Бид ихэвчлэн эрдэмтдийн хэдийнээ бүтээсэн шилдэг бүтээлүүдийг дурддаг, тэгвэл ирээдүйд шинээр зохион бүтээх зүйлсийг яагаад жагсаан бичиж болохгүй гэж? Ингээд эрдэмтэн мэргэд ирээдүйд ямар шилдэг нээлт хийхээр зэхэж байгаа талаар сонирхуулья.
1. Устөрөгчөөр ажилладаг хөдөлгүүртэй автомашин
Хүн төрөлхтөн автомашин зохион бүтээснээс хойш өдөр тутмын амьдралаа машин тэрэггүйгээр төсөөлөх аргагүй болсон. Автомашины хөдөлгүүр устөрөгчөөр ажилладаг болно гэдэг нь утгагүй мэт сонсогдож байгаа боловч энэ зууны дунд үе гэхэд дотоод шаталтын хөдөлгүүр нь нэгэн цагт уурын зүтгүүр хуучирч байсантай адил үеэ өнгөрөөх гэнэ. Өдгөө цахилгаан хөдөлгүүртэй, мөн эрчим хүчний янз бүрийн үүсгэвэр бүхий хөдөлгүүртэй автомашин бүтээгээд байгаа билээ.
2. Автоматжуулалт
21 дүгээр зууны эцэс гэхэд таны гэр, автомашин, хөргөгч гээд бүх зүйл автоматаар ажилладаг болно. Бас томоохон үйлдвэр, заводууд, мөн нисэх хүчний салбар ч автоматчилагдах төлөвтэй байна. Хотын ногоон байгууламжийн усалгаанаас эхлээд автомашины хөдөлгөөнийг зохицуулах гээд бараг бүх ажлыг компьютерын тусламжтайгаар удирддаг болох гэнэ.
3. Эсрэг таталцал
Энэ нь бодит биш мэт сонсогдож байгаа боловч ойрын 70 жилийн хугацаанд зөвхөн нэг туйлт соронзон бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ. Техникийн хувьд авч үзвэл энэ нь дэлхийн таталцлын эсрэг үйлдэл үзүүлэх юм. Энэ бүхэн бодит явдал болох үед та зөвхөн явах чиглэл рүүгээ хандуулахад л таны автомашин соронзонгийн хүчээр хөдлөх гэнэ.
4. Хүнийг эсийн аргаар хувилан гаргана
Эсийн аргаар хувилах аргыг 20 дугаар зуунд хэдийнээ гарган авсан бөгөөд харин одоо улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Бид хонийг эсийн аргаар хувилан гаргаж чадсан болохоор хүнийг ч бас хувилж чадна. Мэдээж хэрэг үүнийг зугаагаа гаргахын тулд хийх нь тэнэг хэрэг. Харин эрхтэн шилжүүлэн суулгах эсвэл биеийнх нь аль нэг эрхтэн гэмтсэн тохиолдолд энэ нь тун ашигтай юм.
5. Нанотехнологи
Нанотехнологийн ачаар бид ДНК-гийн молекулуудыг, атомуудыг бас янз бүрийн бичил үйл явцуудыг удирдаж чаддаг болно. Харин хэрвээ бид нанотехнологийг маш өндөр түвшинд хөгжүүлж чадвал байгалийн үзэгдлийг ч удирдаж чаддаг болох гэнэ.
6. Хиймэл оюун ухаан
Таны өмнөөс бүх зүйлийг чинь хийдэг робот бүтээнэ гэдэг өөр хэрэг, харин түүнийг янз бүрийн нөхцөлд сэтгэн бодох чадвартай болгоно гэдэг бас нэг өөр хэрэг. Харин хиймэл оюун ухааны тусламжтайгаар роботуудыг аливаа зүйлд суралцах, ажлаа төлөвлөх, шийдвэр гаргах, харьцуулан бодох тэр ч бүү хэл төсөөлдөг болгох боломжтой гэнэ. Мэдээжээр хүний тархийг үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой, харин зөвхөн программчилсан оюун ухааныг ашиглана. Гэхдээ энэ нь шинжлэх ухаанд томоохон эргэлт гаргах болно.
7.Чөлөөт эрчим хүч
Өнөөдрийн байдлаар хамгийн ашигтай бүтээлүүдийн нэг бол нефть, байгалийн хий, нүүрс, нар гэх зэрэг янз бүрийн эх үүсвэрээс эрчим хүч гарган авах болсон явдал билээ. Харин энэ зуунд эрчим хүчийг хэд хэдэн эх үүсвэрээс нэгэн зэрэг гарган авдаг болно. Газрын дулаан, агаар, цөмийн эрчим хүч болон "цэвэр" нүүрсний энерги нь эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг хэсэг нь болох гэнэ. Мөн хүрээлэн буй орчныг бохирдуулдаггүй шавхагдашгүй эрчим хүчний эх булаг болох тэг хэлбэлзэлтэй энергийг гарган авах ажээ.
8. Телепортаци /зогсолтгүй шууд шилжилт/
Хүн төрөлхтөн онгоц бүтээснээрээ хөдөлгөөний хурдад бүхэл бүтэн хувьсал хийсэн билээ. Технологи өдрөөс өдөрт хөгжиж, улам боловсронгуй болж байдаг бөгөөд хүмүүс удахгүй ердөө 10-хан секундын дотор Лондоноос Токио хотод очдог болох гэнэ. Тэгэхээр бүхэл өдөржингөө дэлхийгээр зугаалан орой нь гэртээ харьж болох нь ээ.
9. Генийн инженерчлэл
Хүний ДНК-гийн кодыг удахгүй тайлна гэдгийг төсөөлөхөд хэцүү. Гэхдээ энэ зууны эцэс гэхэд ирээдүйд төрөх хүүхдийнхээ гадаад төрх, тэр ч бүү оюун ухааны чадавхийг урьдаас мэддэг болох гэнэ. Түүнчлэн тухайн хүнд удамшсан генийн гажуудлыг засч чаддаг болно. Энэ арга нь зөвхөн хүний төдийгүй амьтны үр хөврөлийг хувилган өөрчлөх юм.
10. Робот
Өдгөө автомат тогтолцоо эсвэл янз бүрийн роботууд газар сайгүй байгаа. Харин 21 дүгээр зууны эцсээр нохой салхилуулдаг, таныг ажил дээрээ байх үед гэрийг тань манах гэх зэрэг гэр орны бүх ажлыг гүйцэлдүүлж чадахаар программчлагдсан роботуудыг бүтээх гэнэ. Мөн тэдгээрийг минажуулсан талбайг цэвэрлэх гэх мэт ажиллагаанд ашиглана.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"