logo
БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзлаа

БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзлаа

2012/05/03
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу тэргүүтэй төлөөлөгчдийг 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа.  Хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт амжилттай өргөжин тэлж байгаа энэ үед эрхэм зочны айлчлал болж байгаа нь ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Дөнгөж сая хоёр улсын эрүүл мэндийн сайд нар эрүүл мэндийн яамд хоорондын дөрвөн жил хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь  чухал арга хэмжээ боллоо гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод, БНХАУ-ын Засгийн газраас биеийн тамир, спортын цогцолбор барихад гүн туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийллээ.
Цаашид ч Монгол Улс ийм цогцолборууд барих төлөвлөгөө бий бөгөөд энэ тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр хөндөн ярилцав. Түүнчлэн хоёр улсын эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа, түүний дотор боловсон хүчин, сургалтын асуудал дээр нягт хамтран ажиллахаас гадна   уламжлалт эмнэлэгийн салбарыг ч орхиж болохгүйг тэмдэглэж байсан юм.
Харин эрхэм зочны хувьд анх удаагаа монгол улсад  албан ёсны  айлчлал хийж байгаадаа баяртай байна гэлээ.  Монгол улсын  ЭМЯ-н дээр хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь манай хоёр улсын хамтын ажиллагаа улам хөгжин тэлж байгаагийн том жишээ гэдгийг тэмдэглэлээ. Мөн түүний айлчлалын бүрэлдэхүүнд ӨМӨЗО-ны эрүүл мэндийн газрын төлөөлөгчид ч явж байгааг дуулгасан юм.
Хоёр улсын эрүүл мэндийн  яамд нь  хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар халдварт өвчний тандалт судалгаа, уламжлалт анагаах ухаан, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр хамтран ажиллах юм байна. Мөн хоёр улсын хилийн шугамын дагуух нутаг дэвсгэрт шинээр болон сэргэж буй халдвар, бэлгийн замаар дамжих халдвар болон бусад халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийх, судалгааны үр дүнг харилцан хуваалцаж ажиллахаар болж байна.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш