logo
Муур гэр бүлийн уур амьсгалыг мэдэрдэг

Муур гэр бүлийн уур амьсгалыг мэдэрдэг

2012/05/03

Зүрх муутай хүн муурыг зүрхэн дээрээ тэврэхэд өвчин нь илааршдаг гэж хэн нэгнээс сонсож байснаа саналаа. Манай оронд нэг их тэжээгээд байдаггүй ч гадныхан муурыг хүүхэд шигээ эрхлүүлж, бүр өв залгамжлуулдаг тухай яриа ч байдаг. Монголчууд муурыг муу зөнтэй, эзнээ үхэхийг хүлээж хэвтдэг, муур урдуур нь хөндлөн гарвал муу зүйл болохын шинж хэмээн цээрлэдэг.

Гэвч энэ нь харьцангуй явцуу ойлголт ажээ. Энэ амьтан амар тайван, хэрүүл шуугиангүй, баяр хөөртэй хүмүүсийн дунд байх дуртай гэнэ. Мууг зөгнөсөн муурнаас болж хүн эндсэн гэсэн бодит яриа гараагүй учир түүнийг зэвүүцэж үзэх нь багассан юмуу гэж бодогдохоор. Орчин үед хүмүүс муурыг тэжээхээсээ илүү түүний чадварыг ашиглах гэж "нөхөрлөх" болжээ. Тухайлбал гэр, хашааныхаа хулганаас ангижрах гэж, мөн хашааны хамгаалагч, цэвэрлэгч болгох нь бий гэнэ.

Орон сууцны айлд муур байвал ялаа шумуулаас гадна жоом хүртэл харагдахгүй болдог бөгөөд зарим гэр бүл ямар нэгэн амьтан тэжээвэл үр хүүхэд маань аливааг энэрэн хайрлах сайхан сэтгэлтэй болж хүмүүжнэ хэмээн болсонтой холбоотой биз ээ. Тэгээд ч муур бусад амьтдыг бодвол маш цэвэрч амьтан гэнэ. Цэвэрч учраас хоол идсэнийхээ дараа заавал нүүp гараа угаана. Савраа шүлсдэж байгаад нүүрээ арчдаг байна. Муурны хэл арзгар ширүүн бөгөөд түүнээс нь шүлс мэт шингэн зүйл ялгарч байдаг бөгөөд магадгүй түүгээрээ нүүр гараа угаадаг байх.

Муурны биеийн онцлог шинжийн талаар дурдъя. Муурны дундаж жин нь 2.5-7кг хүрдэг бөгөөд дундаж өндөр 23-25см, урт нь 46 см (толгой, бие) ба сүүлний урт 30 см байдаг ажээ. Үе мөч, булчин шөрмөс нь тун зөөлөн, уян хатан байдаг тул толгойнхоо эргэн тойрноос бусад биеийнхээ бүх хэсгийг долоож чаддаг чадварлаг амьтан гэнэ. Мөн үсрэх чадвар сайтай бөгөөд биеийн өндрөөсөө тав дахин илүү үсэрч чаддаг байна. Цагт 60 км орчим хурдлах чадвартай гэж ярьдаг ч эгшин зуур богино зайд өндөр хурд гаргахаас өөр хол давхидаггүй ажээ.

Бид хүүхэлдэйн кинон дээрээс, тодруулбал алдарт Шрек киноноос том, өрөвдөлтэй нүдтэй муурыг олж хардаг. Тэгвэл түүний нүд амьдрал дээр үнэхээр том гэнэ шүү. Нүүрнийх нь хэмжээтэй харьцуулахад нилээн том нүдтэй бөгөөд харааны хувьд хөдөлгөөнт зүйлийг олж тогтоохдоо сайн боловч хөдөлгөөнгүй болон удаан хөдөлж буй зүйлийг олж харахдаа тийм сайн биш гэнэ. Хүүхэн хараа нь хүнийхээс өөр, босоо нарийн байдаг нь харааны хэмжээгээ хурдан өөрчлөх давуу талтай байдаг аж.

Гэгээтэй газар нарийн босоо, бүдэг харанхуй орчинд хүүхэн хараа нь нүд дүүрэн нээгдэж гэрлийн нүдэнд тусах хэмжээг ихэсгэх ба харанхуйд сайн хардаг гэнэ шүү. Үндсэн гурван өнгө болох хөх, улаан, ногоон өнгийг ялгаж харах боловч улаан өнгийг бүдэг ягаан болгож хардаг байна. Ерөнхийдөө юмс үзэгдлийг хар, цагаанаар хардаг байна. Хамар нь бусад амьтадтай харьцуулахад гоц сайн гэж ялгарах зүйлгүй ч хүнээс хэдэн арван мянга дахин өндөр үнэрлэх чадвартай байдаг бөгөөд мууранд "хамрын хээ" гэх онцгой зүйл байдаг аж.

Энэ нь хүнийхээр бол хурууны хээтэй адил бөгөөд муур болгоных өөр байдаг гэнэ. Тэрээр нохой шиг үнэрлэх чадвараа ашиглан ан хийдэггүй ч тэрхүү онцгой хамраа өөрийн эзэмшил газрын аюулгүй байдлыг шалгах болон идэж болох зүйл мөн бишийг ялгахад ашигладаг байна. Муурын хамар нь түүний онцгой эрхтэн ажээ.

Түүний таван мэдрэхүй дотроос хамгийн сайн нь сонсгол гэнэ. Сонсгол ийм сайн хөгжсөн нь хулгана зэрэг хөнгөн хөлтэй амьтдын гаргах чимээг олж сонсоход зориулагдсан, байгалиас заяагдсан гэлтэй. Мөн чихээ нэг нэгээр нь хоёр өөр зүгт хөдөлгөн тэр зүгийнхээ дуу чимээг ялгаж сонсч чаддаг ба хаана яг аль зайд гарч буйг нь маш нарийн тогтоодог байна. Эдгээр нь шөнөөр ан хийхдээ олзоо хүлээн мярааж, гэтэж байгаад авлахад зохицон хөгжсөн чадвар нь ажээ. Муурны сүүл эзнийхээ дотоод санааг илэрхийлдэг харилцааны нэгэн эрхтэн нь сүүл.  

Түүний сүүл биеийнхээ урттай ойролцоо байдаг бөгөөд гүйх, харайх, үсрэх зэрэг үйлдэлд хөдөлгөөний тэнцвэрээ олоход чухал үүрэгтэй байдаг байна. Хэрвээ та бүхэн муур тэжээх гэж байгаа бол түүнд өгч болох, болохгүй зүйлсийг сайтар судлах нь зүйтэй гэнэ. Муур бол махан тэжээлтэн гэдгийг нэн түрүүнд санаж байх хэрэгтэй. Тиймээс ургамлын гаралтай уураг мэтийн зүйл биш, харин амьтны гаралтай уураг өгөх шаардлагатай гэнэ. Мууранд зориулагдсан хуурай хоолоор түүнийг тэжээх нь хамгийн зөв хооллолт болох бөгөөд ийм хоол өгөхдөө усны саванд ус, шингэлсэн сүүг байнга байлгах хэрэггэй ажээ.

Харин муурнаас хол байлгах ёстой хүнсэнд шокалад болон кофены төрлийн хүнсний зүйлс багтдаг гэнэ шүү. Ийм төрлийн зүйл идсэнээрээ бөөлжиж, чацга алддаг бөгөөд хүний хүнсэд хэрэглэдэг лаазалсан туна загасыг их хэмжээгээр өгвөл биемахбодын өөх тосыг нь задалж үхэлд хүргэх аюулыг дагуулдагийг анхаараарай. Муур хүний энгэрт эрхлэх тун дуртай бөгөөд энэ үедээ хүрхрэх чимээ гаргаж байвал тэр аз жаргалтай байгаагийн шинж гэнэ.
 

Э.Цэрэнлхам
Эх сурвалж: "Нийслэл таймс"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш