Үндэстэн угсаатны эрх ашгийг зөрчиж, улсын нууц задруулсан гэх хэргүүд сүүлийн үед олонтаа сонсогдох боллоо. Энэ асуудал жирийн иргэдээс авахуулаад төрийн жолоо атгаж суугаа эрхэм түшээдийн анхаарлыг татаж байгаа. Төрийн хар хайрцагны бодлогоос эхлээд Монгол Улсын цаашдын хувь заяанд чухал нөлөөлөх стратегийн орд газрууд, улсын хөгжлын бодлогын нууц бичиг баримт зэрэг энэ асуудалд өөрөө улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд сөрөг нөлөө болж болохуйц эл хэргүүдэд илүү анхаарлаа хандуулж шударгаар дэнслэх нь зүйтэй болов уу.
Учир нь төр, түмнийхээ эсрэг тэрсэлсэн үйлдэл нь Монгол Улсын дайсан гэдгийг хэлээд өгч байгаатай нэгэн адил бөгөөд ийм хэрэгт холбогдож байсан зарим хүмүүсийн хэргийг эргэн нэг сөхье. Энэ төрлийн хэрэгт холбогдож байсан хүмүүсийг албан тушаалаар нь жагсаавал, хамгийн түрүүнд одоогийн Монгол Улсын төрийн тэргүүн нэрлэгдэх нь. Тэрбээр 1992-1996 онд УИХ-д сууж байхдаа улсын нууц задалсан хэрэгт буруутгагдаж байсан баримт байх аж.
Хятадын тусгай албанынхантай нэг ширээнд сууж, төрийн нууц задруулсан нэг дуулж явсан түүхтэй
Төрийн тэргүүний дараа эрэмбэлэгдэх хүн бол одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж юм. 2002 онд Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” хэмээн УИХ-ын гишүүн Л.Гүндалай цоллож тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан билээ. Тэгээд ч энэ мэдээллийг тухайн үеийн ТЕГ-ын дарга Ж.Баатар нотолж байсан удаатай.
Л.Гүндалай, Ж.Баатар нар эрхэм сайдыг БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын тусгай албаны нөхөдтэй наргиж явсан баримтыг олон нийтэд дэлгэж шуугиан тарив. Түүнийг Монголын төрийн эрхэм түшээ Хятадын тусгай албаны хүмүүстэй ийн наргиж байхдаа улсын чухал нууц, мэдээллийг задруулдаг хэмээн тэд үзэж байсан юм.
Нууцын суудалд суусан дарга, төрийн эсрэг хэрэгтэн болов
2002 онд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Баатар генералыг улсын нууц задруулсан хэрэгт холбогдсон гэх хэрэгт сэжигтнээр татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлээр буруутгасан билээ. Хоёр жилийн турш шалгасан түүнд холбогдох хэргийг 2004 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэж, долоон жилийн хорих ялыг оноосон, Улсын амин чухал байгууллагыг хариуцан сууж байсан Ж.Баатар гөнералыг ийн төрийн эсрэг хэрэгтэн болсон явдлыг зарим хүмүүс Ц.Нямдорж сайдын БНХАУ-ын тусгай албаныхантай наргиж байсан баримтыг УИХ-ын гишүүн Л.Гүндалайд гарган өгч, нотолсон тул өөрөө ийн хэлмэгдэж, ял сонссон хэмээн тайлбарладаг юм.
Сөрөх тагнуулын дарга улсын нууцын хэрэгт унасан нь
2004 онд ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Л.Санжаасүрэн хэвлэлийн хурал хийлгэж төрийн нууцтай холбоотой зүйл ярьжээ. Тэрээр ” Д.Энхбатыг Францаас хулгайлан авчрахад манай улсаас Франц, Бельги, Герман улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд оролцсон. Үүний улмаас нэг ЭСЯ-ын
ажилтан Францаас хөөгдсөн байгаа. Тухайн үед энэ асуудлыг олон нийтэд мэдэгдэхгүй байхыг хүсч, хоёр улсын тохиролцоо бий гэсэн. Д.Энхбатыг хулгайлж авчраад зодож тамласан тул тэрээр үхэхийнхээ өмнө ТЕГ-ын нууц ажилтнаар элсэх бичигт гарын үсэг зурсан гэж байгаа. Тэрээр амиа аврахын тулд хүүгийнхээ нэрээр нууц ажилтан болсон гэсэн. Түүний дараа ТЕГ-ынхан түүнд С.Зоригийг алснаа хүлээж 500 сая төгрөгтэй бол, эсвэл Ч.Энхтайван алсан гэж мэдүүл” гэх мэтчилэн нэлээд ноцтой асуудлуудыг хэвлэлийнхэнд дэлгэжээ. Ийн ярьсныхаа дараа тэрбээр удалгүй улсын нууц задруулсан хэргээр гурван жилийн ял авчээ.
УИХ-ын гишүүн болон дипломатын хүүхдүүд төрийн эсрэг хэрэгт шалгагдлаа
Дипломатич Д.Цахилгаан болон УИХ-ын гишүүн Батж.Батбаярын охид төрийн эсрэг хэрэгт сэжигтнээр татагдаж ял авсан явдал өнөөдөр ч олны анхаарлын төвд байна. УИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн эөвлөх Ц.Жаргалсайхан болон Гадаад харилцааны яамны ОХУ-ын хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор болон БНХАУ-ыг хариуцсан мэргэжилтэн Г.Байгальмаа нарыг ТЕГ-аас Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл анги буюу улсын нууц задруулсан хэрэгт сэжиггнээр татаж байцаасан.
Энэ хэргийг прокурор хянаад Ц.Жаргалсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүх түүнд таван жилийн хорих ял оноосон. Харин Б.Болор, П.Байгальмаа нарыг энэ хэрэгт холбогдолгүй гэж үзэн, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Түүнд холбогдох хэргийг сөхвөл хоёр жилийн өмнө Ц.Жаргалсайхан нь Гадаад харилцааны яамны хойд, урд хөршийг хариуцсан нарийн бичгийн дарга нараар дамжуулан төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын талаарх баримт бичгийг авсан.
Түүнийгээ БНХАУ-ын тодорхой албан тушаал хашдаг танилууддаа цахим шуудангаар илгээсэн нь нотлогдсон гэх. Хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж, Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн боловч Дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд хоёр шатны шүүхээс оноосон эх орноосоо урвасан гэх 79,1 дэх зүйлчлэлийг өөрчилж, эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан хэргээр таван жилийн хорих ял оноосон юм.
Дахиад л нууцын суудалд байсан эрхэм нууц задруулсан гэв үү?
Эх орноосоо урвасан гэгдэж шүүхийн хаалга татаад буй Сөрөх тагнуулын албаны дарга асан В.Нямхандад холбогдох хэргийн асуудал. Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэгдэж байгаа уг хэрэг гурвантаа буцчихлаа. Дэд хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг сонирхвол тэрээр ТЕГ-т ажиллаж байсан бөгөөд тодорхой шалтгаанаар ажлаасаа халагдсан аж.
Улсын нууцыг хадгалах газарт ажиллаж байсан ямар ч этгээд ажлаас гарсны дараа гурван жилийн хугацаанд хилийн дээс алхахгүй байх хатуу заалттай. Гэвч В.Нямханд нь энэ журмыг зөрчин БНХАУ руу зорчсон төдийгүй ингэхдээ тус улсын тусгай албаныханд улсын нууцтай холбоотой баримт бичиг дамжуулсан байж магадгүй гэнэ. Учир нь түүний энэ үйлдлийг нотлох баримт холбогдох газрынханд ирсэн гэсэн таамаг байгаа юм. Таамаг гэхийн учир нь хэрэг шалгагдаж байгаа тул мөрдөн байцаалттай холбоотой асуудлыг талаар дэлгэрэнгүй өгүүлэх боломжгүй билээ.
Л.Чойсүрэн гэгч үл таних нэгэн дахиад л улсын нууц задруулсан бололтой
Улсын нууцад хамаарах баримт задруулж, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаад буй Л.Чойсүрэн гэгчийн шүүх хурал саяхан Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болсон боловч гэрч ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Мөн л түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-д заасан үндэслэлээр буруутгаж байгаа аж. Гэм буруутай нь тогтоогдвол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэгдэнэ.
Энэ мэтчилэн Монгол Улсын эрх ашигт нөлөөлөхүйц баахан хэрэг мандаад байна. Үүнээс үүдэн Монгол төрийн нууц гэж юу хэлээд байгаа юм. Яаж хадгалж хамгаалах ёстой юм гэсэн асуудал дэгдэнэ. Ямартаа ч ТЕГ-ынхан удаа дараа гарч буй нууцтай холбоотой асуудалд тун хянуур шударгаар хандахгүй бол “Дээрээ суудлаа олохгүй бужигнаж байх” үаэр юм юм л болох нь байна шүү.
Б.Саруул
Эх сурвалж: “Нийслэл таймс”