logo
Чингис хааны онгон хаана байгааг казахууд мэднэ гэв

Чингис хааны онгон хаана байгааг казахууд мэднэ гэв

2012/04/18
Агуу Чингис хааны шарил хаана байгааг мэднэ гэж Казахстаны иргэн Серик Самарханов мэдэгджээ.Казахстанаас гадна Азийн бусад орон хүртэл Монголын Чингисийг өөрийн хэмээж, байгуулсан гавьяаг нь өмчилж байна. Жишээлбэл Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев саяхан ОХУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад айлчлахдаа хачирхалтай мэдэгдэл хийжээ. Тэрбээр «Киргизийн хаант улс Монголын нутгаас Азовын тэнгис хүрсэн өргөн уудам газарт оршин тогтнож байлаа» хэмээсэн.

Уг нь манай монголчууд, тодруулбал Чингис хаан болон алтан ургийнхан л эдгээр нутагт эзэнт гүрнээ байгуулж байсансан. Энэ талаар Киргизийн эдийн засагч Уран Чекирбаев «Ерөнхийлөгч А.Атамбаев өнгөрсөн түүхэн үе рүү хэт хэлбийдэг муу зантай. Мөхсөн эзэнт гүрний талаар ярьж, эртний түүхээ сөхөх нь хөрш орнуудын эрх баригчид, ард иргэдэд таатай санагдахгүй нь лав. Тэр тусмаа эзлэн түрэмгийлж байсан орнуудын» хэмээн шүүмжилжээ.

Чингис хааныг өмчилж авахаар шийдэв


«Агуу Чингис хааны шарил хаана байгааг би мэднэ» хэмээн Казахстаны иргэн Серик Самарханов мэдэгдэж, тэр бүү хэл газар зүйн координатыг нь нэрлэсэн талаар «Express-r.rz» сайт бичжээ. Та бүхэнд Усть-Каменогорыноршин суугч С.Самархановын ярилцлагыг хүргэж байна.

-Чингис хааны онгон хаана байгаа гэнэ ээ?


-Надад далд ертөнцөөс мэдээлэл ирсэн юм. Саур ба Сайхан хэмээх хоёр нурууны хооронд Чингис хааны шарил байгаа. Эдгээр нуруу яг Хятад руу орох хаалга мэт харагддаг ба Манрак нуруунд тулж ирдэг. Харин Жеменейк голын цаана Сундуктас голын ойролцоо эртний хоёр булш бий.

Нэгэнд нь Чингис хааныг, нөгөөд түүний морийг оршуулсан. Харин тэдгээрийг тойрсон П хэлбэрийн дов толгодын гүнд агуу хааныгаа нутаглуулсан дайчид нойрсож байгаа. Эртний булш бүхий уулын оргил дээрх шиг чулуу эргэн тойронд 15 км-т байхгүй.

-Тодруулбал?


-Казахстаны Айнабулагийн хөдөөгийн тойрог, Зайсаны районы Сундуктас ууланд Чингисийн онгон байгаа.

-Та өөртөө их итгэлтэй байх юм. Энэ бүхнийг хаанаас, яаж мэдсэн бэ?

-Дээрээс надад дуу сонсогдсон юм. Би өөрөө тэр нутгийнх. Өөрөөр хэлбэл Зайсаны районы Каратал тосгоных.

-Ингэхэд та хий юм сонсдог хэрэг үү?

-Намайг хараасан байсан. Миний өвөг дээдэс намайг аварч, хараалыг хариулсны дараа амьдрал маань эрc өөрчлөгдсөн. Амьдралын зорилго маань юу болохыг хэдэн жилийн өмнө Наурызын баярын үеэр би ухаарсан юм. Миний зүүдэнд Кыдыр-ата ирсэн. Яг л үлгэрт гардаг шиг /Кыдыр-ата бол Наурызын ариун сүнс. Энэ сүнс казах түмнийг Дээд хүчнүүд, далдын хүчтэй холбож өгдөг гэнэ. Өөрөөр хэлбэл зууч аж. Иймээс Наурызын шөнө түүнд хандаж, хүслээ хэлэхэд биелдэг хэмээн казахчууд итгэдэг. Гэтэл С.Самархановын үгээр Кыдыр-ата анх удаа хүнтэй харьцаж, зөвлөгөө өгсөн болж таарлаа/.

-Тэгээд яасан бэ. Хүмүүсийн зарим нь танд итгэхгүй байна?

-Кыдыр-ата эртний хоёр баатрыг дагуулан ирсэн. Тэдгээр баатар Казахстаны газар нутгийг дундад зууны үед Зүүн гарын довтолгооноос хамгаалж байсан гэдэг. Энэ зүүдний дараа миний амьдрал эрс өөрчлөгдсөн. Би өмнө нь архи нэг их уудаггүй байсан, одоо бүр амсахаа больсон шүү. Миний зөнбилэг «сэрж», далдын чадвар эзэмшиж, толгойн өвчин зэргийг анагаадаг болсон.

- Чингис хааны шарил мөн гэдгийг яаж мэдэх юм бэ?

-Казахстаны алдарт археологч Зaйнулла Самашевийг урьж, энэ орон нутагт эрэл хайгуул хийх хэрэгтэй байна. Харин дараа нь Чингис хааныг дахиад оршуулах ёстой.

-Яагаад?

-Зөнч Ванга манай газар нутаг дээр агуу баатар нойрсож байгаа гэсэн. Тэрбээр «Хэрэв түүнийг зохих ёсоор дахин оршуулбал танай нутаг жаргалтай амьдарна. Эсрэг тохиодолд таван том усан сан зэрэг сад тавьж, танай нутгийг далай хүртэл урсгах болно» гэж зөгнөсөн. Би үүнд их сэтгэл түгшиж байгаа. Хэрэв түүний хэлснээр хийхгүй бол урсчих тул Чингис хааныг аль болох хурдан дахин нутаглуулах хэрэгтэй. Маш том бунхан түүнд зориулж босгох ёстой. Тэгвэл ертөнцийн төгсгөл хүмүүст аюулгүй.

М. Цогзолмаа
Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш