logo
АНУ-ын Ерөнхийлөгчийн нууц албаны ажилтнууд ажлаасаа халагдлаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн нууц албаны ажилтнууд ажлаасаа халагдлаа

2012/04/18
Цагаан ордны тэргүүн Барак Обамагийн нууц албаны ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа дутагдал гаргасан гэсэн үндэслэлээр ажлаасаа халагдлаа. Түүнийг Өмнөд Америкийн Колумб улсын Картагена хотод буухаас өмнө нууц албаны ажилтнууд Обамагийн айлчлалын аюулгүй байдлыг хангаж, элдэв халдлагаас сэргийлэх зорилготой байсан. Гэсэн ч түрүүлж очсон хамгаалалтын ажилтнууд биеэ үнэлэгчидтэй холбогдож ажлын хариуцлага алдаж, АНУ-ын нууц албаны нэр хүндийг гутаасан хэрэг гарсан байна. Нэгдсэн Улсын тусгай албаны хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар ажлын хариуцлага алдсан ажилтнуудыг эх оронд нь буцааж оронд нь өөр хүмүүсийг явуулсан байна. Хүмүүс юу хийх, яах нь тэдний эрх боловч улсын өндөр зардлаар харь улсад ирж, хамгийн гол нь албан ажлаа гүйцэтгэж байхдаа алдаа гаргасан нь тэднийг ажлаас халах үндэслэл болсон байна. Тусгай албаны ажилтнууд Колумб улсын Картагена хотод ажиллаж байхдаа АНУ-ын элчин сайдын яамын байрны ойролцоогоос хэд хэдэн тэсрэх бөмбөг илрүүлсэн гэхээр тэдний ажил маш чухал байдаг. Цаашлаад Ерөнхийлөгчийн амь настай шууд холбоотой байдаг байна. Тусгай ажилтнуудад үйлчилсэн бие үнэлэгч цагдаад гомдол гаргаснаар асуудал босч иржээ. Тусгай ажилтнуудын хэд нь биеэ үнэлэгчидтэй нэр холбогдсон нь тодорхойгүй ч ямар нэг байдлаар албан үүргээ гүйцэтгэж яваад ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр бүгд ажлаасаа халагджээ. Нууц албаны мэдэгдэж байгаагаар Ерөнхийлөгчийн амь насыг хариуцаж ажиллаж байгаа ажилтнууд зав зайгаараа зугаа цэнгэл хөөцөлдөж явсан нь ичгэвтэр, ажлын хариуцлага алдсан хэрэг болсон юм байна. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш