалтай байгаа. Харин 2 дахь шатны сонгуульд Холланде Саркозиг ялах магадлалтай байгаа юм. Учир нь нэр дэвшигчдийн ихэнх нь зүүний үзэл баримтлалтай. Дараагийн шатанд тэдгээрийг дэмжигчид социалист намыг дэмжих хандлагатай байгаа юм. Саркози ерөнхийлөгч байх хугацаандаа хатуу шийдэмгий бодлого баримталж, Францын нэр хүндийг дэлхийн тавцанд өсгөсөн боловч дотоод, ялангуяа нийгмийн асуудлыг орхигдуулсан гэж шүүмжлүүлж байгаа. Харин Холланде дотоод, нийгмийн асуудалд илүү анхаарч ажиллана гэж таамаглаж байгаа. Мөн Европын сонгогчид ихэнхдээ Социалист болон Социал Демократ намыг дэмжих хандлагатай байдаг. Саркозигийнх шиг Консерватив нам цөөн тохиолдолд ялдаг юм. Франц нь баруун Европын хамгийн том газар нутагтай орон бөгөөд Европдоо өөрсдийн бие даасан бодлого явуулдаг юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш