logo
Судан, Өмнөд Суданы харилцаа хурцдаж магадгүй байна

Судан, Өмнөд Суданы харилцаа хурцдаж магадгүй байна

2012/04/25
Даваа гаригт Суданы байлдааны онгоцууд Өмнөд Суданы Бентиу хотын захад бөмбөг хаясны дараа нэг хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан байна. Суданы тал агаарын дайралт явуулснаа үгүйсгэсэн бөгөөд энэ улсын ерөнхийлөгч Омар Хассан Ал-Башир өмнөд хөрштэйгөө дахин хэлэлцээ хийхгүй хэмээн мэдэгдсэн нь улс төрийн зөрчлийг улам гааруулсан хэрэг болжээ. Тэрээр мэдэгдэхдээ "Бид тэдгээр хүмүүстэй яриа хэлэлцээ хийхгүй, бид тэдэнтэй буу, сумаар харьцах болно, энэ бол тэдний ойлгодог цорын ганц хэл, тэд үүнээс өөр зүйл ойлгодоггүй" гэжээ.
Харин Хятадад айлчилж буй Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Киир Судан манай улсын эсрэг дайн зарласан гэж мэдэгдсэн байна.  Судан албан ёсоор дайн зарлаагүй ч шинжээчдийн хэлж байгаагаар Киир хэт сүржин мэдэгдэл хийжээ.
Өмнөд Суданы тал эзэмшлийн маргаантай Хеглиг суурин дахь газрын тосны ордыг орхисноос гурван өдрийн дараа гурван хүн амь үрэгдэж, 10 хүн шархадсан байна.  Харин Суданы армийн командлагч Камал Маруф Хеглиг суурингийн төлөөх тулалдааны үеэр өмнөдийн 1.000 гаруй цэрэг алагдсан гэж мэдэгджээ. Харин энэ мэдээллийг Өмнөд Суданы засгийн газрын гишүүн үгүйсгэсэн байна.
Вашингтон хотод төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Викториа Нюланд Суданчуудад хандан халдлага хүчирхийллийг эцэс болгохыг уриалжээ. Тэрээр мэдэгдэхдээ Суданы засгийн газар агаараас цохилт өгөхөө зогсоох цаг болсон, хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй гэжээ. 
Харин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Суданы тал хил орчимд агаарын цохилт өгч байгааг зэмлэн буруушаасан байна. Тэрээр дайсагнасан үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг Суданы засгийн газарт уриалжээ.
Өмнөд Судан өнгөрөгч долдугаар сард Суданаас тусгаар тогтносон. Гэвч хилийн маргаанаас болж хоёр улсын харилцаа тун таарамжгүй байгаа юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш