Хошин урлагийн нэрт мастеруудын нэг жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг таалал төгссөн гэх мэдээлэл facebook bolon twitter сайтаар өчигдрөөс эхлэн цацагдсан байна. Гэвч энэхүү мэдээлэл нь цуурхал байжээ. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Амбий маань Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрээр тайзнаа толилуулахаар ерөнхий продюссороор нь ажиллаж байгаа аж. Бид жүжигчинтэй өөрийнх нь гар утсаар сая холбогдож тодруулга авахад "Юу яриад байгаа юм бэ. Харин утсаа залгасан чинь бөөн асуудал болоод хүн болгон залгаад байна. Би шинэ жүжиг тавих гээд завгүй байна. Ямар учиртай мэдээ хаанаас гараад байгаа юм" гэж хариуллаа. Барууны томоохон одуудыг нас барсан тухай мэдээллийг олон нийтийн нээлттэй сайтуудаар үе үе тараадаг таагүй моод дэлгэрээд байгаа. Монгол түмний хайртай жүжигчнийг маань бурхны оронд одчихлоо гэх цуурхалыг тараасан этгээд ч мөн энэ сувгийг ашигласан байна. Ингэж facebook, twitter цахим хуудас ашиглан хүнийг гүтгэсэн, худал цуурхал дэгдээсэн этгээдтэй хэрхэн хариуцлага тооцох талаар бид эргэн мэдээлэх болно.
А.Ялгуун