logo
Зүүдэн ертөнцийн сонин хачинаас...

Зүүдэн ертөнцийн сонин хачинаас...

2012/04/27
Зүүдний ертөнц гэж үнэхээр сонин шүү. Хэнээс юм хаанаас ч юм ургуулаад гаргаад ирсийн гэмээр тэрхүү хачирхалтай ертөнцийг мэдрэх мэдрэмж бүүр сонин. Таагүй болон таатай мэдрэмж.

Таагүй зовиуртай түгшүүртэй айдсын мэдрэмж, бодит ертөнцөөс илүү өвөрмөц бие махбодийн бус оюун ухааны сэтгэхүйн айдас давамгайлдаг мөн харанхуй дагалддаг.
Зарим үед бодит ертөнц дээр болж байгаа юм шиг бүх зүйл бодит. Зүүдэнд мэдрэгдэх өвдөлтүүд бүүр ч хэцүү. Ямарваа зүйлд хатгуулах хазуулах унах буудуулах усанд живэх гэх мэт бүгдийг бодит бусаар мэдрүүлж буй хэрнээ жинхэнэ мэт хорсолт хөндүүр бачууралтыг мэдрүүлдэг нь бас л сонин. Мэдээж энэ бүхэн таагүй зүүд зүүдлэх үеийн мэдрэмж.

Аа харин таатай мэдрэмжүүд бол сайхан шүү. Надад лав бодит амьдрал дээр үнсэлцсэнээс зүүдэндээ үнсэлцэх нь илүү их таатай санагддаг. Мөн зүүдэн дэх болзоо, учрал, тэврэлт болон хайрлах хайрын мэдрэмж яг л төгс мэт. Миний бодлоор бид бодит амьдрал дээр хайр дурлал энхрийлэл халамж бүхнийг өөрийн оюун ухаандаа төгс хэлбэрийг төсөөлж мөрөөдөж байдаг. Тэрхүү төсөөлөл зүүдэнд төгс утгаар хэрэгжиж буй юм болов уу. Өөрөөр хэлбэл сэтгэхүй бодол санаа нь зүүдэнд биеллээ олж буй хэрэг.

Миний бодлоор ер нь зүүд гэдэг хүний бодлын ертөнц. Бид амьдралынхаа тэн хагасыг зүүдэн ертөнцөд өнгөөрөөдөг тэгэхээр бас бидний амьдралын салшгүй хэсэг. Хүний бодол сэтгэхүйн ертөнц маш өргөн цар хүрээтэй хүчирхэг учраас бидний зүүд урьд өмнө хаана ч харж үзэж байгаагүй компьютер графикаар ч хийж үл чадах гайхалтай ертөнцийг зүүдэндээ бий болгож хардаг. Гэрлийн хурднаас өндөр хурд бол бодлын хурд. Наргиан болгоод хэлэхэд таны зүүд гацаж удна гэсэн зүйл байхгүй учир нь таны бодлын хурд бидний одоо төсөлөөчгүй зүйлийг аль хэдийн боловсруулчихсан таны дараачийн гайхамшигтай зүүдийг ачаалахад бэлэн болчихсон байгаа.

Эцэст нь хэлэхэд та өөрийн зүүдээ өөрөө л бүтээсэн. Таны зүүд бол таны бодлын ертөнц.

Та ч гэсэн өөрийн санал бодлоо энд хуваалцаарай


Зүүдний талаарх үзэл баримтлалууд

Эрт дээр үеэс нойрсож буй хүмүүст элдэв хачин дүрс, дуу чимээ, үйл явдал харагдаж үзэгддэг, сонсогддог, зүүдэн сэтгэлгээ гардгийн учир юу вэ? гэдгийг ихэд сонирхон учрыг мэдэх гэж оролдсоор байсан боловч зөв тайлбарлаж чадалгүйгээр олон зуун жилийг өнгөрөөжээ. Хүн төрөлхтөн өнгөрсөн олон зуун жилийн турш зүүдний учрыг тайлбарлах гэж ямагт оролдсоор элдэв таамаглал, ихэвчлэн буруу үзэл бодол, ойлголтуудыг гаргахаас хэтэрсэнгүй. Шашин, сүм хийд нь дээрх шинжлэх ухааны бус тайлбаруудыг дуртай шүүрэн авах буюу зориудаар бий болгон олон түмний дотор мухар сүсгийг бататгах зорилгодоо зэвсэг болгон хэрэглэж байсан харамсалтай үе зүүд нойрыг зөв танин мэдэхийн тул явуулж ирсэн хүн төрөлхтний дэвшилт сэтгэлгээний түүхэн тэмцэлд том саад тотгор болж байсан. Балар эртний үед хүмүүс байгаль ертөнцийн үзэгдэлтэй шууд харьцахдаа түүнийг маш гэнэн буруугаар тусган ойлгодог байсан нь мэдээж . Хүн төрөлхтний хөгжлийн энэ анхан шатны үед жнь: анчин хүн өөрийн овоохойн дэргэд унтаж байгаад зүүдлэхдээ өөр нэг газар оччихсон ан хийж явна гэж зүүдлээд түүнийгээ үнэн бодит үзэгдэл гэж ойлгон түүний биеэс нэгэн зүйл- хэсэг гарч өөр газар очиж ан хийж яваад ирлээ гэж ойлгодог байжээ. Тэр үед ингэж ойлгохоос өөрөөр ойлгож чадахгүй оюун сэтгэлгээний дорой хөгжлийн үе байлаа. Тэр үеийн хүмүүсийн буруу ойлголтын улмаас гарч дэлгэрээд хэдэн мянган жилийн турш оршсоор ирсэн анимизм гэдэг сургаал хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзлийн бүхэл бүтэн үеийг хамарч байжээ. Шашны онолчид зүүдийг бурхантай харьцах чухал хэрэгсэл гэж үзэж байв. Эртний грекийн судруудад нүгэл үйлдэгч гэм буруутан дайсныг дарах арга, замыг илэрхийлэн тусгай зүүдийг зориудаар уг хүнд нь тэнгэр нарны бурхан зүүдлүүлж байгаагаар бичигдсэн байдаг ажэээ. Тэр үеэс эхлэн зүүдэлсэн зүүд чухам ямар нэгэн далдын нууц агуулгатай байж болох, түүнийг тайлж мэддэг " тусгай мэргэжлийн"" зүүд тайлбарлагчид" " мэргэд" гарсан бөгөөд тэд нь ялангуяа дундад зууны үед бүр олширчээ. Өнгөрсөн зууны 70-д онд Оросын эрдэмтэн С.Ковнорын зохиосон "Анагаах ухааны түүх" гэдэг номонд: "Нилээд хөгжилтэй гэгдэж байсан эртний улсуудад өвчнийг балар цагийн хүмүүсийнхтэй ижилхэн муу санаат сүнсний хорлол, бурханыг хилэгнүүлэн уурлуулсны хор уршиг гэж үзэж, эмчлэх аргандаа өргөл барьц барьж, золиосонд эд агуурс, мал, хүнийг ч хүртэл гаргах, ерөөл тавих, залбирал унших зэргээр бурханы уур хилэнг гарган, улмаар өвчин эмгэгийг нь эдгэрүүлэх аргыг нойронд нь зүүдлүүлж байлбарлаж өгдөг байв" гэжээ. Дундад зууны сүүлчээр баруун европт католик сүм хийдийн харгисуудын хуурамч номлолын нөлөөний уршигаар зүүд нойрондоо чөтгөртэй, эр эмийн харьцаатай болж байсан эмэгтэйчүүд гэдэг худал хуурмаг нэр олгон, мэдрэл сэтгэхүйн өвчинтөй эмэгтэйчүүдийг "бурханы алдрыг ариун байлгахын" үүднээс хэдэн мянгаар нь амьдаар түүдэг галд шатааж байжээ. 14-р зуунаас 17-р зууны эцэс хүртэлх хугацаанд ингэж үрэгдсэн эмэгтэйчүүдийн тоо 9 саяд хүрчээ. Сүүлчийн удаа Испанид 18-р зууны эцэст мөн шатаасаар байсан нь төдий л эртнийх биш ажээ. Хэдийгээр зүүдний талаар буруу, заримдаа харгис агуулгатай үзэл санаа, тайлбар эртнээс нааш оршсоор ирсэн боловч, зүүдний мөн чанарыг нилээд зөвөөр ойлгож байсан давшилт материалист үзэлтнүүдийн үзэл мөн гарч байсан байна.Эртний Грекийн гүн ухаантнууд Гераклит,Демокрит, Аристотель нар зүүдний талаар нилээд зөв таамаглалтай байсан нь хожим илэрхий болсон юм. Гераклит нойр бол мэдрэхүйн эрхтэний ажиллагаа зогссоноос хүний бодол санаа гадаад орчинтой холбоогоо алдаж, түүний үр дүнд тэр санаа бодлын өөрийн нь хий хоосон ертөнц-зүүд гардаг гэж үзэж байжээ. Демокрит үзэхдээ зүүдний мөн чанар нь гадны нөлөөллөөс ангид оршиж буй тархины автомат ажиллагааны үргэлжлэл гэж үзэж байв. Эртний нэрт эмч Гиппократ зүүд бол бидний тархины үйл ажиллагааны бүтээгдэхүүн гэж үзэж байжээ. Аристотель зүүдийг байгалийн үзэгдэл мөн гэж үзэхийн зэрэгцээгээр нойрсолтын үед бие-махбодийн дотор талаас үүсдэг цочрол зүүд үүсэх явдалд холбогдолтой нэг хүчин зүйл гэж анх удаа үзжээ. Дундад зууны үед хүний оюун санааг шашны хуурамч сургаалаар төөрөгдүүлж, хүмүүсийн чөлөөт оюун санааг боогдуулсанаас урт удаан хугацаны туршид үнэн зөв чиглэлтэй таамаглал, тайлбар гаралгүй байсаар 16-18-р зууны үеийг хүрчээ. Бекон/ 1561-1662/ нойрсолтын үед дотор эрхтэнээс гарсан цочролууд нойрмог ухамсраар дамжин гадаад орчинд очиж байгаа явдал л зүүдний мөн чанар гэж үзжээ. Францын материалист гүн ухаантан Ламетри/ 1709-1751 / зүүд бол бүрэн бус нойрын үзэгдэл буюу тархины хагас сэрүүн байдлын үйл ажиллагаа юм гэж үзсэн нь зүүдний талаарх өнөөгийн физиологийн тайлбарт дөхөж очсон хэрэг байв. Зүүдний нарийн учрыг ойлгоход Оросын материалист гүн ухаантан А.Н.Радищев /1749-1802/ чухал санаа илэрхийлсэн юм. Радищев зүүд бол гадаад, дотоод орчны цочролын нөлөөн доор үүсч гардаг санаа зоригоос үл хамаарах зүйл бөгөөд тэр нь тархины нойрсолтын эхний үе ба сэрэхийн урьд үеүдтэй холбоотой болохыг заагаад зүүдийг ямар нэгэн тусгай, бие даасан бие, сүнс мэтээр ойлгож идеалист буруу үзлийг шүүмжилсэн байна.

19-р зууны эхний хагаст Чехийн эрдэмтэн Ян-Пуркинье /1787-1869/ зүүд нь нойрсолтын гүн биш, хөнгөн үед буюу унтсан даруй юмуу сэрэхийн урьд ихэвчлэн зүүдлэгддэг. Зүүдний агуулга ихэвчлэн харааны ба сонсголын мэдрэхүйтэй холбоотой, өөрөөр хэлбэл үзсэн, сонссон юм тусгагддаг. Биенд хүрэлцэх мэдрэхүйгээр дамжиж зүүд зүүдлэгдэх нь цөөнгүй. Харин үнэрлэх, амтлах мэдрэхүйн цочролоос уламжлан зүүд зүүдлэгдэх нь ховор гэж үзсэн нь өнөөгийн шинжлэх ухааны ололтоор нотлогдсон юм. Францын эрдэмтэн түүхч Мори "Нойр ба зүүд" номондоо өөрт зүүдлэгдсэн зүүд болон өөр дээрээ хийсэн туршлагуудтай уялдан гарсан зүүд зэргийг эмхтгэн дүгнэж зүүд зүүдлэгдэхэд гаднын цочролын зэрэгцээгээр биеийн дотроос ирдэг сэрэл-цочрол нэгэн адил чухал холбогдолтойг заасан байна. Тэрээр нэг удаа Францын хөрөнгөтний хувьсгалын үйл явдалтай холбогдолтой зүүд зүүдэлжээ. Зүүдэндээ өөрөө баривчлагдан цаазаар авахуулах ял заагдаж байна гэж зүүдлээд энэ хугацаанд ялтан хүний сэтгэлийн шаналгаа бүхий сэтгэл санааны зовиурт байдлыг туулжээ. Ялыг гүйцэтгэгчийн толгой авдаг зэвсэг буух эгшинд Мори өөрөө сэржээ. Гэтэл бодит байдал дээр юу болсон гэвэл: түүний унтдаг орны толгойн бүтээлэг дагзан дээр нь унасан байжээ. Энэ дэлгэрэнгүй агуулгатай зүүд нэн хоромхон агшинд болсон гэжээ. Энэ нь толгой дээр унасан дэрний бүтээлгээс сэдэгдэж сэргэсэн нь уг зүүдний агуулга болсон байна.

Норвегийн эрдэмтэн Мурли Вольд зүүд зүүдлэхэд арьс ба биеийн аль нэг хэсгийг хөдөлгөхөд, мөн унтахын урьд сэтгэгдэл төрүүлэх харсан зүйл ямар холбогдолтойг туршиж байжээ. Зүүдийг жинхэнэ шинжлэх ухааны үүднээс авч судлах болсон нь 18-р зууны эцсээс буюу тодорхойлбол 1791 онд доктор Нудавын "Нойрны онолыг цогцлох туршлага" гэдэг товхимол хэвлэгдсэн үеэс эхэлсэн гэж үздэг. Энд янз бүрийн агуулга бүхий зүүд зүүдлэгдэхэд янз бүрийн цочролын холбогдлуудыг харуулсан туршлагуудыг бичсэн нь зүүдний талаар цаашдын шинжилгээ судалгаанд зөв чиглэл өгч чадах эхлэлт болжээ. Гэдэргээ хараад амаа ангайгаад унтаж байгаа хүий ам руу хэдэн дусал ус хийсэнд түрүүлгээ хараад хөл гараараа усанд сэлж байгаа юм шиг хөдөлгөөнүүдийг хийжээ. Тэр хүн усанд унаад сэлэн амиа аврах боллоо гэж зүүдэлсэн байна. 19-р зууны 60,70-аад оны үед уураг тархины бор гадарт сэтгэхүйн тодорхой үйлүүдийг хариуцсан хэсгүүд байдаг тухай сургаал гарсан нь зүүдийг тайлбарлах явдалд бас чухал холбогдолтой нээлт болжээ.

Тархины бор гадар дахь сэтгэхүйн үйлийн байршилтын тухай дээрхи сургаал гарсны дараахан буюу одоогоос 80-д жилийн өмнө Б.Окс гадаад дотоод мэдрэхүй янз бүрийн шалтгаанаас үүссэн цочролыг "хагас нойрсож" сэтгэхүйн үйл нь суларсан тархины бор гадар хүлээж авсанаас заримдаг ажиллагаа үүссэнийг зүүд гэж үздэг нь их зөв дүгнэлт байжээ. Дээд мэдрэлийн үйл ажиллагаа түүний дотор нойр зүүдний тухай жинхэнэ шинжлэх ухнааны онолыг зөвлөлтийн эрдэмтэн Иван Петрович Павлов цогцлон бүтээжээ. Түүний нээлтийг хүртэлх хугацаанд нойр, зүүд шинжлэх ухааны туйлбартай тайлбаргүй хэвээр байжээ. Учир нь их тархины бор гадаргын үйлийг судлах тийм аргыг мэдэхгүй байжээ. Тэрээр нойр бол тархины бор гадрын үйл сааталд автагдан улмаар тархины бор гадар доогуур орших бүтцүүдийн үйлд тархсныг гүн бат нойрсолт гэж нотолжээ. Нойрсох хугацаанд биеийн гадна, дотны цочролын нөлөөнөөс гарсан сэрлийн улмаас, зүүдэн үзэгдэл үүсдэг гэж нотолсон. И.М.Сеченов "Зүүд бол тохиолдож байсан сэтгэгдлүүдийн тохиолдомгүй хослол юм" гэж хэлсэн нь зүүдний агуулгын онцлогийг их аятайхан тодорхойлжээ.

Нэгэнт тархи ба дотор эрхтэний хоорондын харилцан нөлөө байдгаас дотор эрхтэний ямар нэгэн өвчний үед түүнийг илэрхийлсэн зүүд үүсч болох уу? гэдэг асуулт гардаг. Үүнд болно гэж хариулдаг. Ийм зүүд дээр зарим туршлагатай эмч нар өвчнихй ямар ч шинж тэмдэг илрээгүй үед нь таних буюу анхааралдаа авч ажиглалт хийхэд цаашдын явцанд уг өвчин батлагдсан тохиолдол цөөнгүй. Нэгэн өвчтөн өрөөсөн хөлөө даагдахгүй боллоо гэж зүүдэлснээсээ хойш удалгүй тэр хөлд нь саа өвчин тусчээ. Нерманы их эмч цээж дээр нь могой хатгалаа гэж зүүдэлснээс удалгүй тэр газар нь удтал үл эдгэрэх шарх гарчээ.

Мөн бүтээлч зүүд гэж нэрлэгдсэн зүүдний бас нэг онцлогтой танилцах хэрэгтэй юм. Хүмүүс сэрүүн байхдаа амжилттай шийдвэрлэж чадаагүй асуудлуудаа зүүдэндээ шийдэж чадсан тохиолдлууд цөөнгүй. Жнь: Хувилахуй ухааны мэргэжилтэн Кекулье бензол гэгч нарийн төвөгтэй хувалахуйн бодисын бүтцийн томъёог зүүдэндээ олсон ажээ. Зарим тоочид бодлгынхоо хариуг зүүдэндээ бодож олсон зэрэг сонирхолтой баримтууд байдаг. Нойрсох ба сэрэх үеүдэд заримдаа мансууралтын шат гэж нэрлэгддэг бас нэгэн вөрөмөц мөч ажиглагдаж болдог. Энэ нь нойрмог үе байдаг тул бодит юмс заримдаа зүүд мэтээр санагдах буюу бүдэг бадаг байдлаар тусгагддаг. Эдгээр онцлогуудаас гадна, зүүд өвчин /сомнамбул/ гэж нэрлэгддэг нойрсолтын хэвийн биш нэг үзэгдэл төдий л ховор биш тохиолддог. Ийм зүүд өвчинтэй хүн орр орхиж унтаагаараа явах буюу ажил хийдэг. Энэ нь ерийн хөдөлгөөний үйлдлээс бүр нарийн үйлдлүүд тухайлбал нарийхан саваан дээгүүр дамжин гол гарах, байшингийн дээврийн ирмэгээр явах зэрэг тэнцвэрийн ер бусын нарийн үйлдлийг хийж чаддаг нь ямар я жүжигчнээс дутахгүй байдаг ажээ. Харин ийм үед нь тэрхүү зүүд өвчтөнг сэрээвэл уг хийж буй үйлдлээсээ болон осолдох аюул гарч болдог. Ингэж зүүдэлсний дараа орондоо орж хэвтээд тайван нойрсдог. Өглөө нь сэрээд шөнө босож явсан тухайгаа огтхон ч мэддэггүй. Энэ үзэгдэл далдын хүч, сүнс сүлдийн тухай буруу ойлголт хүмүүст төрөх явдалд дөхмийг үзүүлдэг. Эцэст нь дүгнээд хэлэхэд зүүд нь тархины бор гадар дахь сэрэл, саатлын процессуудын шилжилтийн буюу нойрсолтын гипнозын үе шатны нөхцөлд илэрдэг сэтгэгдлүүдийн эмх замбараагүй тодрол юм гэж үзэж болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш