logo
Кент их сургуулийн буудалцааны хэрэг хаагджээ

Кент их сургуулийн буудалцааны хэрэг хаагджээ

2012/05/01
Одоогоос яг 42 жилийн өмнө буюу 1970 онд Вьетнамын дайныг эсэргүүцсэн Кент их сургуулийн оюутан жагсагчдын эсрэг Охайо мужийн дотоодыг аюулаас хамгаалах хүчнийхэн гал нээсний улмаас 4 хүн амиа алдаж 7 хүн шархадсан юм. Алан Канфора тухайн үед  Кент их сургуулийн оюутан байсан бөгөөд бугуйндаа болон биен тус газраа нийт 2 шарх авчээ. Гэсэн ч тухайн үед хавтаст хэргийг хааснаас яг хэн буудсан, буудах тушаал өгсөн эсэх нь тогтоогдоогүй өдийг хүрчээ. 1979 онд Холбооны Хүний эрхийн байгууллага дотоодыг аюулаас хамгаалах хүчнийхний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Энэ жил хохирогчид дахин шүүхэд гомдол гаргасан боловч хавтаст хэргийг нээхээс дахин татгалзжээ.  Жагсагчдын эсрэг гал нээсэн хэргийн баримт материалыг Холбооны Мөрдөх Товчоо устгасан болохыг Америкийн хууль зүйн яам саяхан мэдэгджээ. Клийвландын сонины газар нийтлэл бэлтгэх зорилгоор аудио инженер Стюварт Ааланыг хөлслөн тухайн үеийн аудио бичлэг дээр дүн шинжилгээ хийсэн байна. Түүнийхээр бол эхний ээлжинд хэн нэгэн хаа нэгтээгээс 4 удаа буудсан. 70 секундын дараа аюулгүй хүчнийхэн гал нээж эхэлсэн. Тэд нийтдээ 66 удаа буудсан байна. Түүний аудио бичлэгт....
За галлахад бэлдээд!
Хэвтээд!
Галлаад! Гэсэн команд бичигджээ. 
Стюварт Ааланы үзэж байгаагаар аюулгүй хүчнийхэнд хэн нэг нь гал нээх тужшаал өгчээ. Гэсэн ч хууль зүйн яам уг судалгааг мэргэжлийн төвшинд бус, ямар ч авцалдаа байхгүй гэж дүгнэсэн байна. Стюварт Аалан аюулгүй хүчний цэргүүд эсвэл хэн нэгнийг буруутгах гээгүй. Харин ийм харамсалтай явдал дахин бүү тохиолдоосой гэсэн үүднээс түүхийн үнэн мөнийг олохыг хичээснээ тайлбарласан байна. Ямартай ч 4 хүн амиа алдаж 7 хүн шархадсан нь үнэн. Харин хэн гал нээсэн, хэн тушаал өгсөн нь нууц хэвээр үлдлээ. 1960-70-аад онд үргэлжилсэн Вьетнамын дайнд АНУ туйлдаж, дотооддоо дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн ихээр гарч  байсны нэг нь Кент их сургуулийн оюутны хөдөлгөөн байсан юм. Вьетнамын дайнд 60 орчим мянган Америк цэрэг, 300 мянга орчим Камбож, 200 мянга орчим Лаос, 1-5 сая Вьетнамчууд амиа алдсан гэсэн судалгаа байдаг байна.                      
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш