logo
Х.Амарсайхан: НҮДЭЭ НЭЭ, НҮДЭЭ НЭЭЦГЭЭЕ!

Х.Амарсайхан: НҮДЭЭ НЭЭ, НҮДЭЭ НЭЭЦГЭЭЕ!

2012/04/30
МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоёр сараар сунган хорих болсонтой холбогдуулан МҮАН-аас хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл гаргасан юм. Энэ үеэр МҮАН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Х.Амарсайхантай ярилцлаа.
-МҮАН-тай улс төрийн холбоо байгуулсан МАХН-ын даргыг хорих хугацааг хоёр сараар сунгасан асуудалд танай намаас мэдэгдэл хийсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Сонгууль дөхсөн энэ үед сөрөг хүчнийхээ удирдагчийг баривчилж байгаа нь аль ч утгаараа улс төрийн шалтгаантай гэж үзэж байна. Улс төрийг зөв, соёлтой хийх нь улс орон болоод нийт олон түмэнд хэрэгтэй. Гэтэл улс төрийн баривчилгаа гэх мэт зүйлээр улс төрийг бохирдуулах, ард түмнийг цочроосон нь явуургүй үйлдэл гэж үзэж байна. Иймээс манай нам энэ асуудалд нухацтай хандаж, тодорхой хугацааны дараа албан ёсны мэдэгдэлээ гаргалаа. Би намын удирдах ажилтан хүний хувьд бидний байр суурь нэг байгаа юм.
-МҮАН гадаад бодлогынхоо асуудлыг танд хариуцуулжээ. Магадгүй таны боловсрол, дадлага чадварт итгэсэн хэрэг байх. Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу ? 
-Би Хан-Уул дүүргийн унаган иргэн. Дүүргийнхээ 53-р цэцэрлэгт хүмүүжиж, Хосе-Мартын нэрэмжит 52-р сургуулийг төгссөн. МУИС-ийн эдийн засгийн сургуулийг төгсөөд Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам, Санхүү эдийн засгийн яаманд ажиллаж байсан. Мөн Японд хөгжлийн эдийн засгийн сургууль, Австрид Венийн дипломат академид суралцсан, Вьетнам, Англи улсуудад Элчин сайдын яаманд ажилласан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Монгол улсын Засгийн газар хоорондын хамтарсан зөвлөл болон “Ажнай” корпорацид ажиллаж ирсэн. Миний эзэмшсэн мэргэжил, боловсрол, ажлын туршлага, үзэл бодолд манай нам итгэл үзүүлж, энэхүү чухал хариуцлагатай албыг даалгасан болов уу гэж бодож байна. Ер нь төрийн албаны нэг, төрийн тусгай албаны хоёр тангарагтай хүн дээ.
-Та гадаадад олон жил  ажиллаж ирсэн хүний хувьд үндэсний үзлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Энэ талаар өөрийн бодлоо хэлэхэд үндэсний үзэл гэдэг нь нийгэм, улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн засгийн бодлогуудын олон ухагдахуунуудтай салшгүй холбоотой гэж үзэж байна. Учир нь дэлхийн аль ч улс орон өөрийн гэсэн үндэсний төлөвлөлт, үндэсний бодлого, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний удирдахуй, үндэсний тооцоо гэсэн  том том ухагдахуунуудаа үндэс болгон хөгжлийн замаа тодорхойлдог ажээ. Тэгвэл сүүлийн үед бид Үндэсний ардчилал, үндэсний бүтээмж, үндэсний соёл хэмээх ухагдахуунуудыг байнга ярьдаг болсон. Иймээс би үндэсний хэмээх энэхүү агуу ухагдахууныг үүсэхүй, оршихуй, бадрахуй гэсэн утгаар нь ойлгодог юм. Тэгэхээр Үндэсний үзэл гэж улс орныхоо нийгэм эдийн засгийн өсөлтийг нийгэм эдийн засгийн хөгжил рүү, улс төр соёлын ахицыг улс төр, соёлын жинхэнэ дэвшил рүү хандан чиглүүлсэн “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэсэн зүйрлэлтэй шүтэлцүүлэн ойлгож явдаг. Ер нь өндөр хөгжсөн орнуудын өдий зэрэгт хүрсэн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, хөгжлийн бодлогуудыг нь ажиглахад үндэсний үзэл дээр тулгуурласан, үндэсний эрх ашгаа дээдэлсэн бодлогуудыг цогц үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд хөгжсөн байдгийг анзаарсан. 
-Таны энэхүү үзэл баримтлалаар бол улс орны хөгжил, хэтийн төлөв, эдийн засгийг хэрхэн хөгжүүлмээр санагдаж байна вэ?
  
-Өнөөдрийн Монголчуудын үндэсний үзэл нь даяарчлагдан буй дэлхий ертөнцийн энэхүү цаг дор байгаль болон хүмүүний харилцааны зохицлыг олсон цөөн үндэстнээ хадгалах, хамгаалах, хөгжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Тэгвэл Монгол хүний, Монгол улсын эдийн засаг хувийн, нийтийн, өрхийн гэсэн гурван хэвшлээс бүрдэхээр төсөөлж байна. Товчхон хэлэхэд нэгдүгээрт, “Хүн бол байгалийн амьтан” гэдэг үзэлд суурилсан хувийн хэвшлийн тогтолцоо Монголчуудын хөгжлийн нэг тулгуур байж бид хөгжих болно. Хоёрдугаарт, “Хүн бол нийгмийн амьтан” гэдэг үзэлд суурилсан нийтийн өмчийн хэвшил Монгол улсын өвөрмөц хөгжлийн замналын нэг бүрэлдэхүүн хэсэг байж бид урагшлах болно. Гуравдугаарт, “Хүн бол гэр бүлийн амьтан” гэдэг үзэлд суурилсан Монголчуудын өсөн дэвжих өвөрмөц хөгжлийн суурь болж гэмээнэ бид хөгжих болно.
    -Улс төрийн холбоо таван хувьсгал хийнэ гэсэн. Энэ талаар тодруулж хэлэхгүй юу?

-МАХН МҮАН-ын Улс төрийн холбоо байгуулан Монголоо аврах таван хувьсгал хийнэ гэдгээ зарлан мэдэгдээд байгаа. Үүнд нэгдүгээрт, УЛС ТӨРИЙН ХУВЬСГАЛ-аар улс төрийн тогтолцоог өөрчлөн хуйвалдааны  дэглэмээс ангижруулна. Хоёрдугаарт, ШУДРАГА ЁСНЫ ХУВЬСГАЛ-аар ард түмний хяналтыг тогтооно. Гуравдугаарт, ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬСГАЛ-аар монголчууд байгалийн баялагтаа хаан сууна. Дөрөвдүгээрт, НИЙГМИЙН ХУВЬСГАЛ-аар өрх бүрийг ажилтай, амар түвшин амьдралтай болгоно. Тавдугаарт, СОЁЛЫН ХУВЬСГАЛ-аар монгол иргэншлээ хамгаална.
-Ингэснээр Бид Монголоо энэхүү хүнд байдлаас аварч чадах уу?

- Аврахын тулд л таван хувьсгалын цогц бодлогыг дэвшүүлээд байгаа юм шүү дээ. Өнөөдөр бид үндэсний үзэл, үндэсний эрх ашиг дээрээ суурилсан шинжлэх ухаанч, хөгжлийн цогц бодлого, арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэх цаг нь болоод байна. Тиймээс ч миний зүгээс бүгдээрээ НҮДЭЭ НЭЭ, НҮДЭЭ НЭЭЦГЭЭЕ гэж уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

              

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш