logo
Уран бүтээлчид “Дэлхийн нэг өдөр” баримтат кино бүтээжээ

Уран бүтээлчид “Дэлхийн нэг өдөр” баримтат кино бүтээжээ

2012/04/25
Америкийн кино бүтээлчид 160 гаруй улс орноор аялан 3 мянга орчим цагийн “Дэлхийн нэг өдөр” нэртэй баримтат кино бүтээжээ. Тэд тухайн улс орны ёс заншил, урлаг соёлыг кинондоо түлхүү харуулахыг зорьжээ. Нийтдээ 2.6 сая км аялж нэг дэлхий нэг гариг дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний амьдралын онцлог хэв маягийг энгийн ойлгомжтой байдлаар харуулахыг чармайсан байна. Тэдний кино бүтээхэд 19 мянга орчим сайн дурын кино бүтээгчид оролцжээ. Тэд 3 мянга орчим цагийн дүрс бичлэг, нэг өдөр, нэг цагт зэрэг бичлэг хийсэн аж. НҮБ, Форд сан, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагууд тэднийг дэмжиж ажиллажээ.  Уран бүтээлчдийн ярьж байгаагаар улс орон, ард иргэд болгонд өөрсдийн гэсэн асуудал байсан. Ялангуяа зарим улс орнуудад ундны цэвэр усны асуудал, ядуурал, гуйланчлал хурцаар тавигдаж байж. Мөн мэдээж хүмүүсийн хайр дурлал зэрэг хүний амьдралын гэрэл гэгээтэй зүйлүүд ч таарч байсан аж.  Тэд хүмүүсийн амьдралд илүү оролцох тусам тэдний зовлон бэрхшээлийг мэдэрч эхэлжээ. Киноны гол баатраар Недерландын Винсент хүү тодорсон байна. Учир нь тэрээр нерв мэдрэлийн системийн өвчтэй. Түүнийг эмч нар 10 наслана гэж хэлсэн. Гэсэн ч тэрээр кино зураг авах явцад буюу 2010 оны 10 сарын 10-нд 10 нас хүрсэн. Одоо ч амьд сэрүүн бөгөөд бие нь сайн байгаа. Тэрээр энэ хорвоо дээр мэндэлсэн ч амь насанд нь аюултай өвчин туссан цөөн хүүхдүүдийн нэг бөгөөд дахин нэг ч болов өдөр энэ дэлхий дээр тоос хөдөлгөн амьдарч байгаа нь өөр бусад өвчин зовлондоо шаналж байгаа хүмүүст урам зориг өгчээ. Уран бүтээлчдийн хамгийн гол зорилго нь дэлхийн бүх хүмүүст манай гаригт тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл, ядуурал, өлсгөлөн, хоол ундны дутагдал гээд  хамгийн гол нь эдгээр асуудлыг хүмүүс ойлгож, эртнээс урьдчилан сэргийлэх боломж байгааг харуулахаар зорьжээ. Мөн улс төрийн таарамж харилцаа муутай байдаг улс орнуудад нийгэмд яг юу болж байгааг харуулахыг хүсчээ. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш