logo
Монголчууд Жуковт буу бэлэглэж байжээ

Монголчууд Жуковт буу бэлэглэж байжээ

2011/06/17
Монгол Улсын Сайд нарын зөвлөлөөс 1940 онд тогтоол гарган Оросын цэргийн нэрт зүтгэлтэн, фронтын командлагч Георгий Константинович Жуковт ангийн буу бэлэглэж байжээ.
“...Нөхөр Г.К.Жуковын манай улсын ард түмэнд үзүүлсэн мартагдаш үгүй их гавъяа зүтгэлийг илэрхийлэн тэмдэглэхийн хамтаар БНМАУ-ын Засгийн газраас 250-939 номерийн “Зауер” хэмээх ангийн буу нэгээр өчүүхэн бэлэг хүргэж, үүрдийн дурсгал болгон хадгалуулав” хэмээсэн Х.Чойбалсангийн гарын үсэгтэй тогтоол өдгөө Улсын төв архивт хадгалагдаж байна.
1939 оны Зөвлөлт-Монголын механикжуулсан морьт хороог командлан Халхын голын байлдаанд ялалт байгуулсан энэ хүнийг Монголчууд эрхэмлэн хүндэтгэж БНМАУ-ын баатар цол, алтан таван хошуу ба БНМАУ-ын Улаан тугийн одонгоор шагнасан юм. 1896 оны 12 сарын 26-ны өдөр тариачин гаралтай Константин Артемьевич Жуковын хоёрдугаар хөвгүүн болон төрсөн тэрбээр  1915 оны наймдугаар сард хаант засгийн армид татагдаж, Баруун-Өмнөд фронтод байлдаж гарамгай гавьяа байгуулсан тул Георгиевийн 2 загалмайгаар шагнагджээ. Хувьсгалын үед сумангийн цэргийн хорооны даргаар сонгогдсон тэрээр иргэний дайны үед улаан цэрэг, дараа нь улааны даргын алба хашиж 1939 оны 7-р сарын 11-нд Зөвлөлт-Монголын морьт механикжуулсан бүлгийн командлагчаар томилогдсон байна. Түүнийг Халхын голд гавъяа байгуулсан хэмээн Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнажээ.
Г.Бүрэн
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш