logo
УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга асан Д.Энхцэцэг: УБЕГ-ыг иргэний бүртгэлийн мэдлэг, туршлагагүй хүнээр удирдуулсан нь ойлгомжгүй байна

УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга асан Д.Энхцэцэг: УБЕГ-ыг иргэний бүртгэлийн мэдлэг, туршлагагүй хүнээр удирдуулсан нь ойлгомжгүй байна

2012/04/26
Иргэний цахим үнэмлэхний талаар УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга асан Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед иргэний цахим үнэмлэхтэй холбоотой асуудлууд их ундарч байна. Хамгийн гол нь “Бодь” группт иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажлыг тендергүй өгсөн гэж яриад байна?
-Засгийн газраас иргэний цахим үнэмлэхтэй холбоотой тогтоол шийдвэрүүд гарсны дараа манайх зөвлөх үйлчилгээ авсан. Тодруулбал, Бельги улсын иргэн олон улсын зөвлөхтэй хамтарсан Монгол Улсын “Интех” гэдэг компаниар үйлчлүүлсэн. Зөвлөгөө 2011 оны наймдугаар сар хүртэл үргэлжилсэн. Тэгээд иргэний цахим үнэмлэхний техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн ажлыг хийх тендерийг зарласан. Тухайн үед Засгийн газраас иргэний цахим үнэмлэхтэй холбоотой тендерийг шууд нийлүүлэх чиглэлийг өгсөн. Сангийн яам, ТЕГ-ын зөвлөснөөр Тендер хуулийн дагуу л явагдсан. Тендерт дөрвөн компани оролцсон. Эдгээр компанийн материалтай үнэлгээний хорооныхон танилцаад АНУ-ын “Дата карт” компанитай хамтарч цахим үнэмлэхний тоног төхөөрөмжийг оруулж ирэх компаниар “Бодь” группийг шалгаруулсан юм.
-Та бүхэн цахим үнэмлэх хэвлэхэд шаардлагатай бүх ажлыг хийж дуусгасан гэж мэдээлж байсан?
-Иргэний цахим үнэмлэх олгох ажил шууд үнэмлэх хэвлээд тараах явдал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Эхлээд иргэний үнэмлэх авах насны иргэдийнхээ мэдээллийг цуглуулах ёстой. Энэ хүрээнд 2010 оны долоодугаар сарын тавнаас эхлэн 16-аас дээш насны иргэний хурууны хээ, дижитал зураг зэрэг иргэний үнэмлэхтэй холбоотой мэдээллийг баталгаажуулан бүртгэж авсан. Энэ ажил одоо улсын хэмжээнд 96.4 хувьтай явж байгаа.
Иргэдийнхээ иргэний бүртгэлтэй холбоотой зөрчлүүдийг арилгасан. Нэгдүгээрт, мэдээллийн санд регистрийн дугаар нь давхацсан, нэг иргэн 2-3 янз регистрийн дугаартай байсан, овог нэрийн зөрүү зэрэг 633 мянга гаруй иргэний мэдээллийн сан дахь зөрчлийг арилгасан.
Хоёрдугаарт, шилжилт хөдөлгөөнд орчихоод бүртгэлийн журмаар бүртгэлээ хийлгээгүй 136 мянга гаруй иргэний хаягийн бүртгэлийг цэгцэлсэн. Сонгуулийн жил болонгууд хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэдэд Улаанбаатарын оршин суугч гээд шошго наагаад өгсөн байдаг. Тэр нь УБЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байсныг арилгасан.
Гуравдугаарт, хүчингүй болсон иргэний үнэмлэхтэй 70 мянга гаруй иргэнийг бичиг баримтжуулсан.
Дөрөвдүгээрт, иргэн бүрийг дагаж явдаг хувийн хэрэг гэж байдаг. Төрсөн цагаас нь хойш дагалдах төрсний, иргэний үнэмлэх авсан, үрчлэгдсэн зэрэг мэдээллүүд байдаг. Энэ бичиг баримт нь шилжих хөдөлгөөнтэй холбоотой анх оршин сууж байсан газар нь байж байдаг. Ийм зөрчилтэй 161 мянга гаруй иргэний хувийн хэргийг 21 аймаг, нийслэлийн хооронд шилжүүлж цэгцэлсэн.
-Дөрөвдүгээр сарын 13 гэхэд 100.000 ширхэг иргэний цахим үнэмлэхийг хэвлэж ирүүлнэ гэж байсан. Ямар шалтгаанаар амжихгүй болчихов оо?
-Германаас манай иргэний үнэмлэхний бэлдэц ирэх байсан юм. Энд байгуулсан иргэний үнэмлэхний үйлдвэрт тухайн бэлдэц, өөрөөр хэлбэл иргэдийн мэдээлэл бичигдээд, бичил санах ойд мэдээлэл бичигдэх байсан юм.
Иргэний цахим үнэмлэх хэвлэх ажлын бэлтгэлийг нэгдүгээр сарын 20 гэхэд бүрэн хангачихсан. Хоёрдугаар сараас эхлээд иргэний цахим үнэмлэхний ажлыг хариуцан хийж байсан хүмүүс ажлаасаа ээлж дараалан чөлөөлөгдөж эхэлсэн.
Тэгээд цахим үнэмлэхний ажил яагаад явахгүй байгаа, юунаас болоод байгааг би одоо сайн мэдэхгүй байна.
-Энэ ажлын маргааныг Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг даргатай холбох хүмүүс их байна?
-Тэргүүн шадар сайдын удирдлагад УБЕГ иргэний бүртгэлийн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн юм. Ингэхдээ бид хариуцсан сайд буюу Н.Алтанхуяг сайд дээр долоо хоног бүрийн пүрэв гарагт очиж, хийж буй, хийх гэж байгаа ажлаа танилцуулдаг байсан. Тиймээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил сайн явсан гэж би дүгнэдэг. Үүнийг бүртгэлийн байгууллагынхан бүгд мэдэж байгаа. Ямар ажил амжуулсныг тэндээс очоод асуухад болно.
-СЕХ, УБЕГ, УИХ-ын гишүүд цахим үнэмлэхтэй холбоотой асуудлыг бие бие рүүгээ чихээд байна. Таны бодлоор хэргийн эзэн хаана байна?
-Би буруутанг тогтоодог шүүх биш. Гэхдээ энэ ажил зүгээр явж байгаад хаана зогссоныг иргэд харж л байгаа шүү дээ. Тиймээс ил байгаа зүйлийг тайлбарлаад яах юм.
-Таны хувьд Л.Амарсанаа даргатай сар гаруйн хугацаанд хамтарч ажилласан. Энэ хугацаанд ямар, ямар ажлыг амжуулав?
-Л.Амарсанаа дарга мэргэжлийн газартай санал солилцож байсан тохиолдол байхгүй. Би өмнө нь иргэний цахим үнэмлэхтэй холбоотой ямар ажлууд хийсэн, мөн иргэний бүртгэлийг шинэ программ хангамжаар хангах талаар танилцуулга хийж байсан. Үүнээс өөр ажлаар ярилцаж байгаагүй.
Иргэний шинэчилсэн бүртгэ­лийн ажлыг эхлүүлэхдээ бид холбогдох мэргэжлийн хүмүүсийг оруулаад тус тусад нь ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан. Энд тулгамдсан асуудлыг даргын зөвлөл, орон нутгийн бүртгэлийн удирдлагууд хамтарч шийдвэрлэх гарцуудыг олж байсан юм.
-Ингэхэд та бүхнийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан юу байв?
-УБЕГ, тэр дундаа Иргэний бүртгэлийн газар УИХ-ын Сонгуулийн хуулиар сонгогчдын нэрийн дарааллыг үйлдэх, давхардлыг арилгах, сонгогчдын бүртгэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх, иргэн шилжих асуудалд хяналт тавих зэрэг олон хариуцлага хүлээсэн энэ үед ингэж өөрчлөх, ажлаас чөлөөлөх нь хэнд ашигтай байсныг мэдэхгүй юм.
Сонгууль болох гэж байгаа ийм богинохон хугацаанд гурван бүртгэлийн газрыг нэгтгэж, нэг малгай өмсгөөд иргэний бүртгэлийн мэдлэг, туршлагагүй хүнээр удирдуулж, энэ ажлыг зохион байгуулж, ажлыг хариуцаж байсан хүмүүсийг чөлөөлсөн явдал нь хэн бүхэнд ойлгомжгүй асуудал болоод байна.
-Хэрвээ та бүхэн хариуцаж байсан ажлаа үргэлжлүүлээд явсан бол иргэний цахим үнэмлэх хугацаандаа амжиж хэвлэгдэх боломж байсан уу?
-Боломж байсан.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш