Түүнийхээр бол Монголын ард түмний нийт гадаад өр 2011 оны байдлаар 9.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний дотор 7.5 тэрбум ам.долларын өрийг 2008 оноос хойш засаг барьсан нөхөд тавьсан гэлээ. Дөрөвхөн жилд тавьсан 7.5 тэрбум ам.долларын гадаад өрийн дийлэнх хувийг МАН, АН-ын олигархиудын компанийх хэмээн сүржигнэв. Улмаар гишүүн Ц.Шинэбаяр хэн гэдэг эзэнтэй, ямар компани, хэний баталгаагаар ийм хэмжээний өр тавьсныг удаа дараа асууж, тодруулах гэсэн ч Төвбанк нуун дарагдуулсан хэмээн “гомдоллож” байгаа.
Хувийн компани биш Монголын ард түмний банк бол ард түмнээсээ юуг ч нуух ёсгүй учраас өрийн учрыг олж эх орноо цэвэрлэхийн тулд АН, МАН-ын шударга гишүүд хүчээ нэгтгэн, 2012 оны сонгуулийн өмнө сайн дурын төрийн бус байгууллага болох намуудыг бүгдийг нь татан булгаж, улстөр, эдийн засгийн гэмт хэргийг таслан зогсоох ёстой хэмээн Ц.Шинэбаяр уриалсан. Гэтэл гадаад өр зохистой хэмжээнээс хэтрээгүй, өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүйг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар албан ёсоор зарлалаа.
Нийт гадаад өрийн 2.2 тэрбум ам.доллар нь Засгийн газарт хамааралтай бөгөөд үлдсэн 7.4 тэрбум ам.доллар нь хувийн хэвшил, түүн дотроо банк, банк бус байгууллагын өр байгаа гэдгийг Монголбанкны албан ёсны мэдээлэлд дурджээ. Засгийн газар өнгөрсөн онд 257.9 тэрбум төгрөгийн гадаад зээл авч ашиглан, өрийн үлдэгдэл 2011 оны гүйцэтгэлээр 2,650.9 тэрбум төгрөг байна. Нийт зээлийн үлдэгдлийн 66.2 хувийг төслийн, 21.6 хувийг санхүүгийн, 10.3 хувийг авто замын, 1.6 хувийг хөтөлбөрийн зээл, үлдсэн 0.3 хувийг Олон улсын валютын сангийн зээл эзэлж байгаа тухай Сангийн яамны танилцуулгад дурджээ.
Тэгвэл дотоод өрийн үлдэгдэл мөн оны гүйцэтгэлээр 503.3 тэрбум төгрөг болж. Төсвийн алдагдал, улирлын чанартай дутагдал болон орон сууц, жижиг, дунд үйлдвэр, ноос, ноолуурын салбарыг дэмжих, зарим ажлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар өнгөрсөн онд 358.3 тэрбум төгрөгийн үнэт цаас гарган арилжаалж, эргэн төлөлтөд 20 тэрбум төгрөг төлсөн байна.
Засгийн газрын нийт өр өнгөрсөн онд 3,154.2 тэрбум төгрөг болсныг Засгийн газрын хуралдаанаар тайлагнан хэлэлцсэн албаны эх сурвалж бүх хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацагдлаа.
Ингээд Монгол Улс гадаадад 7,6 тэрбум ам.долларын өртэй гээд сенсаци тарьчих гэсэн боловч үнэн хэрэгтээ “Голомт”, “МАК”, “Ерөө гол” зэрэг компани түншүүдтэйгээ хувийн шугамаар гэрээ хэлцлээр авсан 7.6 тэрбум ногоон байлаа. Манай улсын гадаад орнуудаас авсан зээлийн хэмжээг шилжилтийн 1990-ээд оны үеэс авч үзвэл 2,3 тэрбум ам.доллар. Манай Дотоодын нийтийн бүтээгдэхүүн энэ онд 14 их наяд төгрөгт хүрэх тооцооноос үзвэл түүний 20 хувьтай л тэнцэх зээлтэй байна гэсэн үг аж. Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан манай улсын нийт өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг манай улс ирэх жилээс бүрэн хангаад явах бололцоотойг Сангийн яам мэдэгдэж байна. Төр засаг бужигнаж, түмэн олон бухимдаж л байвал кайф авдаг улстөрчид байх юм.
Ард түмний элч болж суугаа парламент гэгчийн нэг гишүүн, тухайлбал, Ц.Шинэбаярын улстөр ийм л байна. Түүнд олон нийтийн эрх ашиг биш өөрийнх нь эрх ашиг хамгийн чухал байгаа нь тодорхой байна. Адуунчулуунаа алдвал л үхэхээс наагуур болно гэж ард түмний толгой дээгүүр харайлган дураараа аашилж байна. Тэгвэл Адуунчулуун ч үгүй байгаа энгийн ард яах болж байна. Тэдэнд бүр амьд явах ч утгагүй юм байна л даа.
Эх сурвалж: Өглөөний сонин