logo
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрийн онцгой анхааралд байх ёстой

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрийн онцгой анхааралд байх ёстой

2012/04/25
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаанаараа нийгмийн амьдралын хоёр чухал асуудлыг хөндсөн хоёр хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд УИХ-аар оруулан хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Эхний асуудал нь Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бөгөөд уг төслийг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр танилцуулсан юм. Түүний мэдээлснээр бол Соёл урлагтай холбоотой харилцаа нь 1996 онд батлагдсан Соёлын тухай хууль, мөн Соёлын өвийн тухай хууль, УИХ-ын 1996 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого” зэрэг актаар зохицуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын соёлын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн хүрээнд энэ төслийг боловсруулжээ. Хууль анх батлагдсанаас хойш нийт 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд соёл урлагийн байгууллагуудын тогтолцоо, үйл ажиллагааг нийгмийн шинэчлэлийн шаардлагад нийцүүлэн төлөвшүүлэх, үйлчилгээнийх нь хүрээ, хүртээмжийг өргөжүүлэх, соёлын ажилтан, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх нөхцөл бүрдүүлж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх болон соёлын харицаанд оролцогчдын эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулахад дээрх хууль зохих үүргээ гүйцэтгэсэн байна.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор Л.Гүндалай, Д.Дондог, З.Алтай, С.Ламбаа, Д.Одбаяр нарын гишүүд асуулт асууж, санал бодлоо илэрхийлэхдээ соёлын өвийн хамгаалалт, соёлын ажилтны нийгмийн баталгаа, уран бүтээлчдийн нийгмийн даатгал, мэргэжил дээшлүүлэлт зэрэг асуудлыг эрүүл мэнд, боловсролын салбарынхантай харьцуулан ярьж байлаа. Ялангуяа С.Ламбаа гишүүн “Өнөөгийн даяаршлын нөхцөлд Монгол Улс үндэстнээ авч үлдэх соёлын бодлого хүндээ чиглэхгүй, соёл урлагийн байгууллагын зохион байгуулалт, дарга нар юу хийхийг хуульчлахад илүү анхаарч байгаа”-г шүүмжилсэн бол Д.Одбаяр гишүүн үндэстний цөөнхий соёлын өвийг хамгаалахын чухлыг онцлоод Буриадын Алтаргана, Үзэмчиний Алтандөрөө, Барга ардын Баргачин зэрэг наадам соёлын том өв болохын тэмдэглэж, соёлын үнэт зүйл, өвөө хэрхэн хамгаалах заалтуудыг нарийвчлан тусгахыг анхааруулсан юм. Түүний өгүүлснээр бол түүх соёлын дурсгалт зүйлийг хулгайлах нь олон улсад эдийн засгийн том гэмт хэрэг, үндэстэн дамнасан зохоион байгуулалттай хэрэгт тооцогддог тул энэ талын заалтуудыг улам нарийсгах шаардлагатай аж.
Гишүүд ийнхүү хэлэлцсэний эцэст Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д оруулахыг санал нэгтэй дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг С.Ламбаа гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв. Уг төслийг Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд дагалдаж байгаа юм.
УИХ-ын 6 гишүүн санаачилсан энэ хуулийн төслийг С.Оюун гишүүн танилцуулахдаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль анх 1995 онд батлагдаж, 2008 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг УИХ-аас соёрхон баталсан нь тухайн үедээ ихээхэн ач холбогдолтой байсан ч хуулийн заалтууд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй холбоотой заалтууд нь хэтэрхий ерөнхий байгаагаас тухайн хүүхэд сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байгааг тайлбарласан юм.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор Д.Кёкүшюзан Батбаяр төсөл санаачлагчаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургууль манай улсад хэд байдаг, ийм бэрхшээлтэй хэчнээн хүүхдээс хэд нь эдгээр сургуульд хамрагдаж байгааг лавлахдаа “Яг өнөөдөр Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ мартсан гэхэд хилстэхгүй. Японд жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн эмнэлэг, сургуулийн бүх зардлыг улсаас даадаг. Ийм хүүхдүүдийн ээж, аав маш их ачаалалтай байдаг юм билээ” гэж хэлэв.
С.Оюун гишүүний мэдээлснээр бол социализмын үед анх 6 тусгай сургууль байгуулсны 2 нь сонсгол болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тус тус зориулагдсан, мөн 4 дүүрэгт тус бүр нэг оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль байгуулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 орчим хувь нь цэцэрлэг, сургуулийн бага ангид суралцаж байдаг бол цаашдаа энэ хувь буурсаар дунд, ахлах ангид байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дөнгөж 14 хувь нь болдог байна. Үлдсэн 86 хувь нь сургуульд хамрагдах боломжгүй, үнэндээ дийлэнх нь үеийнхнээсээ хоцорчихдог аж.     Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон ядуу өрхийн хүүхдүүд байдаг гэсэн судалгааны дүн ч байдаг гэнэ. 2010 оны статистик үзүүлэлтээр хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй мянган хүүхэд сургуульд сурч байгаа гэсэн тоо байдаг ч албан бусаар энэ тоо 32000 хүрч байгаа гэж үздэг байна. Ийм хүүхдийг илрүүлэх, оношлох, нөхөн сэргээх, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сурч боловсрох эрхийг нь хангах, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг асуудлыг зохицуулсан хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөалт оруулах зайлшгүй шаардлага байгаа бөгөөд гишүүд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрийн онцгой анхааралд байх ёстой! Ардчилсан орнуудад энэ асуудлыг эцэг эхийн нуруун дээр тохдоггүй, төр өөрөө энэ үүргийг хүлээдэг” хэмээн санал нэгтэй дэмжиж уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш