logo
Эрх мэдэл рүү мөнгөөр далайлган тэмүүлэх Ц.Анандбазар

Эрх мэдэл рүү мөнгөөр далайлган тэмүүлэх Ц.Анандбазар

2012/04/20
Мөнгөтэй л бол улс төр, эрх мэдлийн өндөрлөгт хүрч болно гэж боддог хүмүүс энэ цаг үед олон болжээ.Ийм байдлыг эрх баригч намууд улам өөгшүүлдэг нь харамсалтай. Эрх баригч намууд УИХ-д өрсөлдөх “виз” гишүүддээ өгөхийн тулд намдаа 50, 100 сая төгрөг авах болсон нь нууц биш болжээ. Энэ тохиолдолд мэдлэг боловсрол өндөртэй, эд хөрөнгийн сонирхол багатай, ажлын туршлага арвинтай ч байлаа ч дээрх мөнгийг намдаа өгч чадахгүй бол УИХ-ын гишүүн болно гэж бодсоны ч гарз. Тийм болохоор сүүлийн хэдэн сонгуулиар Монголын парламент мэдлэг боловсрол дульхан ч хөрөнгө мөнгөтэй, хувьдаа пүүс компанитай хүмүүсээр дүүрэх болжээ. Тэд нэгэнт 50, 100 саяыг өгч, намаас нэр дэвшин ард түмний дэмжлэгийг авч гишүүн болчих юм бол зарлагадсан мөнгөө яаж “хэд нугалж олж болох вэ” гэж сэтгэнэ. Ер нь тэгээд бизнесмен хүн улс төрөөс зөвхөн “хувийн ашиг хонжоо” хардаг гэдгийг сүүлийн хэдэн жил Монголчууд бид хангалттай ойлголоо.
Ийм бизнесмен хүмүүсийн нэг бол “Сод монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар гэх эрхэм. Энэ хүн 2008 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшин СХД-ээс өрсөлдөж НИТХ-ын төлөөлөгч болж байжээ. Харин одоо УИХ-д өрсөлдөхөөр сэтгэл шулуудсан сурагтай. Түүнийг 4 жил СХД-ийн иргэдийн дуу хоолойг нийслэлд олигтой төлөөлж чадаагүй байж, яаж төрийн эрх барих дээд байгууллагад Монголын ард түмний төлөөлөл болж ажиллаж чадах вэ гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Тэгээд ч НИТХ-ын төлөөлөгчөөр 4 жил ажиллахдаа нийслэлийн иргэдийн төлөө биш, хувийнхаа хөрөнгийг зузаатгахын төлөө “ханцуй шамлан сайн ажилласан” гэж хэлэх нэг нь ч байна.
Тухайлбал, “Өргөө” кино театрыг эрх мэдэлдээ дулдуйдан худалдаж авсан, энхрий хайрт намынхаа дуу хоолой болж, МАН-ын эсрэг чиглэсэн ухуулгын агуулгатай хэмээн “Бурхан өршөөг” монголын уран сайхны киног “Өргөө” кино театрт гарахыг нь хориглосон, “Өргөө” кино театрынхаа салбарыг Мэдээлэл технологийн үндэсний паркад хийх нэрийдлээр олон нийтийн хурал, үзэсгэлэн болох боломжгүй болгосон, СХД-ийн ТҮК-ийг “удирдах” болсноос болж тус дүүргийг нийслэлийн хамгийн их хогтой дүүрэг болгож “алдаршуулсан”, бензин шахатууны үнийг огцом нэмэх хуйвалдаанд оролцсон зэргийг нэрлэж болно. Дашрамд хэлэхэд мэдээлэл технологийн паркийг кино театр болгох гэж Ц.Анандбазарын улайран зүтгэсний гол шалтгаан нь Их сургуулиудын дунд эл кино театрыг нээснээр оюутнуудыг хичээл номдоо шамдахаас нь хөндийрүүлж, 70.0 мянган төгрөгөөс нь орлогоо нэмэгдүүлэх гэсэн башир арга гэж учир мэдэх хүмүүс хэлж байна билээ.
Ц.Анандбазар хөдөөгийн иргэд мэдээлэл багатай гэж бодсон бололтой, Дорноговь аймгаас УИХ-д нэр дэвшихээр шийджээ. Дорноговьчууд сүүлийн үед Ц.Анандбазарын “бэлгэнд” даруулах болжээ. Тэрээр Нефть боловсруулах үйлдвэр Дорноговь аймагт барина гээд, энэ шийдвэрээ Засгийн газар, гадны хэд хэдэн компани, банкаар зөвшөөрүүлсэн ч гэх шиг ярьж явна гэнэ. Хөдөөгийнхнийг ингэж “хошгируулж” болно гэж бодсон юм байх даа. Үнэндээ нефть боловсруулах үйлдвэр хаана барихыг Засгийн газар, Ц.Анандбазар хоёр мэддэг ч юм биш, УИХ л эцэслэн шийдвэрлэдэг байлтай. Эсвэл мань хүн УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг нь мөнгөөр худалдаж аваад шийдвэр гаргуулна гэж бодсон юм болов уу. Тэгээд ч гадны компани, банкууд Ц.Анандбазарын үгэнд орж хөрөнгөө өгч байдаг юм гэж хаа байхав.
Саяхан тэрээр Дорноговь аймагт очихдоо “их л бэлтэй” загнаж, иргэдэд гурил будаа тараан, сумдын багийн эмч нарт мотоцикл бэлэглэсэн тухай мэдээллийн хэрэгслүүдэд бичигджээ. Хэрэв энэ үнэн бол мань хүн сонгуулийн хуулийг ноцтой зөрчжээ. Тус аймагт УИХ-д өрсөлдөх АН-ын нэр дэвшигчид, энэ хэргийг нь баримтжуулаад СЕХ-д өгөх хэрэгтэй. Сонгуулийн хуулинд ийм тохиолдолд торгох, нэр дэвшигчийн нэрийг буцаан татах, УИХ-ын гишүүнээр сонгогдон түр үнэмлэх авсан байсан ч нэрийг хүчингүй болгох тухай заалт байгааг мань хүн анзаараагүй юмуу, эсвэл СЕХ-ыг мөнгөөр аргалчихна гэж бодож байгаа юм болов уу бүү мэд.
Авилгатай тэмцэх газар энэ мэтийн мөнгөөр түрий барьж асуудлыг шийдэхийг эрмэлздэг “архаг авилгачид”-ыг шалгах хэрэгтэй. Тэдэнд төр “төмөр нүүрээ” харуулж УИХ-ын зөөлөн суудал биш, байх ёстой байранд нь суулгах хэрэгтэй. Тэд ямарч үнээр хамаагүй УИХ-ын гишүүн болохыг эрмэлзэж байгаа нь цаана л учиртай.
Монгол төр Ц.Анандбазар мэтийн “мөнгөөр түрий баригчдаар” дутах дээрээ тулаагүй байна. Өмнөх сонгуулиар Увс аймагт яг Ц.Анандбазар шиг баруун солгойгүй мөнгөө тараагаад байсан эрхэм сонгогчдын итгэлийг өвөртлөн УИХ-ын гишүүн болсон ч тойргийн сонгогчдын төлөө биш, өөрийнхөө төлөө 4 жил ажиллаж хувийнхээ бизнесийг зутаатгасан гэдгийг бид мартах учиргүй.
Одоо сонгогч бидэнд мөнгөтэй биш мэдлэгтэй, бодолтой, чадвартай, сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш