logo
УИХ-д нэрээ дэвшүүлэх эрх нь Н.Энхбаярт нээлттэй

УИХ-д нэрээ дэвшүүлэх эрх нь Н.Энхбаярт нээлттэй

2012/05/02
Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг сэжигтнээр 14 хоног албадан саатуулаад, яллагдагчаар татах үндэслэлтэй гэж үзсэн учир хорих хугацааг хоёр сараар сунгасан. Манай улсад өмнө нь яллагдагчаар татагдсан хүн УИХ-д нэрээ дэвшүүлж байсан удаагүй бөгөөд ийм тохиолдолд УИХ-д нэр дэвшиж болох, эсэх талаар тодруулсан юм. Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баа санхүү “Түүний гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдээгүй тохиолдолд хэн ч буруутгах үндэслэлгүй гэдгийг хуульд тодорхой заасан байгаа. Тиймээс түүний нэр дэвших эрхийг хаах, хориглох эрх зүйн үндэс байхгүй. Сонгуулийн ерөнхий хороо түүнийг бүртгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс энэ талаар тодруулахад “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй. Ялтан биш л бол хэн ч сонгуульд оролцох эрхтэй” гэв.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 6.2-т “25 нас хүрсэн, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй” гэж заажээ. Харин тус хуулийн 6.4-т “Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон, түүнчлэн Хорих газар ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй” гэж заажээ. Тиймээс шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол тухайн хүн УИХ-д нэрээ дэвшүүлж, санал өгөх эрхтэй юм байна.

Эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймгийн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулагдаж байгаа нь сонгуульд нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөд нь саад болохгүй нь. АТГ-ын мөрдөн байцаагчийн хүсэлтийн дагуу сунгасан хорих хугацаа ирэх зургаадугаар сарын 27-нд дуусах ч цаашид суллах, батлан даалтад гаргах нь одоогоор тодорхойгүй байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш