“Кони 2012” буюу Уганда, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Төв Африкийн бүгд найрамдах улсад үйл ажиллагаа явуулж, голдуу бага насны хүүхдийг хулгайлж “Хүүхэд цэрэг” болгож байсан бүлгийн талаар харуулсан баримтат кино гарсан цагаасаа эхлэн дэлхий нийтийг цочролд оруулсан. Одоо ч хүүхдийн эрхийг зөрчсөн уг бүлгийн үйл ажиллагааг зогсоох гэсэн хөдөлгөөн дэлхийн бусад улс оронд өрнөсөөр байна. Жосеф Кони гэгч этгээд “Бурханы Эсэргүүцлийн Арми” нэртэй хөдөлгөөн байгуулж, түүндээ сүүлийн 20 гаруй жил бага насны хүүхдүүдийг хулгайлан элсүүлж байжээ. Тэрээр бурханы нэрийн өмнөөс 100 мянга орчим хүүхэд хулгайлж, бүлэгтээ элсүүлэн Төв Африкийн улс орнуудын засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байж. Албан ёсны судалгаагаар түүний энэ балмад үйл ажиллагаанааас болж, ямар нэг байдлаар 2 сая хүн орон гэрээсээ дайжсан эсвэл орон гэргүй болсон байна. Тэрээр хулгайлсан эрэгтэй хүүхдийг цэрэг болгодог. Эмэгтэй хүүхдийг бэлгийн боол болгож байсан нь нотлогдон юм. Кони мөн бага насны хүүхдүүдийг тамлан зовоож, бах таваа хангадаг байжээ. Одоо түүнийг Олон Улсын Эрүүгийн шүүх эрэн сурвалжилж байгаа. “Бурханы Эсэргүүцлийн Арми”-д хулгайлагдсан ч амьд гарч чадсан хүүхдүүд уг “Кони 2012” хөдөлгөөнд нэгдээд байгаа юм. Амьд гарагсдын ярьж байгаагаар зугтах гэж оролдсон хүүхдүүд шийтгүүлж, зарим нь амь насаа алддаг байжээ. “Кони 2012” кино бүтээгчид ямар нэг хэтрүүлэг оруулаагүй. Бодит болж байгаа, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа балмад үйл ажиллагаг дэлхий дахинд харуулахаар зорьсон байна. Төв Африкийн эдгээр хөгжил буурай улсад олон жилийн иргэний дайн зэвсэгт бүлгүүдийн зөрчил тэмцлээс болж хүүхдүүдийн эрх ихээр зөрчигддөг юм.
Shuum.mn
Shuum.mn