logo
Монгол оюутнууд хар тамхи хэрэглэсэн хэрэгт гүтгэгдсэн байж болзошгүй

Монгол оюутнууд хар тамхи хэрэглэсэн хэрэгт гүтгэгдсэн байж болзошгүй

2012/04/20

Энэ сарын 10-ны өдөр ОХУ-ын Екатринбург хотод суралцдаг монгол оюутнууд хар тамхины хэрэгт холбогджээ. Тэднийг нэгэн цайны газар пиво уугаад сууж байхад нь цагдаа нар баривчилжээ. Энэ талаар ОХУ-ын http://fedpress.ru сайтад бичсэн байна. Улмаар оюутнуудыг шалгаж, биеэс нь хар тамхи илрүүлсэн хэмээжээ. Монгол оюутнууд цагдаа нарын уг үйлдлийг эсэргүүцэж, дахин шалгуулах хүсэлт тавьсан байна. Харин тэр дариуд шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн бөгөөд манай оюутнуудаас хар тамхи хэрэглэсэн гэх шинж тэмдэг илрээгүй аж. Эх сурвалжийн мэдээлснээр "МДМ" төрлийн хар тамхи хэрэглэсэн болохыг анхны шинжилгээгээр тогтоосон гэнэ.

Харин хоёр дахь удаагийн наркологиин шинжилгээны хариу тэднийг хар тамхи огт хэрэглээгүй хэмээн нотолжээ. Гэвч цагдаа нар хоёр хоногийн дараа сургуулийнх нь удирдлагуудтай уулзаж, оюутнуудыг байцаалтад дуудсан байна. Ингээд байцаалтын явцад протокольд монгол оюутнууд ял шийтгэл эдлүүлэх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн гарын үсгээ зуржээ.

Тэдгээр оюутны сургуулийн захиргаа энэ асуудлыг нэг тийш шийдүүлэхээр орон нутгийн прокурорын газар эрүү үүсгэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр манай оюутнуудыг тус улсын шүүх байгууллага саатуулсан бөгөөд хоёр дахь шинжилгээний хариуг үл харгалзан цаашид яллах дүгнэлт үйлдэж таслан сэргийлэхэд ч ойрхон байгаа гэнэ.

Манай монгол оюутнуудыг өмгөөлж буй Татьяне Мерзляковой гэх эмэгтэй тэднийг гэм буруугүй болохыг тогтоохоор шаргуу ажиллаж байгаа гэнэ. Ямартай ч хар тамхи татсан гэж гүтгэгдэж байж болзошгүй манай оюутнууд сургуульдаа нэр хүндтэй, дээд боловсролтой, нийгмийн идэвх сайтай, сургуулийнхаа урлаг, соёлын арга хэмжээнд тогтмол оролцдог, спортоор хичээллэдэг, уралдаан тэмцээнд тогтмол оролцдог гэдгийг сургуулийн удирдлагууд мэдэгдсэн байна.

Баривчлагдсан оюутнуудын найз нөхөд, ангийнхан нь хэлэхдээ "Бид тэднийг хар тамхи хэрэглэсэн гэдэгт итгэхгүй байна. Өдийг хүртэл хамт сурахдаа хар тамхи хэрэглэж байгааг нь гадарлах ёстой шүү дээ" хэмээн найзууд нь өмгөөлж байна. Цагдаа нар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар хийсэнгүй. Гэм буруутай нь нотлогдоогүй байхад манай улсын оюутнуудыг тус улсын цагдаа, шүүх хар тамхинд донтогчид гэж нэрлэн, суралцах эрхэнд нь халдаж, улмаар ОХУ-аас хөөн гаргаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Т.Батсугар
Эх сурвалж: "Нийгмийн толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш