Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай болон түүний албатууд өнгөрсөн онд тендерт хэрхэн оролцож, ямархуу ашиг унагасны зах зухаас манай сонин №86 дугаартаа нийтэлсэн юм. Тэдний иймэрхүү хэргийн сэжүүрийг Авлигатай тэмцэх газарт хэсэг иргэд тодорхой баримтаар баталгаажуулан өгсөн боловч харамсалтай нь үл тоомсорложээ. 2011 оны есдүгээр сарын 12-ны өдөр нэгэн /тэр нэрээ сонинд бичихийг хүссэнгүй/ иргэн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн өргөдөлдөө БТ/2011/01 дугаартай тендерийн будлианы талаар өгүүлсэн байв. Энэ нь Т.Бадамжунай сайдын нөмөр нөөлөг дор “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирал Б.Баттогтох гэгчийн үйлдсэн хууль бус үйдлийн тухай байжээ. Уг тендерээр тэд их хэмжэний мөнгө завшсан байх магадлалтай хэмээн шалгуулахыг хүссэн нь зүйн хэрэг. Гэтэл АТГ-ын ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Г.Ганбаатар 2011 оны 10 дугаар сарын 3-нд ирүүлсэн 191 тоот “хариу мэдэгдэх” хуудастаа “ХХААХҮЯ нь “Цагаан залаа агвет” ХХК-ийн дансанд ямар нэгэн санхүүжилт хийгээгүй, Сангийн яамнаас 2011 оны есдүгээр сарын 23-ны өдөр 4/2859 тоот албан бичиг ХХААХҮЯ-нд хүргүүлж бүх тендерээс татгалзах санал үндэслэлээ холбогдох баримт бичиг, хуулийн дагуу тайлбарласан. Ямар нэгэн хохирол учруулсан нь тогтоогдсонгүй” гэсэн утгатай хариу өгсөнд зарим мэргэжлийн байгууллага, хүмүүс илт дургүйцэж байна. Тиймээс АТГ-т дахин ханджээ. Тэдний хоёр дахь удаагаа илгээсэн гомдлын бичигт “Бид Монгол улсын Мал эмнэлгийн салбарыг сүйрлийн ирмэгт хүргэсэн “Цагаан залаа агвет” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ХХААХҮЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн бөгөөд одоо ХААИС-ийн захирлаар ажиллаж буй Б.Бямбаа, түүний төрсөн дүү “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирлаар 14 жилийн турш ажиллаж, 2011 оны долдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 100 хувийн төрийн өмчит Биокомбинатын захирлаар томилогдон ажиллах болсон Б.Баттогтох нарын олон жилийн турш явуулсан авлигын шинжтэй үйл ажиллагааг таслан зогсоох зорилго тавьсан юм. ...Бусдыг гэмт хэрэгт гүтгэх гээгүй. Ийм ёс зүйгүй үйлдэл бид хийхгүй. Хэрвээ гүтгэсэн бол хуулийн өмнө хариуцлага хүлээх учиртай” гэжээ.
Үүнээс харахад тэд АТГ-т хандаж, Т.Бадамжунай, Б.Бямбаа, Б.Баттогтох нарын хууль бус явдлыг илчилсэндээ огтхон ч эргэлзэхгүй байгаа ажээ. Харин ч улам барьцаа ахиулж БТ/2011/03 дугаар бүхий өөр нэг тендертэй холбоотой асуудлыг сөхөж тавьсан байна. Үүндээ “Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нь “Цагаан залаа агвет” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын авлигын нөлөөллөөр Монгол улсын Засгийн газрын 2011.06.22-ны өдрийн 192 дугаар тогтоолын 2.5-д “ Мал сүргийг халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалтад бүрэн хамруулах ажлыг 2011 онд багтаан гурван удаа нэгдсэн байдлаар зохион байгуулах” гэдэг хууль бус заалт оруулжээ. Энэ нь их хэмжээний мөнгийг Засгийн газар, улсын төсвөөс хууль бусаар гаргуулан, “Цагаан залаа агвет” ХХК-аас 45702,5 литр ивермектинтэй дүйцэхүйц эмийг нэг литрийг нь 58728 төгрөгөөр нийт 2.684.016.420 (хоёр тэрбум зургаан зуун наян дөрвөн сая арван зургаан мянга дөрвөн зуун хорин) төгрөгөөр худалдан авах гэрээг 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны үед ХХААХҮЯ болон “Цагаан залаа агвет” ХХК-ийн хооронд байгуулан, ХХААХҮЯ нь “Цагаан залаа агвет” ХХК-д тийм хэмжээний мөнгө төлж, одоо тус эмийг аймаг орон нутгийн мал эмнэлгүүдэд хуваарилан хүргэж байна” гэжээ. Мөн тэрхүү тендерээр хийвэл зохих ажил, эм бэлдмэлийн үнэлгээ, тооцоог ч хийж үзүүлсэн байв. Эдгээрээс эцсийн дүнд сайд Т.Бадамжунай нь албан тушаалаа урвуулан ашиглаж “Цагаан залаа агвет” ХХК-тай хуйвалдан улсын төсвөөс 362645400 (гурван зуун жаран хоёр сая зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуун) төгрөг завшсан нь тодорхой байгаа аж. Ийм хэмжээний мөнгийг Т.Бадамжунай зөвхөн өөртөө аваагүй байх л даа. Б.Баттогтох нартаа бас мөнгө завших боломж гаргаж өгсөн биз.
Авлигатай тэмцэх газарт өгсөн гомдолд тэдний хууль бус үйдлүүдийг эрх зүйн талаас нь нэлээд чамбай дүгнэсэн байна. Тухайлбал, “Монгол улсын Засгийн газрын 2011.06.22-ны өдрийн 192 дугаар тогтоолын 2.5-д “Мал сүргийг халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалтанд бүрэн хамруулах ажлыг 2011 онд багтаан гурван удаа нэгдсэн байдлаар зохион байгуулах”-аар тусгасан. Гэтэл ХХААХҮЯ нь Монгол Улсын үхэр, тэмээ, ямаа, хонин сүргийг нэг л удаа тарих хэмжээний боловсруулалтын бэлдмэл худалдаж авахаар зохион байгуулсан байна. Үүний шалтгаан нь уг эмийг “Цагаан залаа агвет” ХХК-аас худалдаж авахаар төлөвлөхдөө зах зээлийн үнээс хавьгүй өндөр үнээр худалдаж авсан явдалд байгаа юм” гэсэн нь анхаарал татаж байна.
Урьд нь, 2008 онд ХХААХҮЯ-наас зарласан ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын бэлдмэл худалдаж авах тендерт “Цагаан залаа агвет” ХХК, “Агро-эх” ХХК зэрэг компани оролцож байжээ. Тэр үед нэг литр ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын бэлдмэлийг 26000-28000 төгрөгөөр нийлүүлэхээр (бөөний үнэ) үнийн санал ирүүлсэн байв. Жижиглэнгийн үнэ нь 40000-45000 төгрөг. Эдгээр үнийн баримт нь ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг-үржлийн газрын аль нэгэнд хадгалагдаж байгаа биз ээ. Тэгвэл 2008 оноос хойш гадаад, дотоодын зах зээл дээр ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын бэлдмэлийн үнэ 100-130 хувиар буюу 2-2.3 дахин нэмэгдсэн гэхэд итгэх хүн алга. Гадаад валюттай харьцах монгол төгрөгийн ханш хоёр дахин унасан юм уу. Үгүй дээ. Тиймээс үнэ ингэж өөрчлөгдөх ямар ч үндэсгүй байв. Тендерт харин хуйвалдаанаар тохиролцож мал эмнэлгийн аптекуудад ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын бэлдмэлийг борлуулдаг жижиглэнгийн хамгийн өндөр үнээр худалдаж авсан нь тодорхой аж. Бөөний үнэ болон жижиглэнгийн үнийн хооронд асар их зөрүүтэй байгааг авлигатай тэмцэгчид одоо олж харах байх, тэнэг л биш бол.
“Цагаан залаа агвет” ХХК-аас уг эмийг худалдаж авахаар ХХААХҮЯ-наас 2011 онд зохион байгуулж төлөвлөсөн нь ч ашиг сонирхол, авлигын хэргийг эртнээс сайтар төлөвлөж хийсэн бололтой. 2008 онд “Цагаан залаа агвет” ХХК нь ХХААХҮЯ-наас зарласан тендерт оролцоод шалгарч чадаагүй тохиолдол ч бий. Үүнийхээ хор шараар ХХААХҮЯ-тай заргалдан олон шатны шүүхээр шүүхдэлцэж байсан юм билээ. Гэхдээ булхай нь булталзсан тус компани Сангийн яамны “хар данс”-д орж, гурван жилийн турш тендерт оролцох эрхгүй болсон байв. Тэр үеэс хойш буюу 2008-2010 онуудад ХХААХҮЯ нь ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын бэлдмэл худалдаж авах тендер зарлаагүй юм байна. Эндээс харахад ХХААХҮЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг-үржлийн газар нь ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын бэлдмэл худалдаж авах тендерийг зөвхөн “Цагаан залаа агвет” ХХК-д зориулан, зохион байгуулдаг ч юм шиг дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл “Цагаан залаа агвет” ХХК-ийг Сангийн яамны “хар данс”-аас гарахыг хүлээж байгаад дээрх тендерийг зарлан урьд өмнө нь хэзээ ч ийм их хэмжээгээр худалдаж авч байгаагүй, хамгийн өндөр үнэтэй тендер зарласан гэмээр ажээ. “Цагаан залаа агвет” ХХК-ийн “алдагдлыг нөхөх” буюу “шархыг нөхөх” зорилготой байсан ч юм билүү гэсэн хардлага хар аяндаа төрнө.
Мөн энэхүү тендер нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн дагуу зохион байгуулагдаагүйг мэргэжлийн хүмүүс нотолж байна. Ерөөсөө Т.Бадамжунай, Б.Баттогтох нар ямар холбоотой хүмүүс юм бэ. Үүнийг бид Авлигатай тэмцэх газарт очоод байгаа дараах баримт, нөхцөл байдлуудаас харж болох болов уу. Биокомбинатын захирлын томилгооны эргэн тойронд болсон процессыг огнооны дарааллаар бичсэнийг бүрэн эхээр үзье. Үүнд:
-2010 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Төрийн өмчийн хороо нь ХХААХҮЯ-тай зөвшилцөж тохиролцохгүйгээр “Цагаан залаа агвет” ХХК-ийн эзэн, хувьцаа эзэмшигч бөгөөд тухайн үед тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Баттогтох гэгч этгээдийг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар хууль бусаар томилжээ.
-2010 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Биокомбинат ТӨААТҮГ-ын нийт ажиллагсад нь “Цагаан залаа агвет” ХХК-ийн эзэн, хувьцаа эзэмшигч бөгөөд өмнө нь олон удаа “Биокомбинат” ТӨААТҮГ-тай ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийж байсан Б.Баттогтохыг тус үйлдвэрийн захирлаар томилсон Төрийн өмчийн хорооны шийдвэрийг эсэргүүцсэний улмаас Төрийн өмчийн хороо шийдвэрээ хүчингүй болгож, тус үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Төрийн өмчийн хорооны Удирдлага-хувьчлалын газрын ахлах мэргэжилтэн Д.Батсүхийг томилсон байна.
-2011 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Төрийн өмчийн хороо, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдээс бүрдсэн сонгон шалгаруулах комисс нь “Цагаан залаа агвет” ХХК-ийн эзэн, хувьцаа эзэмшигч нар болон тэдний ард нуугдаж байгаа этгээдүүдтэй хуйвалдаж холбогдох хууль, журам, нэр дэвшигчид тавьсан шаардлагаа бүгдийг нь зөрчин байж Б.Баттогтохыг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар дахин томилуулахаар сонгожээ.
-2011 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Төрийн өмчийн хорооноос “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар Б.Баттогтохыг томилохоор зөвшилцөж дэмжүүлэх саналаа ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд хүргүүлжээ.
-Төрийн өмчийн хорооны саналд долоо хоногийн дотор хариу өгөх журмын заалттай боловч Т.Бадамжунай ямар ч хариу ирүүлсэнгүй. Ийнхүү хэдэн сарын турш хариу өгөлгүй байсаар байв.
-2011 оны зургадугаар сарын 22-ны өдөр ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Монгол улсын Засгийн газрын “Мал аж ахуйн салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зарим арга хэмжээний тухай” 192 дугаар тогтоолын 2.5-д “Мал сүргийг халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалтад бүрэн хамруулах ажлыг 2011 онд багтаан гурван удаа нэгдсэн байдлаар зохион байгуулах” гэдэг хууль бус заалт оруулан батлуулжээ.
-2011 оны долдугаар сарын 05-ны өдөр ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нь “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар “Цагаан залаа агвет” ХХК-ийн эзэн, хувьцаа эзэмшигч Б.Баттогтохыг томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн 1/2100 тоот албан бичгийг Төрийн өмчийн хороо руу илгээсэн байна.
-2011 оны долдугаар сарын 07-ны өдөр Төрийн өмчийн хороо нь ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайгийн 1/2100 тоот албан бичгийг үндэслэн хувийн “Цагаан залаа агвет” ХХК-ийн эзэн, хувьцаа эзэмшигч Б.Баттогтохыг 100 хувь төрийн өмчтэй “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар томилов.
-2011 оны долдугаар сарын 27-ны өдөр ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газар нь “Цагаан залаа агвет” ХХК-нд зориулсан “Дотоодын малын эмийн үйлдвэрүүдээс боловсруулалтын (ивермектинтэй дүйцэхүйц) эм нийлүүлэгчийг сонгох” тендерээ зарласан байна.
-2011 оны наймдугаар сарын 26-ны өдөр нээсэн “Дотоодын малын эмийн үйлдвэрүүдээс боловсруулалтын (ивермектинтэй дүйцэхүйц) эм нийлүүлэгчийг сонгох” тендертээ “Цагаан залаа агвет” ХХК-ийг сонгожээ.
-2011 оны есдүгээр сарын 23-ны өдөр Сангийн яамны зүгээс 4/2859 тоотоор ХХААХҮЯ-нд хандаж “Цагаан залаа агвет” ХХК-ийг шалгаруулсан үйлдэл нь тендерийн өгөгдлийн 18.2/a/-д заасан шаардлагыг нь хангаагүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 31.1.1-ийн дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэдэг үндэслэлийг сануулж зөвлөсөн албан бичгийг илгээж ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газар болон “Цагаан залаа агвет” ХХК-ийн хоорондын хуйвалдаант үйлдлийг түр таслан зогсоов.
-2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газар нь “Дотоодын малын эмийн үйлдвэрүүдээс боловсруулалтын (ивермектинтэй дүйцэхүйц) эм нийлүүлэгчийг сонгох” тендерээ дахин зарласан гэжээ.
Иймэрхүү л үйл явц өрнөж байсан юм байна. Эдгээрийг анзааралгүй өнгөрч боломгүй. Гэхдээ одоо авлигатай тэмцэгчид хэрхэхийг харж суухаас яахав.
Б.Отгонбаяр