АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сунгаанд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн Митт Ромни одоогийн цагаан ордны тэргүүүн Барак Обаматай өрсөлдөх нь тодорхой болоод байгаа. Харин тэрээр Обамаг ялж Ерөнхийлөгч болбол хэн дэд ерөнхийлөгч болох вэ гэдэг асуулт гарч ирнэ. АНУ-ын улс төрийн системээр бол Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг хамтад нь ард иргэдийн шууд санал хураалтаар сонгодог. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч сонгогдоход дэд ерөнхийлөгч хамт сонгогдож байдаг юм. Харин дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид нэр дэвшигч санал болгосны дагуу намын гишүүд сонгодог байна. Тэгвэл Флорида мужаас сонгогдсон сенатор Марко Рубио гэдэг эрхэм Ромнигийн сонгуулийн кампанит ажилд идэвхийлэн оролцож, олонд танигдах болоод байгаа. Обама-Байден гэдэг шиг Ромни-Рубио гэсэн хослол гарах магадлалтай болоод байгаа. Ромни ч дэд ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг намаас сонгон шалгаруулж байгаа гэж мэдэгдсээр байгаа. Марко Рубио Бүгд Найрамдах намын лидерүүд дунд нэр хүнд хамгийн өндөртэй байгаа. Гэсэн ч тэрээр дэд ерөнхийлөгчийн албан тушаал хаших бодолгүй байгаагаа мэдэгдсээр байгаа юм. Гэхдээ дэд ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийн дотор Крис Кристий, Пол Райн, Никки Хэйли, Роб Портмэн, Боб Макдоннел зэрэг хүмүүс яригдаж байгаа бөгөөд эдгээр хүмүүс Ромнитой хамт олны өмнө гарч байсан. Харин Марко Рубио, Жеб Буш нар Ромниг анхан шатны сунгаанд ялсны дараа олны өмнө гарч ирсэн юм. Энэ 2 эрхэмийг сонгох магадлал өндөр байгаа. Рубиогийн цагаачдын бичиг баримтгүй, иргэншил аваагүй хүүхдүүдийг бичиг баримтжуулах санаачлага Ромнид таалагдсан гэж шинжээчид үзэж байгаа. Ромнигийн эдийн засгийн бодлогыг Нью-Йоркийн амбан захирагч асан Руди Жиулиани дэмжиж байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын дэд ерөнхийлөгч болно гэдэг маш хариуцлагатай ажил. Шаардлагтай үед ерөнхийлөгчийг орлож ажиллана, шийдвэр гаргана. Цаашлаад ерөнхийлөгч болоход өөрийгөө бэлтгэх чухал албан тушаал байдаг юм.
Shuum.mn
Shuum.mn