logo
Гэрээ /Хошин өгүүллэг/

Гэрээ /Хошин өгүүллэг/

2012/05/01
Хүн хөгширнө гэдэг хүүхэд нохойн доог болдог гэдэг. Харин би тэгсэнгүй, шал эсрэгээрээ сүнгэнэлээ. Жар хүрээд жаргах юм бол уу гэсэн чинь буруу хойшоо хэдэн ач гучийнхаа тоог бодоод насаараа заасан тооны хичээлтэйгээ дахиж зууралдаад толгой өндийлгөх завгүй. Дал хүрээд ч “далдагнасан” хэвээрээ.

Хувийн сургуульд тооны зөвлөх багш хийгээд буруу зөнөсөн хөгшин, залуу багш нартай цэц булаацалдаж, хоормогныхоо савыг хагалуулах байтугай өөрсдийнхийг нь няс хийлгэчих гээд зөнөх завгүй гүйлээ. Ная хүрээд намбайх бол уу гэтэл бас байдаггүй. Хорооны идэвхтэн болчихсон нам эвслийн дунд намгийн мэлхий шиг харайж явна. Сонгууль дөхсөн тул над шиг “эрэлт хэрэгцээ”-тэй хүн алга. Өглөө босов уу үгүй юү нэг намын суртал ухуулагч халуун савтай цай хуушуур бариад ороод ирнэ. Үдийн цайн дээр нөгөө намынх нь төлөөлөгч солонгос ресторанаас халуун ногоотой хоол савлаад ирнэ. Оройн хоолон дээр бас нэг намын хүн уур савссан бууз түмпэнтэй бариад ирнэ.

Миний буянд гэр бүлийн маань хэдэн хүүхэд багачуул бэлэн хоол идээд их зантай. Нэг орой гурилтай шөлөө хийж идье гэсэн чинь өөдөөс “Хэн тийм жонхуу иддэг юм бэ?” гэж уур барав. Гэртээ жонхуу идсэн идээгүй би сонгуулийн суртал нэвтрүүлгийн ажлаар хорооныхоо хэдэн хөгшчүүлийн гэрээр “хоол эргүүлэх” тул хоол маань ихдээд, ходоодны эмээ байнга авч явах болно. Манай хороо арван мянган өрхтэй. Хоёр өрхийн нэгэнд мань шигээ майжгар хөгшчүүл байх тул тэдний саналыг авахын тулд миний судсыг барих нь сонгуулиар гарч төр барих гэж байгаа багачуулд чухам би гэж нэг очир эрдэнийн үнэтэй хүн байгаа юм.

Олон жил хороо хорины идэвхтэн болж айл айлаар орж гарч, зар тарааж явсан болохоор намайг гудамжны ноход нь хүртэл “Майжиг Дулмаа гуай” гэж хуцна. Энэ жил надад гурван ч намаас санал тавьсан. Намд нь аль болохоор олон санал хөгшдийн тархий нь угааж өгвөл мөнгө төгрөг, цайны сүү, тулах таягнаас эхлээд амлаагүй юм алга. Хэдхэн төгрөг биш л дээ. Энэ бол сонгуулийн нууц. Миний дансаар л шилжүүлчихдэг юм. Энэ жилийн сонгуулийнх бол нилээн хэдэн тоотой юм билээ.

Багшийн сургуульд үзэж байсанаас олон тоо харагдсан. Олон тэг харахаар хүний нүд эрээлжилдэг байх чив. Нас өндөр болохоор дотор муухай оргино гээч. Төрд дээгүүр алба хашдагууд бол залуу улс болохоор цус нь харвахгүй салгалаад байдаг байх л даа. Мань мэтэс бол тэдэн шиг улсын хөрөнгийг олон тэгээр нь халаасалвал шууд унах юм байлгүй. Цайны сүүнд зовох юм байхгүй. Сонгуулийн үед манай хашаанд саалийн гурван үнээ саальчинтай авчраад тавьчихдаг юм. Хөл өвдөөд сүүлийн үед таягтай явахаасаа бэргэх болж. Хаймэр маймэр унаад явах нь амар шүү дээ. Тэгэхгүй бол гэр хорооллын айлуудын шавартай гудамжинд сарлагийн тугал шиг суучих гээд байдаг юм.

Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэсэнээс энэ жил хуучин бурхинуудын залгамж халаа гадаадад том том сургууль төгссөн багачууд нэрээ дэвшүүлж байна лээ. Цаг нь болоогүй юмыг ярьчихлаа гээд цааш нь очоод матав аа та нар. Эмээ нь бас төрд хэрэгтэй зайран, түмнийхээ төлөө зүтгэж яваа эх хүн шүү. Өмнөх сонгуулиудаар саналыг нь цуглуулж өгсөн хүүхдүүд одоо ч гэсэн том алба хашиж байгаа. Зарим нь мартчихдаг юмаа. Зарим нь үгүй шүү цагаан сарын шинийн нэгний өглөө хотын төвд байдаг хүүхдүүдийг минь унаа тэргээ халааж асаах гэж бойтоглох зуур цэнхэр хадгаа намируулаад ороод ирдэг.

Амьд хүн алтан аяганаас ус ууна гэдэг. Далай ламтай уулзаад надад хийморийн сан тавиулаад ирдэг гээд бод. Эмээ бүлтэрч байна гэж буруу санах хэрэггүй. Ная гарсан эмээ намбагүй байна гэж бүү тэвд. Цагаан сарын ширээн дээр минь Жэк Донэлд л өрөөстэй. Шараа тайлах гээд бажгадаж яваа манай хорооны залуучууд эмээгийнхээрээ ороод ирвэл эмээ нь гар татахгүй нэг юм гарганаа. Бас тэгэхдээ учиртай өгнөө. Аль намыг дэмждэг үү гээд асуулт асуунаа. Бас санал энээ тэрээ гээд яриа хөөрөөтэй гэж байгаа...

Урд нь би ийм эдийн шуналтай байсангүй. Өгөх хүний сүсэг мэднэ гэдэг боддог байлаа зайлуул. Үр хүүхдүүд өсөж томорсон ч ажил төрөл гэж юу билээ, ардын нам ардын засаг хаана байгаа билээ гээд бодох юм зөндөө. Түрүүчийн сонгуулиар хоёр нам нэг эвслийн хооронд хонжоо харж гүйгээд хоёр ч хүүхдээ байртай болгож, бас нэгий нь унаатай болголоо. Энэ жил бас л том юм бодож байна. Тэгэхдээ сонгуулиар гарч байгаа хүүхдүүдийн жишиг мэднэ. Зайсангийн аманд нэг байртай болъё гэж бодоод байх боллоо. Ач гуч нар минь өвөл хотын утаанд нүүр ам нь зэвхийгээд нэг л бишээ. Хөгшчүүлийн бурхандаа мөргөх нь үр хүүхдүүд минь Америк, Солонгосоосоо мөнгө явуулж Зайсангийн аманд зантайсан байшин авч өгч, хойд замд минь гаргаарай гэдэг болсон шүү дээ.

Хүнээс дутаад байх юу байх вэ. Хөгшин хонины насгүй болсон ч үр хүүхдүүдээсээ илүү жаалж явна. Танай намд төдөн санал авч өгнө гээд наймаалцаж явна. Ямар би хулгай хийсэн биш, худлаа ярьсан биш. Мөрийн хөтөлбөрөөр нь мөнгө зулгааж байна. Уржнангийн цаад жил нэг нэр дэвшигч залуу Японд түмэн ажилчин гаргана гэж “үлээ”-гээд намайг золтой л хөлдөө чирээгүй. Нөгөө хэдэн хөгшчүүл чинь үр хүүхдээ явуулахын мөрөөс хүн болгон гэртээ урьж цайлаад... бүтэн нэг жил урилга заллаганд дарагдсан. Харин ноднин жил Японд газар хөдөлж, атомын цахилгаан станц дэлбэрээд амьтан хүн ашгүй ямар азаар хүүхдээ явуулсангүй вэ гэж залбирцгаасан. Тэр цунами гэдэг чинь айхтар хайрхан байна лээ. Арван давхар байшинг давдаг гэнэ. Еэ, базарваань амьтны олон хүүхдийг цааш харуулчих дөхсөн шүү. Гайгүй шүгэл үлээдэг залуу таарсандаа л хорооны хэдэн хүүхдүүд минь амьд мэнд үлдлээ.

Энэ жилийн “шүгэлчид” цэцэрлэг, сургууль, эмнэлэг барина гэж шүгэлдээд байгаа. Уул нь тэгэх юм сан даа. Ямар Япон шиг газар олдохгүй гэх биш Зайсангийн амандаа шавааралдсан байшин овоолж, хүн гишгих зайгүй болгож байхаар нэг ч гэсэн цэцэрлэг бариадахвал гэрээрээ дүүрэн ач зээгийнхээ баастай зууралдсан эмээ өвөө нар аяга сүүтэй цайгаа тухтай уух зав гарах сан. Хөөе гадаа машин чагнаалдлаа. Энэ ч намайг авахаар ирсэн хэрэг ээ. Нөгөө бие хамгаалагч яачихав аа? Найз охиных нь эгчийнх нь танилын ах нь гадаадаас ирж байгаа гээд онгоцны буудал руу надаас чөлөө аваад явсан юм. Боодол бохь авчирч өгнө гээд явсан алга. Би ч нэг бохинд “найруулах” амьтан биш байх аа. Намын санал “луйварддаг” лут амьтан байхгүй юү. Намуудын дарга нартай хийсэн “гэрээ”-ндээ л “жаална” шүү дээ.   

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш