logo
Д.Дагвадорж МАХН-ыг санхүүжүүлдэг үү?

Д.Дагвадорж МАХН-ыг санхүүжүүлдэг үү?

2012/04/25
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр түүнтэй холбоо сүлбээ тогтоон, хамтарч ажилладаг хүмүүс ил гарч эхэлсэн. Тэдний нэг нь Их аварга Д.Дагвадорж байлаа. Тэрбээр шөнийн 00.30 цагийн үед Удирдлагын академийн хашаанд байрлах Н.Энхбаярын аавынд ирсэн. Дагваа их л сандарсан байдалтай «Хонгконгоос шууд нисч ирлээ» гэсээр богино өмдтэйгөө гүйхээрээ орж байв. Бас ч үгүй, түүнээс сархадын үнэр сэнгэнэж байсныг ч дурдах хэрэгтэй болов уу.

Ааг ихтэй, Монголоороо омогшдог гэдэг Дагваа ирсэн нь олон хүний цөсийг хөөргөсөн юм. Түүний хувьд гурав дахь Ерөнхийлөгч асныг хамгаалж, чухам юу болоод байгааг мэдэхээр ирсэн хэмээн мэдэгдсэн билээ.

Гэхдээ яг үнэндээ Их аварга тэнд үүссэн нөхцөл байдалтай танилцаж, хамгаалах бус, харин үүрэг даалгавар авч, МАХН-ын даргын эзгүйд нь ажлаа хэрхэн зохицуулж, хэнтэй холбоотой байх зааварчилгаа авсан бололтой. Өөрөөр хэлбэл Их аварга Д.Дагвадорж МАХН-ыг санхүүжүүлдэг байж магадгүй тухай эх сурвалжууд ярьж байгаа нь оргүй биш гэдгийг тэрхүү баривчилгааны үеэр баталсан.

Хэрвээ Их аварга Д.Дагвадорж үнэхээр Н.Энхбаярыг хамгаалахаар очсон юм бол тусгайгийнхныг очтол УИХ-ын гишүүдтэй хамт байж болох л байсан. Гэсэн ч хүчнийхний ажиллагаа эхлэхээс яг нэг цагийн өмнө буюу 04:30-д тэрбээр Н.Энхбаярыг орхин явсан.

Тэгээд ч Хонгконгоос ирлээ гэж хэлсэн нь түүний хувьд энгийн шоу, зорилгоо далдлах арга байсан ажээ. Учир нь баривчилгаа болсон өдөр Хонгконгоос ирсэн онгоц Улаанбаатарт 16:50 цагт газардсан байдаг. Тухайн үед тэнд цугласан хүмүүсийн дунд «Дагваа найзуудтайгаа шоудаж байсан гэнэ» гэх яриа чих дэлсэж байсан. Тэгэхээр Их аварга Хонгконгоос ирээд алжаалаа тайлж, амарч байгаад хэрэг явдал өрнөх үеэр дуудагдаж ирсэн болох нь ээ.

Их аваргыг МАХН-д элссэн, улмаар УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж ч яригддаг. Харин Д.Дагвадорж өөрөө «Юун МАХН-аас нэр дэвших. Тийм балай юм хийхгүй. Ер нь аль нэг намын батлах аваагүй. Анхны долоогийнхоо үүсгэн байгуулсан Ардын намыг бол дэмждэг» хэмээж байсан удаатай.

Гэсэн ч энэ нь мөн л өнгөлөн далдлалт гэлтэй. Учир нь сумогийн Их аварга Д.Дагвадорж Н.Энхбаярын эртний найз. Түүнийг бүр Ерөнхийлөгч байх үеэс нь дэмжсэн «улаан фэн» нь л гэсэн үг. Харин одоо бол Д.Дагвадорж сумогийн дэвжээнээс буусан шиг Н.Энхбаяр улстөрийн өндөр албан тушаалаас мултарсан. Тэднийг МАХН нэгтгэж байгаа аж.

Баривчилгаа явагдсан өглөө МАХН-ын ерөнхий нарийн бичиг нарын хэдэн хүн хэвлэлийн хурал хийх үедээ намынхаа хөрөнгө мөнгөгүйг гайхаж эхэлсэн. Харин өдөр нь Д.Дагвадорж Төв аймаг дахь Цагдан хорих төвд очиж Н.Энхбаяртай уулзсан. Тэр үеэс хойш буюу энэ сарын 13-ны үдээс хойшоос эхлэн МАХН-ын гишүүд, дэмжигчид гэх хүмүүс Төрийн ордонг тойрч гороолон, хаалга үүдийг нь чангаах маягаар эсэргүүцлээ илэрхийлж байв.

Н.Энхбаярын эхнэр О.Цолмон ч Цагдан хорих төвд нөхөртэйгөө уулзахаар очоод орж чадалгүй, хаалга мөргөн будсан. Гэтэл Д.Дагвадорж ямар эрхтэйгээр Н.Энхбаяртай уулзсан байж болох вэ. Д.Дагвадорж дэлхийд Монголын нэрийг дуурсгасан, Монгол Улсын Гавьяат тамирчин. Монгол Улсын иргэн. Гэхдээ түүнд Н.Энхбаярыг баривчилсан АТГ-ын байтугай цагдаа, хүчний аль ч байгууллагад ажилладаг гэх тусгай эрх бүхий, Цагдан хорих төвд нэвтрэх үнэмлэх, эрх байхгүй.

Тиймээс МАХН-ын дарга хоригдсон ч Д.Дагвадорж нэр төрөөрөө сүрийг үзүүлэн байж Ерөнхийлөгч асны хоригдож буй газарт очиж уулзан, зааварчилгаа авсан бололтой. Тиймдээ ч нам жим болж байсан намынхан нь гэнэтхэн Сүхбаатарын талбай, Төрийн ордны гадуур жагсаал, цуглаая хийх «хүчтэй» болсон ажээ.
Улстөрийн намуудын санхүүжүүлэгчдийн ихэнх нь бизнесмэнүүд байдаг бол МАХН-ын санхүүжүүлэгч нь Д.Дагвадорж биш байгаа даа гэсэн хар төрж байна.

Ж.Нарангэрэл
Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш