logo
Хүүхэд, эмэгтэйчүүд дарамт, хүчирхийлэлд өртсөн үедээ хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх нь түгээмэл байна

Хүүхэд, эмэгтэйчүүд дарамт, хүчирхийлэлд өртсөн үедээ хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх нь түгээмэл байна

2012/04/18
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /дөрөвдүгээр сарын 17-ны Мягмар гараг/ Төрийн ордны хуралдааны "А" танхимд болж 4 асуудал хэлэлцлээ. Тэдгээрийн дундаас гишүүдийн анхаарлыг нэлээд татсан асуудал нь Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал байв.
Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд танилцуулснаар бол хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн нарийн зохицуулалт шаардлагатай байгаа өнөө үед ХЭҮК-ын хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа хэт хязгаарлагдмал байгаа аж. Тухайлбал, 2007-2010 онд тус Комисст хүүхдийн эрхтэй холбоотой 26 гомдол ирсний ихэнх нь байцаан шийтгэх үйл ажиллагаанд хүүхдийн эрх зөрчигдсөн, эцэг эх нь ял шийтгүүлсний улмаас хүүхэд асран хамгаалагчгүй болсон, хүүхдийн тэтгэлэг, асрамж, үрчлэлттэй холбоотой асуудлууд байжээ. Хүүхэд, эмэгтэйчүүд эрхээ хамгаалах, ялангуяа дарамт, хүчирхийлэлд өртсөн үедээ хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх нь түгээмэл байгаа бөгөөд энэ нь Комиссын зүгээс орон нутагт ажиллах боломж тааруу байгаатай холбоотой гэнэ.
ХҮЭК-ын гишүүдийн нэг нь хүүхдийн эрхийн асуудлыг хамаарч ажилладаг бөгөөд Комиссын ажлын албанд хүүхдийн эрхийн асуудал дагнан хариуцах мэргэшсэн боловсон хүчин хангалтгүй тул хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбогдсон өргөдөл гомдлын шийдвэрлэлт хангалтгүй байна гэж дүгнэжээ.
Монгол Улсын Засгийн газрын удаа дараагийн илтгэлийг хэлэлцсэн НҮБ-ын Хүний эрхийн хороодын дүгнэлт зөвлөмжид хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үндэсний байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх, тэдний эрхийг хамгаалах итгэмжит төлөөлөгч бий болгох, ХЭҮК-т хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй, гомдол хүлээн авах механизм бүрдүүлэх талаар зөвлөсөөр ирсэн байна. Иймд Комиссын үйл ажиллагааны үр дүн, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгцээ, шаарддлагыг харгалзан хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах итгэмжит төлөөлөгч бий болгох зорилгоор ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж. Уг нэмэлт, өөрчлөлтийн дагуу Комиссын гишүүдийн тоог хоёроор нэмэгдүүлбэл Комиссын жилийн төсөв дунджаар 20-25 орчим хувь нэмэгдэхийн дээр уг хуулийн төслийг дагаж Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэнэ.
Уг хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд, эмэгтэйчүүд Комисст хандан өргөдөл, гомдлоо шуурхай шийдвэрлүүлэх боломж нэмэгдэн, тэдний эрхийг хамгаалсан бие даасан гишүүд, асуудлыг хариуцсан мэргэшсэн ажилтнууд нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм байна.
Энэ асуудлыг хэлэлцэх үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж гишүүдэд нэг мэдээлэл хийсэн нь Монгол Улсын Засгийн газар 2010 оны 11-р сарын 1-19-ний өдрүүдэд анх удаа Олон улсын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд илтгэл тавьсан бөгөөд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд элсэх асуудал УИХ-ын байнгын хороон дээр гацаад байгаа аж. Нэгэнт хоёр орон тоо нэмэх гэж байгаа бол энэхүү нэмэлт протоколд элсэх асуудлыг ч ярих нь зүйтэй бөгөөд Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны төлөөлөгчид удахгүй нэмэлт протоколтой холбоотой асуудлаар манайд ирж уулзах аж.
ХЭҮК-ын асуудалтай холбоотойгоор байнгын хорооны гишүүд хугацаат цэргийн албан хаагчдын дунд гардаг болон 7-р сарын 1-ий үйл явдлын үеэр гарсан хүний эрхийн зөрчлүүдийн талаар хөндөн ярилцсан бөгөөд саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж тэнд очсон шигээ хүүхдийн асуудал дээр ч ийм хурд, далайцтай ажиллах хэрэгтэй байна гэж гишүүд хэлж байлаа. Тийм ч учраас дээрх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн санал оруулахдаа хоёр хүн нэмж томилох асуудал дээр нэлээд нухацтай хандаж, ХЭҮК эрх нь зөрчигдсөн хүмүүсийн хувьд жинхэнэ авралын од нь байхаар тийм чухал институци болон төлөвшихөд шаардлагатай жинхэнэ дагнан мэргэшсэн, сэтгэл зүтгэлтэй хүнийг УИХ-аас томилох нь зүйтэй гэдэг дээр санал нэг байв.
Энэ өдрийн хуралдаанаар мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ өдрийн хуралдаанаар бас "Албан тушаалтны хувийн ашиг, сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд хорооны дарга Д.Одбаярын саналаар төслийг гишүүд сайтар нягтлан хэлэлцэх шаардлагатай гэж үзэн уг асуудлыг боловсруулах ажлын хэсгийг бага зэрэг өргөтгөж дараагийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш