logo
Нэг цонх, нэг лонх, нэг данх... /хошин өгүүллэг/

Нэг цонх, нэг лонх, нэг данх... /хошин өгүүллэг/

2012/04/27
Батаа өглөөний цайгаа уучихаад галдаа нүүрс хийхээр гарах гэж байтал хаалга сэвхийн онгойж найз Сүхээ нь орж ирэв.

-Сайн уу? Чи ганцаараа байгаа юм уу ? гэж Сүхээг мэндлэхэд Батаа
- Эхнэр ажил хөөцөлдөх гэж дүүрэг явчихаад л би ганцаараа сууж байна гэв.
-Ашгүй дээ. Найз нь “нэг юм янзлах “ гээд гэснээ Сүхээ өврөө уудлахад Батаагийн нүд илт сэргэж
-Миний найз наашаа суу гээд сандал дөхүүлэв. Тэд ширээнд тухлангаа Батаа хундага гаргаж Сүхээгийн авч ирсэн лонхны лацыг онгойлгон аягалаад
-За идээ эзнээ танихгүй. Май миний найз май гээд Сүхээд барихад найз нь
-Үгүй үгүй.Би үүнийг Чамд зориулж авч ирсэн юм.Чи дээжийг нь уу. Би дараа нь гээд Сүхээ гараараа хундагатай архийг түлхэгчээ аядав.

Батаа хундагатай архинд хуруугаа дүрж ёслонгоо Галсан ах надад ингэж зааж өгсөн юм. Чи сонсож бай гээд
Одонгоо өгдөгөөр нь Ордондоо нэг өргөе
Охидоо өгдөгөөр нь Анагаахдаа нэг өргөе
Охь дээжээ өгдөгөөр нь АПУ-даа нэг өргөе
Олон удаа олдоосой гээд Сонгинохайрхандаа нэг өргөе хэмээн сэржимдээд хундагаа хоослон уртаар амьсгаа авах зуураа дахин дүүргэж найздаа өгөв...
-Чи эртүүд яачихав аа. Би 64-р байрны гадаа чамайг зөндөөн хүлээсэн гэж Сүхээ хэлээд тавган дээрээс боорцог авч аяган дахь цайндаа дүрээд хазав.
- Өө.Би чамайг 64-р дэлгүүрийн гадаа баахан хүлээгээд ирэхгүй болохоор чинь “ганц юм” авч Борынд орж дулаацсан шүү дээ . Чи өөрөө 64-ийн гадаа гэсэн болохоор нь би дэлгүүр л гэж бодсон шүү гэж Батаа хариу хэлэхэд тэд буруу ойлголцсоноо сая л мэдэн инээд наргиан болов.
-Чи бид хоёрын ингэж суугааг эхнэр чинь харвал эртүүдийнхээс ч илүү баллаж өгнө шүү гээд Сүхээ хаалга руу харахад

- Гэрэл авгай оройноос нааш ирэхгүй байх аа. Нэг өдөрт багтах нь байтугай нэг сар яваад ч бүтэхээргүй наян юм яриад л гарч өгсөн гээд Батаа их додигор сууна. Мань хоёр нэг удаа нилээд халамцуухан сууж байхад нь гадуур ажил хөөцөлдөж яваад уур унтуутай ирсэн Батаагийн эхнэр Гэрэл мань хоёрыг бут аваад лонхонд үлдсэн жаахан архийг нь хүртэл цацаж , дахиад иймэрхүү байдалтай харагдвал будаа болгоно гэж анхааруулсан болохоор Сүхээ ийнхүү болгоомжилж байгаа билээ.

- Эрчүүд чинь лонхны ард сууж байхдаа л сэтгэлээ нээж онгод нь ордог юм шүү дээ. Зохиолчдын сайн бүтээлүүд ихэнх нь халамцуу үед нь төрсөн байдаг.Чи ер нь архи уудаггүй зохиолчийг харсан уу? Гэтэл муусайн авгайчууд биднийг архи амсуулахгүй байх санаатай. гэж Сүхээг хөөрөхөд нь Батаа өлгөн авч
- Нээрээ л бид сэтгэл дотор байгаа юмаа эрүүл үедээ нэг их яриад байддаггүй. Хэн нэгэнтэй илэн далангүй ярилцаж саналаа солилцмоор байдаг. Энэ хүүхнүүдтэй бол юугаа ярих вэ? Аягүй бол найзууддаа яриад онигоо болгож чадах л хүмүүс гээд хундагатай архиа сэлбэхэд хаалга тогших чимээ сонсогдов.
Мань хоёр аль хэдийн хаалгаа түгжиж амжсан байлаа. Сүхээ сандран

-Танай эхнэр үү? гэхэд Батаа босох зуураа .Тэр мөд ирэхгүй гэж чамд би хэлсэн биз дээ. Хажуу айлын Цогоо байж магадгүй гээд хаалганы түгжээ мултлахад Гэрэл бүсгүй гэгээн дүрээрээ зогсож байлаа. Батаа сандран хаалгаа дэлгэхэд Сүхээ ширээн дээрээс шилтэй, хундагатай архиа нууж амжаад гэмгүй царайлан сууна.
Гаднаас орж ирсэн Гэрэл гадуур хувцсаа тайлангаа
-Сүхээ сайн уу? Ойрдоо харагдахгүй хаагуур яваад байна даа гэж эелдэгхэн мэнлэв. Сүхээгийн сэтгэл тайвшран ам нээж

-Муу найз нь Мэнд мэлтрээд,амьд арзайгаад л гэлдэрч явна. Бас болоогүй ээ Оюу толгой хавьд нэг жаахан газар олж “юм нээх “санаатай хөөцөлдөөд зав муутай гэснээ
- Гэрэлээ бүсгүй гэгээ татуулаад л сайхан харагдаж байх чинь.Манай Батаа ч бүсгүйн тэнгэртэй эр шүү. Ийм сайхан ханьтай гэж тал засав. Гэрэлээ гэрийн халаадаа өмсөөд сандал авч суух зуураа
- Сүхээ гуай та энд байгаа Эрдэнэтолгойд хашаа барих газар авчихаж чадахгүй байж бас Оюутолгой яриад юун ч их санаатай юм бэ дээ гээд алчуур авч хувцасны шүүгээгээ арчив.
- Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэж мэдэх үү? Намайг компани байгуулсны дараа чи ажилд ормоор байна гээд гуйгаад ирүүзэй. Би ч ийм хөөрхөн нарийн бичигтэй байхаас татгалзахгүй шүү гээд Сүхээ хүд хүд инээв.

- За тэр дэмий яриа ч яамай. Цаана чинь нэг Цонхны үйлчилгээ гэж сайхан юм нээгдчихэж. Би хамаг ажлаа гялс амжуулчихаад ирлээ гэж Гэрэл бүсгүй их л баяр хөөртэй хэлснээ Та хоёр бас л “нэг лонх”-ны үйлчилгээгээ эхэлчихээ юу? Шилээ нуусан ч үнэр нь арилаагүй байна шүү дээ гэв.
Батаа цай аягалан эхнэртээ өгөх зуураа
-Чи минь хамаг ажлаа ийм амархан бүтээчихлээ гэж үү? Нөгөө танил залуу чинь туслав уу? Та хоёр зүгээргүй л юм шиг санагдаад байгаа юм даа гээд Сүхээ рүү нүд ирмэв.

-Чи битгий балайраад байгаарай хө. Танил тал энэ тэр ерөөсөө хэрэг алга. Дүүргийн хажууд нээгдсэн “нэг цонхны үйлчилгээ” гэдэг чинь хамаг үйлчилгээ нэг дор төвлөрсөн буянтай газар байна.Татвар, Нийгмийн даатгал, Халамж, Наториат, Банк, Газрын алба,Үйлдвэр үйлчилгээ гээд юу л хэрэгтэй бүхэн тэнд төвлөрсөн байна Би хэдхэн минутад л зорьсон ажлаа амжуулчихаад бас дэлгүүр орж ойр зуур юм аваад ирлээ гэснээ барьж ирсэн торноосоо чихэр жимс гарган таваглав.
-Та хоёрт Нэг лонхны үйлчилгээ л таарна.Тэрнээс хэтэрвэл халуураад дахиад юм нэхээд эртүүдийнх шиг юм болж магадгүй.Тэгвэл ч би зүгээр өнгөрөөхгүй шүү. Би Чимгээгээ дуудан Нэг данхны үйлчилгээгээ эхлэе гээд утсаа залгав.

-Энэ чинь Нэг цонх,нэг лонх,нэг данх энэ тэр гээд юу яриад байна. Манай авгай ийм сайхан ааш гаргаагүй их удсан байна шүү гэж Батаа баясгалантайяа өгүүлэхэд Сүхээ түүнийг дэмжин Гэрлээгийн сэтгэлд гэрэл татуулсныг бодоход тэр их сайхан юм байж таарна гээд мар мар инээв. Гэрэлээг утсаа тавиур дээр тавьж амжаагүй шахам байтал Чимгээ бүсгүй орж ирээд
- За сайн байцгаана уу? Юу яасан цонх гэнээ. Тэр чинь тэгээд Ваакум цонх юм уу? Модон цонх юм уу? гэж шалгааж гарлаа. Гэрэлээ хуучны гуулин данхтай цайнаас аягалан Чимгээд өгөх зуураа
-За миний найз цай уу. Хоёулаа нэг данхны үйлчилгээ явуулах зуураа би чамд сайхан тайлбарлаад өгнө гэв. Чимгээ аяга дүүрэн халуун цайнаас том том балгах зуур хоёр чих нь Гэрэлээгийн зүг сунаж байгаа харагдав...

Гаднаас Батаагийн хүү Болд орж ирэнгээ
-Ааваа, ээжээ . Ах ирэх болоогүй юмуу . Би хичээлээсээ хоцрох нь байна шүү дээ гээд хошуугаа унжуулав.
-Манай хоёр хүүхэд дундаа нэг цүнхтэй юм л даа гэж Батааг хэлэхэд Гэрэлээ өлгөн авч Нэг цүнхний үйлчилгээтэй гээч гэж нэмж өгүүлэв.
Түрүүнээс хойш хөөгдөх байх хэмээн айж суусан Сүхээ лонхтой архиа хундганд хоослоод ярианд оролцон
-Нэг лонхны үйлчилгээ зүгээр ч юм уу? Согтохгүй,шогтохгүй бас шартахгүй гэх нь аман дээрээ магтаж байгаа мэт боловч сэтгэл арай л ханасангүй, жаахан нэмчихмээр л байна гэсэн өнгө аяс илт байлаа.
Дүрэмт хувцсаа өмсөж зогссон Болд хүү
-Нэг цүнхний үйлчилгээ муухай. Надад цүнх аваад өгөөч гэж эрхлэн өгүүлэв. Түрүүнээс хойш дуугүй суусан Батаа сая л ам нээн

-Миний хүү ээждээ л хэл. Ээж нь л бүгдийг мэддэг шүү дээ гэв. Түүний үгийн өнгөнд Найзынхаа нэг лонхны үйлчилгээний хариуг баримаар л байна гэсэн өнгө аяс илт байлаа.
-Нэг цонхны үйлчилгээ Нээрээ ашигтай юм аа. Ажил төрөл хөөцөлдөхөд Аягүй хурдан бүтэх юм гэж Гэрэлээ үнэн сэтгэлээсээ хэлээд цай аягалахаар данхаа өргөхөд их л хөнгөхөн болсон байлаа. Түүнийг ажсан Сүхээ
- Авгай хүүхнүүдийн маань Ааш нь хүртэл зөөлрөөд Нэг Цонхны үйлчилгээ нээрээ дажгүй юм байна. Бид 2-ын Нэг лонхны, та 2-ын нэг данхны үйлчилгээ ч дуусаж байгаа бололтой. Орсон бороо арилдаг, ирсэн гийчин буцдаг гэж үг бий. Би ч ажлаа бодохоос доо гээд босов.

Нанжимын Хүрэлбаатар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш