logo
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав: Иргэний үнэмлэхтэй адилтгах бичиг баримтаар санал өгөх боломжгүй

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав: Иргэний үнэмлэхтэй адилтгах бичиг баримтаар санал өгөх боломжгүй

2012/05/01

Энэ жилийн УИХ-ын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зургадугаар сарын 28-ны пүрэв гарагт явуулахаар тогтсон. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийв. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа.

-УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг 6 дугаар сарын 28-нд зэрэг явуулахаар боллоо. Цаг хугацаа богино байгаа энэ үед бэлтгэл ажил хэр байна вэ?
-УИХ-ын сонгуулийг товлон зарлана гэдэг нь сонгуулийн ажил эхэлж байна гэсэн үг. Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос заасан хуваарь, хугацаатай ажлыг зохион байгуулах бэлтгэлээ хангаж эхлээд байна.

УИХ-ын сонгуулийг товлон зарласны дараа хамгийн эхэнд тойргийн хороо байгуулдаг. УИХ-ын сонгуулийн санал авах өдрөөс 55 хоногийн өмнө тойргийн хороог байгуулах ёстой. Монгол Улс УИХ-ын сонгуулийг 26 тойрог, 48 мандаттайгаар зохион байгуулахаар болсон. Дээрх 26 тойрогт байгуулах тойргийн хороод сонгуулийн ажлыг гардан зохион байгуулна. Энэ ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгана.

Мөн энэ долоо хоногтоо багтаан Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг аваад тавдугаар сарын 9-нөөс өмнө тойргийн хороонд хүргүүлэхээр төлөвлөсөн. Тойргийн хорооноос салбар хороо байгуулах ёстой. Хуульдаа "Сонгууль болохоос 50-иас доошгүй хоногийн өмнө салбар хороо байгуулна" гэсэн байдаг.

Сонгууль болохоос 50-иас доошгүй хоногийн өмнө нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 9-нөөс өмнө хүсэлтээ илэрхийлсэн байх ёстой.

Мөн Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуулийн хуультай адил зарчмаар явуулахаар тусгаж өгсөн. НИТХ-ыг сонгуулийн санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө Их хурал зарлахаар заасан. НИТХ-ын сонгуулийг нийслэлийн сонгуулийн хороо зохион байгуулах юм.

Мөн УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн санал авах хуудас нэг байна. Нэг хуудасны хоёр талд хоёр сонгуулийн нэр дэвшигчид намууд бичигдэнэ. Ингээд автомат санал тоолох машинаар санал тоолж дүнг нь гаргана. Энэ шийдвэртэй холбогдуулан СЕХ сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хуваарийг баталлаа. Хуваарьт заасны дагуу 28-ны өдрөөс эхлээд бүх үйл ажиллагаа тодорхой хуваарийн дагуу явагдана.

-Сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд хамгийн түрүүнд тойрог, салбар хороод, хэсгийн хороод байгуулагдана. Одоогоор хэчнээн хороо байгуулахаар байна, мөн хэдэн хүн ажиллах вэ?
-Одоогоор 1907 хэсгийн хороо байгуулахаар байна. Эдгээрт 18000 орчим хүн ажиллана гэсэн тооцоо гарсан.

-18000 төрийн албан хаагч сонгуульд ажиллана гэж байна. Сонгуулийн үеэр ажиллах төрийн албан хаагчийг ямар шалгуураар сонгож авах вэ?
-Энэ асуудлаар байнгын хороонд мэдээлэл хийхдээ бид санал тавьсан. Өмнө ч тавьж л байсан. Төрийн албан хаагчдыг ямар шалгуураар сонгуулийн хороодод оруулах вэ, үүнийг тодорхой болгооч ээ гэж хууль хэлэлцэж байх явцад ч тавьсан. Хуульд энэ талаар тодорхой зохицуулсан зүйл заалт ороогүй.

Хуульд сонгуулийн хороодод төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг оруулж томилно гэсэн заалт бий. Хуулийг хэрэгжүүлэх, хороодыг байгуулах ёстой субъект нь СЕХ. Энэ асуудлыг хороон дээрээ ярьж байгаад шийднэ.

-Тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?
-Хуульд заасны дагуу тойргийн хороодыг санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө СЕХ байгуулах ёстой. Тойргийн хороонд Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг ажиллуулна гэсэн хуулийн заалт бий. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо ойрын үед тойргийн хороог байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргана. Түүнээс цааш санал авах өдрөөс 45 хоногоос доошгүй хоногийн өмнө тойргийн хороод хэсгийн хороодоо байгуулна. Ингэснээр сонгуулийг зохион байгуулах байгууллагууд үйл ажиллагаандаа жигдэрч орно.

-Сонгуульд оролцох нам, эвсэл ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
-Ямар бичиг баримт бүрдүүлэхийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Тухайлбал, тухайн нам, эвслийг сонгуульд оролцоно гэдгийг нь баталсан нам, эвслийн их хурлын эсвэл их хурлаас нь сонгогдсон төв байгууллагын шийдвэр байх ёстой.

Мөн нам, эвслийн дүрмийн хуулбарыг нотариатаар батлуулж, мөрийн хөтөлбөрөө бэлэн болгосон байх, төрийн аудитын байгууллагаар дүгнэлт хийлгэж, аудитын байгууллагаар хандивынхаа тайланг баталгаажуулсан байх шаардлагатай.

Үүний дараа материалыг нь хянаж үзээд тав хоногийн дараа тухайн нам, эвслийг бүртгэх эсэхийг шийдэх юм. Ямар, ямар нам сонгуульд оролцохыг шийдсэний дараа буюу санал авахаас 45 хоногийн өмнө хэсгийн хороо байгуулна.

-Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг авах ажлыг хэрхэн зохион байгуулах вэ? Саналын нууцлалыг ямар байдлаар хадгалах вэ?
-СЕХ, Гадаад харилцааны яамны хамтарсан журмаар хэрэгжинэ. Журам батлагдсан. Бусад гадны орнууд гадаадад байгаа иргэдийнхээ саналыг хэрхэн авдаг талаар бид судлаж үзсэн. Тухайн хүн саналын хуудсаар саналаа өгнө. Саналын хуудсаа дугтуйлж битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Тэр саналын хуудсыг битүүмжилсэн байдлаар авчирч СЕХ тоолно. Санал тооллого хуульд заасан цагт эхлэнэ. Тухайлбал, 20 цагт тоологдоно гэсэн үг.

Өнөөдөр энэ асуудлыг СЕХ-ны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Дипломат төлөөлөгчийн газар бүрт салбар комисс байгуулан гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг журамд заасны дагуу зохион байгуулах болж байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг сонгуулийн санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө саналын хуудсаар битүүмжлэн авч, СЕХ-нд ирүүлэх ёстой. Энэ зарчмыг үндэслэн 6 дугаар сарын 10-нд ням гарагт авахаар товлосон.

-Гадаадад амьдарч байгаа хүмүүс УИХ-ын гишүүнд саналаа өгөх үү, НИТХ-д саналаа өгөх үү?


-НИТХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэд санал өгөхгүй. Тэд зөвхөн нам, эвслийн нэрийн жагсаалтаас санал өгнө.

-Шилжилт хөдөлгөөн хийхийг хэзээнээс зогсоох вэ? Иргэдийн хувьд анхаарах ямар зүйл байгаа вэ?


-Удахгүй санал авахаас 55 хоногийн өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой. Үүний дараагаар тойрог хэсгийн хороодод нэрийн жагсаалтыг хүргэнэ. Энэ ажиллагаа явагдахтай зэрэгцэн иргэд нэрийн жагсаалтад байгаа нэр болон бусад мэдээллээ зөв тусгагдаж уу гэдгээ нягтлан шалгах боломж байгаа. Үүнд иргэд илүү анхаарах хэрэгтэй. Иргэний бүртгэлийн байгууллагууд бол иргэдийн санал гомдлыг авч, зохих шаардлагатай мэдээллүүдийг тусгах ажиллагааг хийж байна. Сонгуулийн санал авах өдөр хүртэлх хугацаанд СЕХ, хороод тасралтгүй ажиллана. Иргэний шинэчилсэн бүртгэл бүрэн зогссон байгаа. Сонгогч бүр өөрийн нэрийн жагсаалтыг шалгах эрх нь нээлттэй. Нэрийн жагсаалт гарахаас өмнө УБЕГ-ын www.burtgel.mn гэсэн сайт дээр тавигдсан цахим хуудсаар ороод өөрийгөө аль хэсэгт нэрийн жагсаалтад орж вэ гэдгээ заавал шалгах ёстой гэдгийг хэлмээр байна. Сонгогчийн шилжилт хөдөлгөөний асуудал бий. Сонгогчийн нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч нь өөр газар руу шилжих болбол 30 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн байх ёстой. Үүнийг анхаарах хэрэгтэй.

-Саналын хуудсууд нэг байна гэж байгаа. Програмчлалын асуудлууд нь хэзээ тодорхой болох вэ? Тэмдэглэгээ хийсэн тохиолдолд УИХ, НИТХ-д санал өгсөн ч хүчингүй болох вий, программаа хэрхэн унших вэ?


-Саналын хуудасны программчлал хийгдэнэ. Санал тоолох машин нь ар, өвөр аль аль талд нь байгаа мэдээллийг нэг зэрэг авч боловсруулах чадвартай. Тэгэхээр нэг талд нь УИХ-ын тойрогт нэр дэвшигч болоод Их хуралд оролцож байгаа нам эвслийн нэрс байна. Нөгөө талд нь НИТХ-ын тойргуудад нэр дэвшигчдийн нэрс, мөн нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд оролцож байгаа нам эвслийн нэр байна. Санал тоолох машин энэ хэсгийг тус тусад нь хэсэгтээ өгөгдсөн саналуудыг тоолж дүнг гаргах программчлал хийгдэж байгаа. Асуудлыг шийдэхийн өмнө энэ технологийг нийлүүлж байгаа албан ёсны компаниас байр суурийг нь авч, УИХ-д танилцуулсаны үндсэн дээр энэ шийдэл гарсан. Саналын хуудасны үзүүлэлтийг гаргаж өгөхөөр программчлалыг хийх боломжтой гэдгийг компани мэдэгдсэн. Одоо энэ чиглэлээр ажиллаж байна.

-Санал тоолох машиныг ажиллуулах хүмүүсийг яаж бэлтгэж байгаа вэ?


-Санал тоолох машиныг ажиллуулах хүмүүсийг бэлтгэх гэж байна. Сонгуулийн тов зарлагдсан өдрөөс эхэлж энэ ажилд орсон гэж болно. Сонгуулийн хэсэг бүрт мэдээлэл, технологийн даамал гэж хүн ажиллах юм. Энэ хүн санал тоолох машинтай холбоотой асуудлыг хамаарна. Даамлын сургалтын зардлыг баталсан учир даамлын сургалтыг эхлүүлэхэд бэлэн болсон. Сургалтад хамрагдах хүмүүсийн судалгааг орон нутгаас авсан.

-Нэг тойргийн хороонд хэдэн автомат машин байх вэ? Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн иргэд үүнтэй адилтгах ямар бичиг баримтаар санал өгөх вэ, лавлагаагаар өгөх үү?


-Автомат машин 2500 ширхэг ирнэ гэсэн тооцоотой. 1500 хүртэл сонгогчтой хэсэгт нэг машин ногдохоор тооцсон. Түүнээс дээших хэсэгт 2, 3-ыг сонгогчийн тооноос хамаарч хуваарилахаар зохион байгуулж байна. Иргэний үнэмлэхтэй адилтгах баримт бичгээр санал өгөх тухай асуудал хуульд байхгүй. Хуульд иргэний үнэмлэхтэй хүн сонгууль өгөхөөр хуульчлагдсан. Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн, нөхөн авах ёстой иргэдийн асуудлыг хэрхэхээ эрх бүхий байгууллага шийдэх байх.

-Автоматжуулах системийн тестлэх хугацаа богино байгаа юм биш үү?
-Машиныг туршиж ажиллуулж үзсэний үндсэн дээр гэрчилгээ олгох процесс явагдана. Тусгайлсан эрх бүхий ажлын хэсэг машинд суурилуулагдсан программ хангамж болоод машины ажиллагааг шалган туршсаны үндсэн дээр гэрчилгээ олгож тухайн гэрчилгээтэй машин сонгуульд ашиглагдана. Ер нь саналын хуудсаа хэвлэх үйл ажиллагаатай зэрэгцэж энэ ажил хийгдэнэ. Одооноос ажлын хэсэг байгуулагдан журмаа боловсруулж байна.

-Хэсгийн хороодоос саналын дүнг гаргасан хуудсыг зурган файлаар СЕХ руу явуулна гэж УИХ-ын холбогдох байнгын хорооны хурал дээр яригдаж байсан. Зурган файлыг жинхэнэ цаасан баримттай тулгаж үзэхгүй сонгуулийн дүн гаргана гэдэг нь өрөөсгөл юм биш үү? Магадгүй хуурамч зурган файл байвал яах вэ? Үүнийг яаж шийдэх вэ?


-Хуульд машинаас гарсан дүнг саналын цаасан хуудастай тулгаж шалгах асуудал байхгүй. Хэсгийн саналын хуудасны зурган хэлбэрээр авагдсан файлыг нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчийн ажиглагчид өгөх тухай асуудал хуульчлагдсан. Технологийн асуудлыг компанитайгаа ярьж, компани ч энэ талаар зохих шийдвэрээ гаргаж байгаа.

Д.Сувд
Эх сурвалж: "Монцамэ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш