logo
Хайр, үхэл хоёр адилхан

Хайр, үхэл хоёр адилхан

2012/04/27
Өнөөдөр /өчигдөр/ Чернобылийн атомын цахилгаан станцад айм­­шигт осол гарсны 26 жилийн ой тохиож байна. Энэ өдөрт зориулж, цац­рагт хордон амиа алдсан гал сөнөөгч Василий Иг­на­­тен­­­­когийн гэргий Люд­ми­лагийн “Черно­быль” сай­тад ний­тэлсэн дурсам­жийг товч­лон хүргэе. Би хайр, эсвэл үхлийн алиных нь талаар ярихаа мэдэхгүй бай­на. Эсвэл энэ нь нэг зүйл юм болов уу.
Бид гэрлээд удаагүй байсан юм. Гудамжаар явах­даа ч, дэлгүүр орохдоо ч бид хоёр гар гараасаа хөтлөлцөн гүйлддэг байлаа. Би түүнд үргэлж л “Би чамд хайртай” гэж хэлнэ. Гэхдээ тэрхэн хугацаанд түүнд хэчнээн хайртайгаа би ухаараагүй явжээ.
Бид гал сөнөөгчдийн дотуур байрны хоёрдугаар давхарт гурван айлтай хамт амьдардаг байсан юм. Энэ дотуур байрны дөрвөн айл дундаа нэг гал тогоотой. Харин нэгдүгээр давхарт галын улаан машинууд байдаг. Энэ бол Василийн эрхэлдэг ажил.
Тэр нэгэн шөнө би хүчтэй чимээнд  цочирдон сэрж, цонх руу гүйтэл хайрт минь аль хэдийнэ босчихсон, “Салхив­чаа хаагаад унтаж байгаарай. Станцад гал гарсан байна. Би удахгүй ирнэ” хэмээн гэрээсээ гарсан юм.
Үнэндээ  тухайн  үед  би  дэлбэрэлтийг бус, зөвхөн галын дөл бадарч байгааг л харсан. Галын дөлөөр эргэн тойрны бүх зүйл гэрэлтэж, тортог хийсч байлаа. Станцын дээврийг битумээр хийсэн болохоор тэр нь шатаж, тортог хийсч л дээ. Гал сөнөөгчид брезентэн хувцсаа өмсөж ч амжилгүй, дан цамцтайгаа гал руу явсан байв. Тэдэнд огт анхааруулга өгөлгүй, энгийн түймэрт авч явдаг шиг дайчилсан хэрэг.
Дөрвөн цаг, тав, зургаан цаг боллоо. Уг нь зургаан цагт бид Припять хотоос холгүйхэн оршдог түүний аав, ээжийнх рүү явахаар төлөвлөсөн байсан юм. Тэнд очиж, газар хагалж, үр суулгахаар ярилцсан байсан. Түүний минь аав, ээж шинэ байртай болсон ч хүүгээ хот руу явуулах дургүй байсан гэдэг. Василий минь Москвагийн гал сөнөөх ангид алба хааж, гал сөнөөгч мэргэжилтэй болоод ирсэн юм. Заримдаа би түүнийхээ дуу  хоолойг мэдэрдэг. Харин зургийг нь харахаар түүний дуу хоолой шиг санагддаггүй юм.

Тэднийг анхны золиос гэдгийг хэн нь ч
мэдээгүй

Долоон цаг боллоо. Түүнийг минь эмнэлэгт байна хэмээн хэн нэгэн на­дад хэлэв. Яаран гүйж очтол эм­нэлгийг цагдаа нар тойрон хүрээлж, хэнийг ч оруулсангүй.  Зөвхөн түргэн тусламжийн тэрэгнүүд л нааш цааш давхина. Цагдаа нар “Машинд дайруу­лав аа. Битгий ойрт” хэмээн хашгирч байлаа. Тэнд ганцхан би бус, тэр шөнө станцад байсан бүх хүний ар гэрийнхэн ирсэн байсан. Энэ эмнэлэгт ажилладаг танилаа хайж, машинаас гарч ирэхэд нь халатнаас нь зуурч байгаад “Намайг оруулаач” гэж гуйлаа. Танил эмч маань “Чадахгүй ээ. Түүний бие муу байна. Энд ирсэн бүх хүний бие муу байгаа” хэмээн хэлэв. Би түүнээс зуурсан хэ­вээр “Зүгээр л харах гэсэн юм” гэж хэлтэл эмч “За яах вэ. 15-20 минут л болно шүү” гээд зөвшөөрлөө.
Ингээд би түүнийг харлаа. Бүх зүйл нь хавджээ. Нүд гэх юм бараг алга. Танил эмч маань “Сүү хэрэгтэй байна. Их хэмжээний сүү. Дор хаяж гурван литрийг уулгах хэрэгтэй” гэж надад хэлэв. Энэ эмнэлгийн эмч, сувилагч, ас­рагч нарын ихэнх нь хэсэг хугацааны дараа өвдөж, үхсэн. Гэхдээ тэдний хэн нь ч энэ үхлийг гадарлаагүй байсан биз.
Өглөөний 10 цагийн үед оператор Шишенок өнгөрөв. Тэр хамгийн тү­рүүнд нас барсан юм. Дараа нь Валера Ходемчук. Энэ үед бид тэднийг анхны золиос гэдгийг мэдээгүй л байсан юм билээ.
Хажууд минь миний найз Таня Кибенок ирлээ. Түүний нөхөр ч бас энэ тасагт ирсэн аж. Танягийн аав машинтай болохоор бид ойролцоох тосгон руу сүүнд явлаа. Хотоос гурван км-ийн зайд орших тосгоноос гурван литрийн савлагаатай зургаан сав сүү худалдан авч, эмнэлэгт авч ирэв. Гэвч эмнэлэгт ирэгсэд сүү ууснаас болж маш ихээр бөөлжиж байв. Мөн үе үе ухаан алдаж байсан бөгөөд тэдэнд дусал хийж байлаа. Эмч нар яагаад ч юм бэ, тэднийг гаазанд хордсон хэмээн баталж байсан бөгөөд хэн нь ч цацраг идэвхт бодисын хордлого авсан гэж гадарлаагүй.
Хотыг цэргүүд бүсэлж, бүх замыг хаасан юм. Галт тэрэг, автобусны хөдөл­гөө­нийг  зогсоож, гудамжийг ямар нэ­гэн цагаан нунтгаар угааж эхлэв. Энэ үед би “Маргааш яаж тосгон орж, сүү авна даа” гэж бодож байлаа.
Орой гэхэд эмнэлэгт хэнийг ч оруулахаа болив. Эмнэлгийг тойроод дүүрэн хүн. Би хайртынхаа хэвтэж буй тасгийн цонхон дор очиход, тэр дөхөж ирээд ямар нэгэн зүйл хашгирч байлаа. “Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийг Москва руу өнөө шөнө авч явах нь ээ” гэсэн яриа хүмүүсийн дунд гарчээ. Тиймээс эхнэрүүд нэгдэж, хамтдаа явна гэсэн шийдвэр гаргалаа. Гэтэл энэ хооронд тэднийг аль хэдийнэ онгоцоор аваад явчихсан байв.
Тэр орой радиогоор “Хотын ир­гэдийг 3-5 хоногоор нүүлгэн шил­жүүл­нэ. Дулаан хувцас, майхнаа аваарай. Ойд хоноглоно” гэж ярьж, автобус, галын машинуудыг эгнүүлэн тавьсан байсан. Зарим хүн байгальд гарч, тэндээ тавдугаар сарын нэгнийг үзэх нь гэж  баярлалдан, гитар, хөгжмөө авч явж байлаа. Харин эмнэлгээс явсан нөх­рүүдийн эхнэрүүд л уйлалдаж байв.
Тэр орой би зургаан сартай жи­рэмсэн хэрнээ маш ихээр бөөлжиж, хар даран зүүдлэв. Өглөө нь сэрээд Москва явахаар шийдэж, аав, ээжид нь хэлтэл намайг хориглож байсан ч хадгаламжинд байсан бүх мөнгөө өгч, замд гаргасан…

Хайрт минь өдөр ирэх
 тусам өөр хүн болж
байлаа

Ингээд Москвад очиж, Чернобылийн гал сөнөөгчид аль эмнэлэгт хэвтэж байгаа талаар тааралдсан цагдаагаас асуутал “Улсын нууц” хэмээн гайх­шируулав. Цааш сурагласаар цацраг  идэвхт бодисын хордлого тайлах төв болох “Щукинская” гудамжны зургаадугаар эмнэлэгт хэвтэж байгааг мэдлээ. Манаачид нь мөнгө өгч, цацраг идэвхийн тасгийн эрхлэгч Ангелина Васильевна Гуськоватай уулзан жи­рэмснээ нуун худал хэлж, орох зөвшөөрөл авав.
Тасгийн эрхлэгч намайг ороход “Уйлж болохгүй. Тэвэрч, үнсэлцэж болохгүй. Ойртож болохгүй. 30 минут л уулзана шүү” хэмээн баахан заавар зөвлөгөө өгсөн юм.
Тасагт ортол гал сөнөөгчид орон дээрээ суун, хөзөр тоглон, инээлдэж байлаа. Тэр минь 52 размерын цамц өмсдөг байхад 48 размерын унтлагын хувцас  өмсүүлсэн нь  инээдтэй хараг­даж байв. Нүүрнийх нь хавдар буусан байх бөгөөд ямар нэгэн шингэн зал­гуулсан байлаа.
Василий намайг хармагцаа тэврэх гэж  гүйж ирснээ, “Эмч хориглосон” гээд хавьтуулсангүй. Биднийг хоёулх­наа байхыг хүсч байгааг нөхөд нь ойлгосон бололтой, уван цуван өрөөнөөс гарцгаалаа. Энэ үед би түүнийг тэвэрч, үнстэл тэр намайг түлхэх нь тэр.
Маргааш өдөр нь эмнэлэгт очтол бүгдийг нь тусгаарлаж, коридорт га­рахыг ч хоригложээ. Цацрагийн хэм­жээг хүн бүр янз бүрээр хүлээн авч бай­гаа тул заримынх нь бие муудсан гэнэ.
Ингээд би хэд хоног эмнэлэгт хэв­тэж буй нөхөртөө болон түүний андуу­дад хоол зөөсний эцэст эмнэлэг доторх эмнэлгийн ажилчдын өрөөнд амьдрах боломжтой боллоо. Тэнд гал тогоо байхгүй болохоор эмнэлгийн ажилтнуудаас “Яаж хоол цай бэлдэх вэ” хэмээн асуув. Гэтэл тэд “Хоол хийх хэрэггүй болсон. Тэдний ходоод хоол хүлээн авч чадахаа байсан” гэв.
Хайрт минь өдөр ирэх бүр өөрч­лөгдөж, би өөр хүнтэй уулзаж байгаа мэт болов. Шарх нь ил гарч ирж, ам, хэл, хацар дээр нь жижигхэн шарх байс­наа тал тал тийш улам томров. Хувхай цагаан царай, хөх, улаан, бор саарал бие... Гэсэн ч тэр миний хайртай хүн мөн шүү дээ.
Эмнэлгийн ажилтнуудын өрөөнд амьдрахаар болсон эхний өдөр цацраг хэмжигчид намайг хэмжиж, бүх эд зүйлс, дотуур хувцсыг минь хүртэл ша­таасан юм. Оронд нь 56 размерын халат, 43 размерын шаахай өгөв. Шуу­­данч дээр очиж, түүний эцэг эх, хамаатан садныг бүгдийг нь дуудлаа.
Тавдугаар сарын есөн. Тэр надад үргэлж л “Москва ямар сайхан гэж санана. Ялангуяа Ялалтын баяраар салют буудах нь үнэхээр гайхалтай. Би чамд үзүүлэх юмсан” хэмээн ярьдаг байсан юм. Ялалтын баярын орой би түүнийхээ тасагт орж ирээд суутал хайрт минь нүдээ нээгээд “Одоо өдөр болж байна уу, шөнө болж байна уу” хэмээн асуув. “Оройн есөн цаг” хэмээтэл тэр “Цонхоо онгойлго доо. Салют буудаж байна” гэв. Цонхоо нээтэл наймдугаар давхраас Москва хот тэр чигтээ харагдаж байв. Тэнгэрт баглаа оч үсчих аж.
Хайрт минь “Тийм ээ. Би чамд Москваг үзүүлнэ гэж амласан. Баяраар цэцэг бэлэглэнэ гэж амласан шүү дээ” хэмээн дэрэн доороосоо гурван ширхэг хадаасан цэцэг гаргаж ирэв. Би түүн рүүгээ гүйн очиж, “Чамдаа би хэчнээн их хайртай гээч. Чи миний цорын ганц хайрт” хэмээн үнссэн юм. Түүнийгээ би тасагт нь биш, коридорт цаг үргэлж сахидаг байлаа. Нэг удаа толгой эргэж, цонхны тавцангаас барьж автал хажуугаар өнгөрсөн эмч барьж аваад гэнэт “Чи жирэмсэн байсан юм уу” хэмээн хашгирав. Би “Үгүй, үгүй” хэмээн сандран хэлтэл “Битгий хуураад бай” хэмээн явж одов. Маргааш нь эрхлэгч намайг дуудаж баахан байцаалт авлаа…

Хүн 14-хөн хоногийн
дотор үхдэг юм билээ

Тэр шөнө  Америкийн  эмч,  про­фессор Гейл нөхөрт маань чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр болов. Нөхрийн минь ах, эгч, эмэгтэй дүү нь ирж, тохирох чөмөг хайтал 14 настай дүү охиных нь таарсан юм. Харин 28 настай эгч Люда нь өөрөө зөвшөөрснөөр түүний  чөмгийг  шилжүүлэн   суул­гахаар болсон. Ха­рамсалтай нь энэ мэс заслаас болж түүний эгч, залуу сайхан бүсгүй насаараа өвчний үүр болсон юм.
Мэс заслын дараа нөхрийг минь тусгаарлаж, надаас өөр хэнийг ч ойртуулахаа больсон. Энэ үед хайрт минь хоногт 25-30 удаа цустай суулгаж, гар, хөлийн арьс нь мултарч унаж байлаа. Толгойгоо эргүүлэх төдийд дэрэн дээр нь туг туг үс унана. Би түүнийгээ тайтгаруулахыг хичээж “Самнах шаардлагагүй, амар л биз” хэмээн тоглоом шоглоом хийж байлаа. Би түүнээсээ улам л холдмооргүй байсан бөгөөд хором бүр үнэ цэнтэй, харамсалтай санагдаж  байв.  Түүнийхээ цагаан хэрэглэлийг солих  бүрт нил цус болж, жаахан хүрэх төдийд арьс нь тасарч унаж байлаа.
Нэгэн удаа би коридорт гарч, жижүүр сувилагчид “Тэр үхэж байна” хэмээн хэлэхэд тэр “Чи түүнээс юу хүсээ вэ. Тэр 1600 рентген авсан. 400 байхад л үхлийн хэмжээнд ордог юм шүү дээ. Чи реакторын хажууд сууж байна даа” хэмээн хэлж билээ. Хэд хоногийн дараа би найз Таня Кибенокийнхоо нөхрийн оршуулгад оролцоод иртэл Василий минь өөд болсон байлаа. Түүний минь цогцсыг  хамаатан саднуудад нь өгөлгүй, улс тусгай журмаар оршуулсан юм.
…Би түүнд хайртай байсан. Хайр­тай гэдгээ ч мэдэрдэггүй байжээ. Цац­рагийн хор тайлах эмнэлэг. 14 хоног. 14-хөн хоногийн дотор хүн үхдэг юм билээ.
…Хоёр  сарын  дараа  би  Москвад ирж, Ангелина Васильевна Гусько­вагийн дэргэд хүүхдээ төрүүлсэн. Охин гарлаа хэмээн эмч нар хэлэхэд би аавынх нь өгсөн “Наташенька” хэмээх нэрийг хайрласан юм. Хөл, гар бүх юм нь эрүүл саруул  хүүхэд. Даанч охин минь элэгний циррозтой мэндэлсэн байжээ. Түүний бяцхан элэг 28 рентгений хордлоготой, төрөлхийн зүрхний дутагдалтай байсан юм. Дөр­вөн цагийн дараа охин минь өнгөрч, бас л тусгай журмаар  оршуулсан. Тэр бяцхан амьтан цацрагийн хордлогыг өөртөө шингээн авч, намайг аварсан байжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш