logo

"Элсний 13"-ын ширхэгүүд төрхөмдөө буцлаа

2012/05/01
МАН-ын бага хурал сюрприз дүүрэн байх бололтой. Учир нь энэ өдөр урвагчид ил гарч, өөрсдийгөө тунхаглана. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах энэ мөчид УИХ-ын гишүүн Д.Загджав, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нар МАХН руу урвалаа. Тэд өчигдөр хуучин батлахаа өвөртөлж, Н.Энхбаярыг залгамжлахаа бараг зарлаад амжих нь тэр. Харин эцсийн мөчид Д.Загджав нэрээ татаж, намдаа үнэнч хэвээр үлджээ. Сүүлийн ганц сарын хугацаанд Н.Энхбаярт сэмхэн хайр зарлаж, ардын баатрын дүрийг чадварлагаар бүтээж байсан эрхмүүд маскаа хуулж үнэн царайгаа харуулахаар шийдвэрлэсэн нь энэ.

Нэгэн үе экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын босгосон "Элсний 13"-ынхан бутарч үгүй болсон ч үлдэгдлүүд нь дахин бослого гаргаж, уугуул намаа шантаалжилсан ч тусыг олоогүй тул урвалтаас өөр зам тэдэнд үлдээгүй бололтой. Сүүлийн нэг сарын хугацаанд Н.Энхбаярыг урдаа барин, намаа шантаажилж, тойрог горилж буйгаа ил, далдаар мэдэгдэх болсон билээ. Тэр ч бүү хэл, Ц.Нямдорж сайдыг огцруулна хэмээн намаа сүрдүүлээд амжсан. Эхэндээ Ц.Шинэбаяр гишүүнийг эс тооцвол нэг намын долоон гишүүн угшил нэгт ахыгаа суудлаас нь унагах уяаг томсон нь ховорхон тохиолдлын нэг байлаа.

Гэвч Д.Балдан-Очир, Р.Раш нар генсектэйгээ уулзсаны дараа санаа нь өөрчлөгдөж, санасандаа хүрчээ. Харин дээрх нэр бүхий эрхмүүд шантаажилсан зүйлээ гартаа оруулж чадаагүйгээр үл барам Ц.Нямдорж сайдыг унагах төлөвлөгөө ч талаар болж мэдэхээр байдал бий болоод байгаа юм. Товчхондоо, тэд энэ удаагийн сонгуулиар тойроггүй хоцорсондоо хорсож, урвахаар шийдлээ. Хэзээний урвах, шарвахдаа алдартай "Элсний 13"-ынхныг нэгэн үе "Дон Жуан" сонголт хийлээ хэмээн нэршиж байсан үе саяхан мэт.

Товчхон түүх сөхөхөд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нам доторх байр суурь нь ганхах үед намын дарга М.Энхболдтойгоо муудалцаж, өөрийгөө намдаа нөлөөтэй хэвээр байлгахын тулд дагаж намирдаг гарын хүмүүсээ нэгтгэн "Элсний 13" гэх бяцхан бүлэг байгуулж байсан түүхтэй. Тухайн үед Д.Одбаяр, Л.Одончимэд, Д.Тэрбишдагва нар сайдын албан тушаалаасаа жийгдэж, Засгийн газартаа ид гомдчихоод байсан үе.

Энэ гомдлыг хонзогнол болгон ашиглаж чадсан Н.Энхбаяр тэднийг "Элсний 13"-т нэгтгэж, М.Энхболдын Засгийн газрыг унагах тодорхой зорилго, чиглэлтэй болгож өгсөн. Тэд ч санасандаа хүрч, Засгийн газраа шүүмжлэн захидал бичсээр, М.Энхболдыг намын даргын суудлаас авч хаясан намтартай. Энэ удаад түүх давтах оролдлого хийсэн ч бүтэлгүйтэв.

Үнэндээ "Элсний 13"-ын үлдэгдэл, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тухайд Ц.Шинэбаярын алхсан мөр бүрийг алдалгүй гишгэж байна гэхэд хилсдэхээргүй. Хөвсгөл нутгийнхныг нь эс тооцвол олонд танигдаагүй нэгэн. Сонгогчдынхоо хувьд ч, намынхандаа ч нэр хүнд муутай. Сүүлийн үед намынхаа үйл ажиллагааг хурцаар шүүмжилж, эсэргүү бүхэнтэй гap барьж, гүйдгээрээ хэвлэлийн од болсноос цаашгүй. Магадгүй эл эрхэмд үүнээс өөр сонголт байгаагүй байж ч мэдэх юм.

Монголын Хайнань болсон Хөвсгөл нутагт бүлгийн дарга Ө.Энхтүвшингөес эхлээд 10 гаруй хүн нэр дэвшихээ илэрхийлж, нүдээ салгахаа больсон. Энэ үед түүнд мэдээж, нүх олдохгүй. 28-ын жагсаалтад ч тэрбээр багтахгүй. Иймд энэ удаагийн үйлдлээрээ азаа сорихоос өөр сонголт байгаагүй биз. Гэхдээ сонголт нь зөв байж, улс төрийн карьераа "булшлах" биш өсгөх зам байгаасай.

Харин Ч.Улаан бол намын Удирдах зөвлөлийн гишүүн. Гэвч намаа золигт гаргаж, нэр хүндийг нь унагаах ажил бүрт манлайлан оролцогч нэгэн. Үе үеийн Засгийн газрыг огцруулахад түүний хувь нэмэр чамлахааргүй. Мөн "Элсний 13"-ын үлдэгдэл. Шударга журамт эрхэм энэ удаагийн парламент тун ч томоотой байсан гэхэд болно. Гэвч АН хамтарсан Засгийн газраас гарч, нам нь дангаараа багаа бүрдүүлэх мөчид хууч өвчин нь сэдрэх нь тэр.

Сангийн сайдын суудлыг горилож, бас ч үгүй өөртөө итгэлтэй байсан ч түүнийг Д.Хаянхярваа далаар нь тавьчихав. Энэ үеэс өвчин нь сэдэрч, Н.Энхбаярыг ил, далдаар өмөөрч, Удирдах зөвлөлийнхөнтэйгөө ам мурийж эхэлсэн байна. Олон жил хооллосон гал тогооноосоо салаад нэг хэсэгтээ л хэцүүдэх л байх. Гэхдээ энэ бол түүний сонголт.

Алдарт "Элсний 13"-ын эхэнд зүй ёсоор эрэмбэлэгддэг Д.Тэрбишдагва эрхмийн тухайд гарамгай шавар зуурагчдын нэг. Намын даргаа солих нь шинэчлэл хэмээн боддог эл эрхмийг хүн чанараа хөсөр хаясан хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Элчин сайдаар ажиллаж байхдаа С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдэж байсан эрхмийг хил дамнуулан хулгайлж ирэхэд гар бие оролцсон талаар ч цухалздаг. Н.Энхбаярт анхнаасаа олзлогдож, элсэнд гадас шаах ажиллагааг ч удирдаж байсныг өнгөрсөн цаг хугацаа гэрчлэх биз.

Сайдын суудалд л тухалж байвал сэтгэл нь амарч, элдэв хэрүүл маргаан хийгээд байдаггүй гэж улс төрийн хүрээнийхэн цайны хачир хийх нь бий. Монголбанкны Ерөнхийлөгч О.Чулуунбатаараа нийтэд танигдсан эл эрхмийг "Аалзны тор"-ноос дэлгэрэнгүй мэдэх боломжтой. Банкны салбарыг самарч байсан шигээ уугуул намаа "устгах" ажиллагааг удирдаад гүйж байж мэдэх л нөхөр.

Л.Нинж
Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш