logo
Таван хуруутай  “эртний адуу”  Монголын говиос олджээ

Таван хуруутай “эртний адуу” Монголын говиос олджээ

2011/06/15
Монголын говиос маш эртний нэгэн зүйл амьтны яс олдсоныг эрдэмтэд шинжлэн судлаад адууны өвөг болохыг тогтоогоод байна.
Мезонхид-кондилатор хэмээн нэрлэгдсэн уг олдвор нь 40 сая жилийн өмнөх үед хамаарагдах бөгөөд хамгийн гайхалтай нь нэн эртний энэхүү адуу хөлдөө таван хуруутай байжээ. Гурав, дөрвөн хуруутай өвөг адууны араг яс Европоос өмнө нь олдсон боловч таван сарвуутай нь илрээгүй байсан юм байна. Тиймээс орчин үеийн дээд хөгжилт сүүн тэжээлт амьтан төв Ази, тухайлбал Монголын  говьд анх бий болоод дөрвөн хуруутай болж тав дахь хуруугаа эх нутагтаа гээгээд тархжээ гэсэн дүгнэлтийг Америкийн эрдэмтэн Г. Ф. Осборн дэвшүүлсэн байна.
Эдгээр судалгаанд үндэслэн Төв азийн өндөрлөг хэсэгт хөлийн сарвуундаа таван хуруутай нэн эртний адууны өвөг “адуухан” үүсэж бий болоод ертөнцийн зүг бүр тийш тархан нүүдэллэсэн, тав дахь хурууны үлдэгдэл нь зөвхөн Монгол адууны дөрвөн мөчинд тодоор илэрдэг “эмгэн туурай” болох таамаглалыг судлаачид дэвшүүлсэн байдаг ажээ.
Монгол адууны генофонд, тархалтыг судалж, богино махлаг хүзүүтэй, бүдүүн гэдэстэй, бахим хөлтэй, том толгойтой, сахлаг үстэй Монгол хэв шинжийн адуу Сибирийг нэвтэлж, Скандинавын зүгт тархаж вятка, жмудка болон сибирийн адуунд, дорнод Европ тийш тарапан, дунд бага Ази уруу казах, киргиз, туркмен адуунд, тухайлбал ахал-тэх, араб үүлдэрт, зүүн хойд зүгт тундрын якут цагаан адуунд, зүүн өмнө зүгт Солонгосын Чэжу арлын “жоран мали” хэмээх адуунд, Энэтхэг-Хятадын хойг, Малайзын адуунд хүртэл цусаа шингээсэн гэж үзжээ. Орчин үеийн адууны зэрлэг уг удам нь манайд одоогийн үе хүртэл амьдарч байгаа Монголын тахь гэж үздэг билээ. Хойт Америкаас 650-иад мянган жилийн тэртээ үеийн адууны чулуужсан яс олдсон нь Азиас очсон адууных болохыг тогтоожээ.

Г.Бүрэн
www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш