logo
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан ядуурал өмнөх оныхоос буурсан гэж мэдэгдлээ

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан ядуурал өмнөх оныхоос буурсан гэж мэдэгдлээ

2012/04/26
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан өнөөдөр ийм мэдээлэл хийлээ. Тэрбээр, Үндэсний статистикийн хороо Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг жил бүр явуулж, жил бүрийн 4 дүгээр сарын эхээр ядуурлын үндсэн үзүүлэлтийг тооцдог. Энэ дагуу 2011 оны өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд үндэслэж ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцлоо. Монгол Улсын хувьд ядуурлын түвшин 2010 онд 39,2 хувь байсан бол 2011 онд ядуурлын түвшин 9,4 функцээр буурч 29,8 хувийн хамралттай гэсэн дүн гарсан.
-Судалгааг юунд үндэслэж явуулдаг юм бэ?  
-Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа гэдэг бол тогтсон аргачлалын дагуу хийгддэг. Жил бүр 11300 орчим өрхийг санамсаргүй байдлаар түүвэрлээд тэдгээр өрхийн зардал, орлогыг бүртгэх маягаар судалгаа хийдэг. Тиймээс  энэ үзүүлэлтийг тооцохдоо шинээр хийсэн зүйл  байхгүй, жил болгон хийдэг уламжлалт судалгаанд үндэслэсэн. Харин энэ жилийн хувьд, 2011 оны өрхийн нийгэм, эдийн засгийн  судалгаанд Дэлхийн банктай хамтарч тооцоо хийсэн. Хоёр талд ажлын хэсэг байгуулсан, нэг нь  Вашингтонд Дэлхийн банкны ажлын хэсэг, нөгөө нь Улаанбаатарт Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ахлуусан баг. Энэ хоёр баг хамтран судалгааны үзүүлэлтийг тооцож, Монголын ядуурлын хамралтын хүрээ өнөөдөр 29,8 байна гэдгийг тогтоож баталсан байгаа. Ингэснээр ядуурлын үзүүлэлт янз янзын тоогоор илэрхийлэгдэж байна гэсэн ярианд эцсийн хариу өглөө.
-Ядуурал буурахад юу нөлөөлсөн байна?      
-Үндэсний статистикийн хорооны үндсэн үүрэг бол тоо, дүн гаргах. Гэхдээ судалгааны материалуудаас харж байхад 2010 онд Монгол Улсад зуд турхан нүүрлэж, нийт малын 25,3 хувь буюу 11,7 сая мал хорогдсон. 2011 оны хувьд цаг агаар таатай байсан тул хөдөөгийн иргэдийн орлого нэмэгдсэн нь ойлгомжтой. Үүнээс гадна 2011 онд өрхийн бодит мөнгөн орлого нэмэгдсэн дүн харагдаж байгаа. Иргэдийн “Хүний хөгжил” сангаас авч байгаа бэлэн мөнгө болон цалин, тэтгэврийн нэмэгдэл өрхийн орлогыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаануудын нэг болж байна.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш