logo
Америкчууд хогоороо уул босгож байна

Америкчууд хогоороо уул босгож байна

2012/04/20
Калифорни мужийн Лос Анжелес хотын хогийн цэг хогоор дүүрчээ. “Гарболожи” төслийн ажилтнууд сүүлийн жилд хуримтлагдсан хогийг булж байна. Гэхдээ тэд хөрсний усыг бохирдуулахгүйн тул хогийг овоолж, дээрээс нь шороо хөрс асган мод өвс ургамал тарьж байна. Өөрөөр хэлбэл хүний гараар бүтсэн уул босгож байна. Хогон уул зарим хэсгээрээ Лос Анжелесийн тэнгэр багандсан барилгуудтай тэнцэхээр өндөр болжээ. Америкчууд хэдийгээр хогийг дахин боловсруулан ашигладаг ч 100 хувь ашиглах боломжгүй тул зарим хог яалт ч үгүй хаягддаг байна. Хогонд дахин ашиглаж болохоор буйдан, матрас, муудаагүй байгаа хоол хүнсний бүтээгдэхүүн ч байна. Төслийн ахлагчийн ярьж байгаагаар Америкчууд өдөрт 3.5 кг хог хаядаг. Амьдралынхаа турш 100 орчим тонн хог хаядаг байна. 2010 онд нийт америкчууд 250 сая орчим тонн хог үүсгэжээ. Энэ нь 1960-аад оныг бодвол 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл хүн ам өссөн, хүний хэрэглээ өссөн. Хүмүүс нэг удаагийн  бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг болсон нь хог нэмэгдэх шалтгаан болж байна. Тиймээс хүмүүс эд зүйлээ гамтай хэрэглэж, аль болох удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн авч хэрэглэх нь хог нэмэгдэхгүй байхад сайнаар нөлөөлнө гэж зөвлөж байна. Харин Сан Франциско хотынхон хогтойгоо тэмцэхийн тулд зарим хогоор урлагийн бүтээл хийж байна. Тэд хүмүүсийн хаясан хогоор төмөр эдлэл хийх, шил шаазангаар урам бүтээл хийн тусгай цэцэрлэгт хүрээлэнд байрлуулж байна. Уран бүтээлчид  хогийн цэгт дуртай цагтаа нэвтэрч уран бүтээл хийх түүхий эд авна. Дараа нь тусгай студид очин нунтаглаж эвдэж тасдаж, жижиглээд чихмэл тоглоом, ширээ сандал гээд янз бүрийн уран бүтээл хийнэ. Дэмий хаягдаж хөглөрч байхаар хэн нэгний уран бүтээл болоод цэцэрлэгт хүрээлэнд байж байвал харахад цэвэр, мөн хүнд таашаал өгнө.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш