logo

"Үр зулбуулдаг, элэг гэмтээдэг бүртгэлгүй эм зарагдсаар байна

2012/04/23

“Миний бөөр, нуруу, зүрх өвдөөд. Найз маань их сайн эмний тухай ярьсан. Тэр эмийг л олж уухаас” гэсэн яриа олон сонссон. Монголчууд бид ямар нэгэн өвчин туссан үедээ эмчид хандахаасаа илүүтэй хэн нэгэн найз, дотны хүнээсээ зөвлөгөө авч дурын эмийн санд очин сайн гэсэн эмийг авч хэрэглэх нь элбэг.

Аз таарч нөгөө эм нь өвчнийг нь анагаачихвал ч болж л байна. Гэтэл зарим тохиолдолд харин ч эсрэгээрээ. Өвчнийг нь сэдрээж, бүр муу үр дагавар үзүүлж тэрнээсээ эсэн юм болох нь цөөнгүй. Мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахгүй хүн олон болсон энэ үед борооны дараах мөөг шиг олширсон эмийн сангаас насанд хүрээгүй хүүхэд ч дуртай эмээ худалдаж аваад ууж болно. Эм худалдан авч байгаа хүмүүс "Өдөрт хэдэн удаа уух вэ" гэсэн ганц л асуултыг асуудаг болохоос яаж хадгалах, хэд хоног ууж болох, харшил өгөх, элэг, ходоод муутай хүнд хэрхэн нөлөөлөх, уламжлалт эмчилгээний үед хавсарсан байдлаар хэрэглэж болох эсэх гээд тухайн эмийнхээ талаар бүрэн мэдээлэл авах нь тун ч ховор.

Эмийн санчид ч тухайн эмнийхээ талаар өвчтөнд бүрэн мэдээлэл өгч, эмчээс зөвлөгөө авсан эсэхийг асууна гэвэл үлгэр. Монголчууд бидний ханиад хүрч халуурсан үедээ өргөн хэрэглэдэг парацетамол гэхэд минигрипп, миксагрипп, миксафлу, тиленол, ринколд зэрэг 20 гаруй эмний агууламжид байдаг.

Гэтэл бид эдгээр эмийг давхар парацетамолтой хамт уух нь элбэг. Ингэснээр хүний элгэнд маш муу нөлөө үзүүлдэг талаар эмч нар хэлж байна. Зөвхөн наад захын жишээ дурьдахад ийм байна. Цаана нь ижил үйлчилгээтэй хэдэн зуун эм байдгийг бид тэр бүр мэддэггүй болохоор давхарлан хэрэглэж нэг өвчнөөр нөгөөг өөртөө худалдан авч байна гэсэн үг.

Ханиадны эм ч наад захын асуудалд болсон цаг болжээ. Учир нь үр зулбуулдаг эм ширхэгийн чихэр шиг худалдаалагдаж байна. Үргүй болох, цаашлаад амиа ч алдаж болохуйц муу үр дагавартай орон орны үр зулбуулдаг эм зах, худалдааны төв, зарим эмэгтэйчүүдийн эмнэлэг зэргээр нууцаар худалдаалагддаг тухай хүмүүс ярьдаг. Үнэ нь хамаагүй хямд байдаг болохоор насанд хүрээгүй охид худалдан авч дур мэдэг хэрэглэчихээд цус алдаж үхэхийн даваан дээр эмчид ханддаг байна.

Энэ талаар Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн З.Зузаанаас тодруулахад "Хятад улсад үйлдвэрлэгдсэн мезопростол гээд зулбуулах эм бүртгэлтэй байдаг. Энэ эм нь албан ёсны үйлдвэрлэгч компаниас ирүүлсэн лабораторийн шинжилгээ үйлдвэрлэгчийн бүрдүүлсэн бичиг баримт, материал дээр үндэслэн ямар нэгэн асуудалгүйгээр нийлүүлэгддэг. Үүнээс өөр бүртгэлтэй үр зулбуулах эм байхгүй" гэлээ.

Тэгэхээр огт бүртгэлгүй хэдэн арван эм ямар ч хяналтгүй иргэдийн гар дээрээс худалдагдаж байна гэсэн үг. Хүмүүс ядаж л нэрийг нь мэдэхгүй хүнээс эмээ худалдан авдаг болохоор эргээд буух эзэнгүй, хариуцлага ногдуулах боломжгүй болдог. Ингээд л өөрийнхөө эрүүл мэнд, амь насаараа хохироод үлдэж байна.

Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн З.Зузаан "Эмийг эмийн бүртгэлээс хасдаг нэгэн шалтгаан нь тухайн эмээс ноцтой ямар нэгэн зүйл илэрч олон хүний амь насанд хүрсэн, тахир дутуу болгосон гэх зэрэг гаж нөлөө үзүүлсэн тохиолдолд хасдаг. Түүнчлэн ард иргэдийн гомдол, санал мэргэжлийн эмч нарын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газраас хасах хүсэлт гаргавал хасч болдог. Гэхдээ манайд харамсалтай нь Мэргэжлийн хяналтын газар болон эмнэлгүүдээс эм хасах талаар ямар нэгэн санал ирдэггүй. Эмч нар нөгөө л бичиж сурсан эмээ бичээд өгчихдөг. Гэтэл тэр нь зөвшөөрөлгүй эмийн бүртгэлээс хасагдсан эм байдаг" хэмээн ярьж байсан.

Тэгэхээр бид л өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж ууж байгаа эмийнхээ талаар бүрэн мэдээлэл авч байж хэрэглэхгүй бол нэг өвчнөө эдгээр гэсэн биш нэлээд хэдэн өвчин худалдаж авсаар байх нь.

ИРГЭД ЭМИЙН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨ АВЧ ЧАДДАГГҮЙ

Эмийн хэрэглээ болон бүртгэлгүй эмийн талаар "Гандир" эмийн сангийн эм зүйч Т.Дэлгэрмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүмүүс эм худалдан авахдаа тухайн эмийн талаар бүрэн мэдээлэл авдаг уу?
-Тэр бүр аваад байдаггүй. Ер нь ихэнхдээ худалдан авах гэж байгаа эмнийхээ нэрийг ч бүтэн мэдэхгүй байдаг. Тиймээс эмийн санчид маш сайн зөвлөгөө өгөх шаардлагатай болдог.

-Эмийн бүртгэлээс хасагдсан эм эмийн сангуудаар зарагддаг гэх юм?
-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Ер нь эмийн сангуудад Мэргэжлийн хяналтын шалгалт ирдэг болохоор тийм боломжгүй. Харин гадуур иргэдийн гар дээрээс бүртгэлгүй, олон улсад хэрэглэгдэхгүй болсон эмүүд хямд үнээр борлуулагддаг гэж сонссон юм байна.

-Танайх эмээ өөрсдөө оруулж ирдэг үү?
-Үгүй ээ. Жижиг эмийн сангууд Эм ханган нийлүүлэх компаниудаас эмээ авдаг. Тиймээс ямар ч бичиг баримтгүй, улсын бүртгэлд ороогүй эм авах боломжгүй.

-Үр зулбуулдаг эмийг эмийн сангаар худалдаалдаг уу?
-Манайд тийм эм байхгүй.

-Хүмүүс эмийн санд 20-45 мянгын хооронд үнэтэй зулбуулдаг эм зарагддаг гэж ярьж байсан?
-Бусад эмийн санд зардаг байж магадгүй. Манайд бол байхгүй. Ер нь ийм төрлийн эмийг эмийн сангууд чөлөөтэй зарна гэж байхгүй болов уу.

Э.Майцэцэг
Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш