logo
Д.Сандаг-Очир: Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа буруутай гэж үзвэл би огцроход бэлэн

Д.Сандаг-Очир: Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа буруутай гэж үзвэл би огцроход бэлэн

2012/04/24
Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очиртой цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
 
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг саатуулж, баривчлахдаа  цагдаагийн ажилтнуудыг олноор оролцуулсан нь олны анхаарлыг татсан сүржин ажиллагаа болсон гэдэг шүүмжлэлийг дагуулж байна. Нэг хүнийг баривчлахын тулд ийм олон цагдааг оролцуулах шаардлага байсан юм уу?
-Гаднаас нь харахад цагдаагийн олон албахаагчийнхүчээр хийгдсэн таны асууж байгаа шиг сүржин гэмээр ажиллагаа болсон байж болох юм. Тухайн үед АТГ-ын эрх бүхий ажилтнууд шүүхээс гаргасан сэжигтнийг цагдан хорих шийдвэрийг биелүүлэх зорилгоор баривчлах ажиллагаа явуулах үед өмнөөс нь буу гаргаж, буудахыг завдсан үйлдэл гарсанаар АТГ-ын алба хаагчдын ажиллагаа саатсан. Гэгээн цагаан өдрөөр хамгаалалтын ажилтанг буу сумлахад  хүргэж байгаа нь Монгол Улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд байж болохгүй асуудал.
 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар цагдаагийн байгууллагад хүлээлгэсэн үүргийн дагуу “Цагдаагийн байгууллага сэжигтэнг албадан ирүүлэхийг даалгасаныг хэрэгжүүлэх” тогтоол ирүүлсэний дагуу нэмэгдэл хүч гаргасан боловч, хүндрэлтэй байдал үүссэнийг  2012 оны 04 дүгээр сарын 12-ны орой хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан болохоор иргэд олон нийт санаж  байгаа байх. Тухайн үед сэжигтэн Н.Энхбаяр нь АТГ-ын алба хаагчдаас зугтааж орсон байрны гадна 200 орчим хүн цугларсан, дотор нь төрийн болон хувийн хамгаалалтын албаны ажилтнууд, УИХ-ын зарим гишүүн, МАХН-ын удирдлагууд байгаа тухай мэдээлэл ирсэн. Цагдаагийн алба хаагчдын хувьд нийгмийн хэв журам сахиулах, иргэдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой алба хаагчдыг хүч нэмэгдүүлж оролцуулсан.
-Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг орон даяар шууд дамжуулсан. Ганц хүнийг баривчлахад цагдаагийнхан тийм олноороо очих болсон нь ямар учиртай юм бэ?
-2012 оны 04 дүгээр сарын 12-ны 20.10 цагт Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орших Удирдлагын академийн хашаан дотор Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэртээ ирэх үед буутай залуус үймэлдэж, машиных нь цонхыг хагалсан байна гэдэг мэдээлэл ирсэн байсан. Ирсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн уг газар шуурхай очсон. Авлигатай тэмцэх газрын алба хаагчид шүүхийн шийдвэрийн дагуу Н.Энхбаярыг баривчлахаар очиход түүний хамгаалалтын ажилтнууд тэнд цугларсан 40 орчим иргэн албадан ирүүлэх тогтоолыг танилцуулахад саад учруулж байсан. Нөхцөл байдалтай холбогдуулан нийгмийн хэв журам сахиулах зорилгоор харьяа цагдаагийн хэлтэс, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагчид болон “Галт зэвсэгтэй хүн байна” гэсэн мэдээллийн дагуу тусгай хэлтсийн алба хаагчдыг  үүрэг гүйцэтгүүлсэн. Энэ үед АТГ-ын эрх бүхий ажилтны шийдвэр гарч, сэжигтэн Н.Энхбаярыг албадан ирүүлэх  үүрэг  цагдаагийн байгууллагад ирүүлсэнийг холбогдох хуульд зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 13-ны 06.00 цагаас  гүйцэтгэсэн.   
-Баривчлах ажиллагааг хуулийн хүрээнд явагдсан гэж хэллээ. Харин жирийн иргэдийн хувьд гэрт нь орж байгаа, тэнд байсан хүмүүстэй харьцаж байгаа нь санаанд багтахын аргагүй гэнэтийн үйл явдал болсон шүү дээ?
-Монгол Улсын иргэн хэн ч хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчимтай. Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас  10 гаруй удаа зарлан дуудах хуудсаар дуудахад ирээгүй учраас албадан ирүүлэх, шүүхээс гаргасан сэжигтнээр цагдан хорих тогтоолыг биелүүлэх үүднээс шийдвэр гаргаж манайд хандсан. Хуульд заасны дагуу цагдаагийн алба хаагчид сэжигтэн этгээдийг албадан хүргэх тусгай ажиллагаа явуулсан. Гэрт нь ороод баривчлах тогтоолыг танилцуулахад сэжигтэн “уг тогтоолыг ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдсэн учраас хуулийн хүрээнд албадан гаргаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хүргэж өгсөн.   
-УИХ-ын гишүүдийн эрхэнд халдсан гомдол гарч, энэ асуудлын хүрээнд салбарын сайд болон Цагдаагийн ерөнхий газрын даргыг албан тушаалаас нь огцруулах асуудал сөхөгдсөн?
-Үүрэг гүйцэтгэсэн хуулийн байгууллагын ажилтнууд УИХ-ын нэр бүхий гишүүдэд хүч хэрэглээгүй. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд зориулагдсан эрх дарх байна гэдгийг Монгол Улсын Их хурлын тухай хуульд тухайчилж заасан байдаг. УИХ-ын зарим гишүүн үүссэн нөхцөл байдалд дүгнэлт өгч, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөхдөө хэт нэг талыг барих байдал ажиглагдсан. Хууль санаачилж, баталдаг эрх бүхий субьектууд асуудалд ингэж хандмааргүй байсан. Харин хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, иргэдэд зөв ойлгуулж, бодит мэдээлэл өгөх нь чухал. Нэг зүйлийг хэлэхэд, төрийн дэмжлэггүй, хүчгүй цагдаатай улс орны төр, түмэнд аюул занал нүүрлэх магадлал өндөр байдаг. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газраас зохих хуулийн дагуу гаргасан Н.Энхбаярыг албадан ирүүлэх шийдвэрийг хэрэгжүүлсэн нь буруутай гэж үзвэл  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж биш, Цагдаагийн ерөнхий газрын дарга миний бие огцроход бэлэн байна.
-Ц.Шинэбаяр гишүүн “намайг сандалаар дарж унагаасан” гэдэг мэдэгдэл хийсэн. Өөрийгөө хохирогч, сандалд дарагдсан нь УИХ-ын гишүүний халдашгүй эрхэнд халдсан үйлдэл гэдгийг ихээхэн онцлоод байгаа?
-Албадан ирүүлэх тогтоол биелүүлэх ажиллагааны үед Монгол Улсын их хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой заалт зөрчигдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед, шүүгчийн захирамжийн дагуу сэжигтнийг цагдан хорих шийдвэрийг биелүүлэх, албадан ирүүлэх, прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийгдэх ажиллагаа явагдах газарт байсан УИХ-ын нэр бүхий гишүүд хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь үйлдэл, үг яриагаараа эсэргүүцэл үзүүлсэн, сэжигтэнд улс төрийн хамгаалалт хийх гэсэн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх  хуульд заасан “албан тушаалтан, иргэн хэн боловч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон”, УИХ-ын тухай хуульд заасан “УИХ-ын гишүүн нь өөрийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэхийг хориглосон”  заалттай нийцэхгүй байгааг хэлэх хэрэгтэй.
-Үүссэн асуудал улстөрчид, өндөр албан тушаалтнуудад ч мөн адил хууль үйлчилдэг юм байна гэсэн итгэл үнэмшлийг  бий болгосон уу?
-Гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хэн боловч хуулийн өмнө хариуцлага хүлээж, шударгаар шалгуулах нь зүй ёсны асуудал. Харин авлигал болон албан тушаал, ашиглалтын гэмт хэрэгтэй хууль хяналтын байгууллагууд тэмцэхэд саад тотгор болдог жишээ нь өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал харууллаа. Хууль хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнууд хийх ёстой ажлаа хуулийн хүрээнд гүйцэтгэх л болно. Үүнд эргэлзэх хэрэггүй юм.
Эх сурвалж: ASUNEWS.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш