АТГ-аас өмгөөлөгч О.Баасанхүүгийн өмгөөлөх эрхийг нь хаажээ. Иймд О.Баасанхүү өмгөөлөгч эрхээ хамгаалах үүднээс хэвлэл мэдээллийнхэнд хандсан юм.
-АТГ-aac ямар учраас таны өмгөөлөх эрхийг түдгэлзүүлэх гэж байгаа юм бэ?
-Намайг дуудаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэвээр үргэлжлүүлэхэд саад болж байгаа учраас байцаан шийтгэх ажиллагаанд оролцохгүй болохыг мэдэгдье гэсэн. Би Э.Амарбат даргад «Та нэгэнт ийм үйлдэл хийж байгаа бол албан ёсоор бичгээр мэдэгдэх ёстой» гэж хэлсэн. Энэ бол өмгөөллийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хэн ч оролцохгүй гэсэн үндсэн зарчмыг зөрчлөө гэж би үзэж байна.
-Энэ талаар Монголын Өмгөөлөгчдийн холбоонд мэдэгдсэн үү?
-Би Өмгөөлөгчдийн холбоонд албан ёсоор гомдол, саналаа илэрхийлээгүй байна. Учир нь аливаа үйлдлийг баримтжуулахын тулд бичгээр хариу авах ёстой. Гэвч одоогоор надад албан ёсоор байр сууриа илэрхийлсэн хариу өгөөгүй байна. Энэ талаар лавласан чинь «Та хүсэлтээ бичгээр өг» гэж байна. Би ямар учраас хүсэлт гаргахаа ойлгохгүй байна. Учир нь өмгөөллийн үйл ажиллагаа хэвийн болж байхад саад учруулчихаад, энэ үйлдлээ тодорхойл гэхэд намайг хүсэлтээ ирүүл гэж байна. Үүнийг утгагүй үйлдэл гэж үзэж байгаа. Ер нь өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ гэрээ байгуулсан тохиолдолд асуудалд оролцдог. Тэр тусмаа Өмгөөлөгчдийн холбооноос томилолт өгсөн бол мөрдөн байцаагч зөвшөөрсөн, эс зөвшөөрснөөс үл хамаараад тухайн байгууллагад нэвтрэх эрхтэй.
-Н.Энхбаяраас байцаалт авч эхэлсэн үү?
-Ямар ч байцаалт авч эхлээгүй байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтнээр татсан тохиолдолд тэр тогтоолоо 48 цагийн дотор мэдэгдэх ёстой. Гэтэл сэжигтнээр татсан тогтоолоо одоог хүртэл танилцуулаагүй. Ямар нэгэн баривчлах үйл ажиллагаа нь сэжигтнээр татсан үеэс эхэлдэг. Албадан баривчилгааны хугацаа дуусах дөхөж байна. Энэ хугацаанд ямар нэгэн байцаах үйл ажиллагаа болохгүй хорьж байна гэж үзэж байгаа. Тийм учраас энэ хүнийг заавал суллах ёстой.
-Өмгөөлөгчийн эрхийг тань түдгэлзүүлсэн учраас цаашид ажиллах боломжгүй гэсэн үг үү?
-Ер нь ажиллах эрхийг түдгэлзүүлснээс хойш элдвийн дарамт, шахалт ирэх болсон. Үүнээс болж үйлчлүүлэгчтэйгээ цаашид харьцахад хүндрэлтэй болж байна. Угаасаа АТГ-ын энэ үйлдэл хуулиас гадуур гэдгийг хүн бүр мэдэж байгаа.
Р.Саруултөгс
Эх сурвалж: "Өглөөний сонин"