logo
Бахрейнд Их Британийн сэтгүүлчдийг баривчлав

Бахрейнд Их Британийн сэтгүүлчдийг баривчлав

2012/04/24
Өнгөрсөн ням гараг Бахрейны эрх баригчид Британийн телевизийн "Channel 4 News" сувгийн зураглаачдын багийнхныг баривчилсан байна. Тус сувгийн редакци одоо цагдаагийн хэлтэст саатуулагдаж байгаа багийн ахлагч Жонатан Миллертэй холбоо тогтоож чадсан тухайгаа цахим хуудсандаа мэдээлжээ.
Британийн сэтгүүлчдийн хамт Бахрейны хоёр иргэн баривчлагдсан бөгөөд тэдний нэг нь зураглаачдын багийн жолооч харин нөгөөх нь хүний эрхийг хамгаалагч ажээ. Тэднийг өөр газар руу авч явсан гэж Миллер хэлсэн байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр, зураглаачдын багийг тус улсаас гаргахаар нисэх онгоцны буудал руу авч явжээ. Энэ тухай Миллер Твиттер дэх хуудсандаа мэдээлсэн байна. Сэтгүүлчийн хэлснээр, цагдаагийнхан хурааж авсан камер болон компьютеруудыг буцаан өгөхөөс татгалзжээ.
"Channel 4 News" сувгийнхан Бахрейнд болж байгаа "Формула-1" уралдааны эхний шатны тэмцээнийг сурвалжлахаар тус улсад очсон байна. Бахрейны эрх баригчид гадаадын хэвлэлийнхэнд виз өгөхөө больсон байсан учир сэтгүүлчид албан ёсны визгүй ажиллаж байжээ.
Британийн телевизийн сэтгүүлчдийг шиит шашинтнуудын нэгэн тосгонд болсон эсэргүүцлийн ажиллагааны зургийг авч байх үед нь баривчилсан байна.
Бахрейны шиит шашинтнууд суннитуудтай харьцуулахад эрх нь хавчигдмал байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн тулд "Формула-1" уралдааны үеэр дэлхий нийтийн анхаарал тус улсад хандаж байгаа мөчийг ашиглан олон тооны жагсаал цуглаан явуулж байгаа юм.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш