logo
Гар хөлгүй Франц эр дэлхийг тойрч сэлнэ

Гар хөлгүй Франц эр дэлхийг тойрч сэлнэ

2012/04/27
Франц тамирчин Филипп Крозо 1994 оны гуравдугаар сард буюу 26 настай байхдаа цахилгаанд цохиулсны улмаас гар хөлгүй болжээ. Харин одоо тэрээр ирэх дөрвөн сарын хугацаанд багтаж дэлхийг тойрч сэлэх мөрөөдлөө биелүүлэх гэж байна. Хоёр жилийн өмнө Английн сувгийг сэлж гаталсан анхны гар хөлгүй хүн болж байсан Крозогийн хамтрагч нь холын зайд сэлэгч Арнауд Чассери юм.
Одоо 44 настай Крозо наймдугаар сар дуусахаас өмнө таван тивийн хооронд орших дөрвөн хоолойг сэлж гатлахаар төлөвлөжээ. Өмнө нь зөвхөн нэг сэлэгч л дөрвөн хоолойгоор сэлж байсан аж.
Крозо таван жилийн өмнө сэлж сурчээ. Тэрээр тухайн үед шинэ арга сэдэж, хөлөндөө хиймэл сэрвээ залгаж, усан доор сэлэхэд зориулсан хэрэгсэл ашиглан хичээллэх болсон байна. Эхэндээ хүмүүс түүнд ийм байдалтай сэлж чадахгүй гэж хэлдэг байжээ. Гэвч тэрээр гурван жилийн дараа буюу 2010 оны есдүгээр сард Английн Сувгаар 33 км сэлж чадсан байна.
Хоёр сэлэгч эхлээд Ази, Австрали тивийн хооронд буюу Папуа Шинэ Гвинейгээс Индонези руу сэлнэ. Мөн тэд Улаан тэнгис, Гибралтарын хоолой болон Берингийн хоолойг гаталж, 85 км замыг туулна.
Крозо боломжгүй зүйл байдаггүй гэдгийг харуулах зорилгоор ийнхүү хол зайд сэлэхээр шийджээ.
Хоёр сэлэгч тавдугаар сарын зургаанд аялалаа эхлэхээр төлөвлөсөн байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш