Францын Социалист намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Франсуа Холланде анхан шатны сонгуульд ялалт байгуулж, ирэх 5 дугаар сард Николя Саркозитай дахин өрсөлдөхөөр боллоо. Сонгогчдын 75 хувь нь саналаа өгснөөс нь Франсуа Холланде 27.9 хувь, Саркози 26.7 хувь, хэт барууны үзэлт Марин Ле Пен 19.3, хэт зүүний үзэлт Жеан-Лук Меленчон 10.8 хувь тус тус санал авчээ. Гэхдээ эцсийн үр дүнгээр Холланде 28.4, Саркози 25.5, Ле Пен 20 хувийн санал тус тус авсан байна. Ирэх 5 сарын 6-нд 2-р шатны сонгууль болно. 2-р шатанд Холланде, Саркози нар өрсөлдөнө. Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр нийт сонгууль өгөх насны иргэдийн 81 хувь буюу 12.5 сая хүн сонгуульд оролцсон. Энэ нь 2007 оны 84 хувь гэснээс доогуур үзүүлэлт юм байна. Ирэх 5 сард болох сонгуульд Холланде ялах магадлал өндөр байна. Учир нь нэр дэвшигчдийн ихэнх нь зүүний нам буюу Холландег дэмжих магадлалтай байгаа. Мөн анхан шатны сонгуулиас хасагдсан нэр дэвшигчид тэр тусмаа сонгогчдын 20 хувийн санал авсан Ле Пен Саркозигийн эсрэг санал өгөхийг уриалаад байгаа юм. Франц хэдийгээр дэлхийн тавцанд нөлөө бүхий улс ч энэ удаагийн сонгуульд дотоод асуудал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ. Европын хямрал, ажилгүйдлийн төвшин 10 хувь хүрсэн зэрэг нь Саркози бага санал авахад нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Франсуа Холландег уг нь хүн таньдаггүй жирийн нэгэн байсан. Харин Олон улсын Валютын Сангийн тэргүүн асан Страусс Кан зүй бусаар бэлгийн дур сонирхолоо хангах гэсэн хэрэгт орооцолдсоны дараа Холландегийн ерөнхийлөгчид зам мөр шулуудсан юм. Хэрэв Холланде ялалт байгуулах юм бол 1995 оноос хойш сонгогдсон анхны зүүний чиг баримжаатай Ерөнхийлөгч болох юм.
Shuum.mn
Shuum.mn