Төрийн ордонд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль нэг өдөр буюу зургадугаар сарын 28-ны өдөр болохоор УИХ-аас өнгөрөгч долоо хоногт баталсан юм.
Энэхүү хуулийн дагуу сонгуулийн товлогдсон хугацаанаас 15 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 10-нд саналаа өгөх болсон байна. Тэд санал өгөхдөө Гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газар тус бүрт байгуулагдсан комиссоор дамжуулан өгөх аж. Уг ажлыг Сонгуулийн ерөнхий хороо Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулах нь.Харин сонгуульд оролцох намууд сонгууль болохоос 50-иас доошгүй хоногийн өмнө УИХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдэх юм байна. Сонгуулийн товыг зарласнаас хойш 20 хоногийн дараа улстөрийн намууд нэр дэвшигчээ тодруулж Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороодод нэрсийг нь өгнө.
Нэр дэвшигчийг бүртгэснээр тэдний сурталчилгаагаа хийх эрх нээгдэж, сурталчилгаа нэр дэвшигчдийг тодруулах буюу санал авах өдрийн өмнөх 00.00 цагт зогсоно. Сонгуулийн ерөнхий хороонд Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авахаас 55-иас доошгүй хоногийн хугацаанд хүргүүлнэ.
Нийслэлчүүд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль болон УИХ-ын сонгуулийг хамт өгөхдөө хоёр талтай нэг саналын хуудас бөглөх аж.
Тодруулбал, нэг талд нь УИХ-ын сонгуульд нэг дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас нэр дугуйлж, нөгөө талд нь ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшиж буй нэрсээс сонголт хийнэ.
Түүнчлэн иргэд сонгууль өгөхөөсөө өмнө өөрсдийн нэр, овог, хаяг, регистрийн дугаар зэргээ зөрчилтэй байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй болж байгаа гэнэ. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан судалгаагаар 1907 хэсгийн хороонд 18000 хүн ажиллахаар болжээ.
Э.Сүрэн