Шүүх цагдаагийн экс дарга нарт ял өгөхөөр улайрч байна
-Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал тав дахь удаа хойшилж байна. Хойшлоод байгаа шалтгааныг та бүхэн юу гэж үзэж байна вэ?
-Хойшилж байгаа гол шалтгаан нь өмгөөлөгчид хуралд оролцох бүрэн боломж байхгүйтэй холбоотой юм.
-Ямар учраас өмгөөлөгчид хуралд оролцох боломжгүй гэж?
-Шүүгдэгчдийг өмгөөлөгчөө сонгох эрхээр нь хангаж өгөхгүй байна. Өмгөөлж байсан өмгөөлөгч нарыг нь барьж хорьчихоод хэдэн хүний нэр өгөөд сонго гээд байгаа. Ийм юм байж болохгүй биз дээ. Ийм хуулийн тогтолцоо байхгүй.
-Томилогдсон гээд байгаа өмгөөлөгч нар яагаад өнөөдрийн шүүх хуралд ирсэнгүй вэ?
-Одоогоос гурав хоногийн өмнө буюу 16-ны өдөр шүүх хурал хойшлоод өнөөдөр болохоор товлогдсон. Гэтэл гуравхан хоногийн өмнө хэргээ хүлээж авсан хүмүүс яаж хэрэгтэйгээ танилцаж амжих юм. Тооцоолж үзэхэд нэг хуудсыг 22 секундэд унших шаардлагатай болоод байгаа юм. Уран уншигч л биш юм бол яаж хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжих вэ дээ.
-Шүүх хурал удаа дараа хойшилж байна. Хурлыг хүчингүй болгох нөхцөл байдаг юм уу?
-Тийм юм байхгүй. Хойшилж байгаа ч гэсэн энэ шүүх хурал хэзээ нэгэн цагт болно. Хамгийн гол нь шүүх хурал болох ёстой дэгээрээ л болох хэрэгтэй. Хууль зөрчигдвөл хүний эрх зөрчигдөнө гэсэн үг.
-Ч.Амарболдын биеийн байдал тааруу байгаа гэсэн. Энэ талаар хүсэлт тавьсан юм уу?
-Ч.Амарболдын биеийн байдал маш муу байгаа. Холбогдох газарт нь хүсэлт гаргасан боловч ямар нэгэн арга хэмжээ авч, хариу мэдэгдсэн зүйл одоогоор байхгүй байна.
-Шүүхийг хэт нэг талыг барьж байна хэлэх гээд байна уу?
-Угаасаа л ойлгомжтой шүү дээ. Шүүх хэтэрхий нэг талыг барьж байна. Өмгөөлөгч нарыг нь хүртэл бариад хорьчихлоо. Биеийн байдал нь муу байгаа хүнийг эмчилгээ хийлгүйгээр хорьж байна. Мөн өмгөөлөгч нарыг томилж болохгүй. Шүүгдэгчдэд ямар нэгэн аргаар ял оноочихъё гэсэн байр суурьтай байгаа нь нийгэмд тодорхой харагдаж байгаа. Шүүгдэгчдэд томилсон өмгөөлөгч авахаар субъект биш. Өмгөөлөгч нарыг томилох хоёр тохиолдол байдаг. Төлбөрийн чадваргүй болон сэтгэцийн өвчтэй хүнд өмгөөлөгч томилно гэсэн хоёр аргачлал бий.
Гэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу өмгөөлөгч нарыг томилсон шүү дээ?
-Шүүхийн шийдвэрээр томилсон эсэхийг би сайн мэдэхгүй юм. Хэрэв шүүхийн шийдвэрийн дагуу томилсон бол энэ хамгийн буруу зүйл. Ийм зүйл байж болохгүй, хууль зөрчиж байгаа үйлдэл гэж хэлмээр байна.
Ч.Бямбадулам
Эх сурвалж: "Өглөөний сонин"