logo
Энэтхэг улс алсын тусгалын пуужин туршлаа

Энэтхэг улс алсын тусгалын пуужин туршлаа

2012/04/20
Энэтхэгийн зэвсэгт хүчин алсын тусгалын пуужин туршсан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээллээ. Энэтхэгийн тал ч уг мэдээллийг баталж, туршилт амжилттай болсон талаар мэдээлсэн байна. Пуужинг нутгийн зүүн хэсгийн Орисса мужийн хөөргөх талбайгаас хөөргөжээ. Энэтхэг улсын хувьд Пакистан болон Хятад зэрэг сөргөлдөгч улсуудтай хиллэдэг. Тиймээс аюулгүй байдлаа хамгаалах үүднээс АНУ болон ОХУ цэрэг зэвсгийн тал дээр илүү ойр нягт ажиллаж, Хятад болон Пакистаныг “хайрцаглах” гадаад бодлого явуулдаг. Энэтхэгийн албаны хүний мэдэгдэж байгаагаар пуужин 5 мянган километр буюу хамгийн хол тусгалтайд тооцогдож байгаа. Уг пуужин Бээжин, Исламад болон Европ тивд ч түвэггүй хүрэх чадвартай юм байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Энэтхэг дэлхийн цөмийн цэнэгт баллистик пуужинтай орнуудын клубт нэгдэн орохоор чармайж байгаа аж. Одоогоор Хятад улс уг үйлдэлд хариу үзүүлээгүй байна. Харин Пакистан улс Энэтхэг пуужин туршсанд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Энэтхэг улс одоог болтол нутгийн хойд хэсгийн Кашмирын газар нутгийн асуудлаар Пакистантай маргаантай байдаг. Тиймээс Пакистаныг ганцаардуулахын тулд Афганистантай илүү ойр, тэднийг дэмжсэн бодлого явуулдаг юм. Харин Хятадыг хайрцаглахын тулд Дундад улсыг тойрон хүрээлэн оршдог зүүн өмнөд Азийн улсууд болон Тайвань, Монгол, Япон зэрэг улсуудтай илүү ойрын тэднийг дэмжсэн бодлого явуулдаг юм. Энэтхэг, Хятад 2 гүрэн 1960-аад онд газар нутгийн маргаанаас болж дайтаж байсан. Тиймээс 2 улс аюулгүй байдал, батлан хамгаалах салбартаа их хөрөнгө зарж битүүхэндээ өрсөлддөг. 2 улсын хилийн мөргөлдөөнөөс хойш Хятад Пакистан улсууд ойрын холбоотон болсон юм. Умард Солонгос хэд хоногийн өмнө их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойгоор пуужин хөөргөсөн боловч бүтэлгүйтсэний дараа Энэтхэг пуужин туршсан нь дэлхийн нийтийн анхаарал татаад байгаа юм.             
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш