Эрдэм ном эрхэм баян гэсэн үг бий. Энэ үг яахын аргагүй үнэн. Өнөөгийн нийгэмд энэ үгийн утга учир жинхэнэ ёсоороо биеллээ олж байна. Манай улсын боловсролын салбарыг яривал ардын хувьсгалын дараах үеэс эхлэх нь зөв байх. Харь улсын хараа хяналтаас дөнгөж гарсны дараагаар 500-аадхан мянган хүн амтай, иргэдийн ихэнх нь мэдлэг боловсролгүйн зэрэгцээ арьс өнгөнөөс авахуулаад бүхий л төрлийн өвчин эмгэгт баригдсан байсан гэдэг. Орос ах нарын ач буянаар энэ байдал богино хугацаанд өөрчлөгдөж, өнөөгийн Монгол Улсын өнгө төрх бий болсон хэмээн хөгшчүүл ярьдаг.
Эх орны хойч ирээдүйг авч явах оюунлаг залуусыг энэ үеэс ОХУ, ХБНГУ, Япон зэрэг гадны орнуудад бэлтгэж эхэлсэн. Тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсад суралцагсад дор хаяж хаа нэгтээ таарсан Орос хүнтэй чөлөөтэй хэл нэвтрэлцсэнээс гадна тэдний ихэнх нь сурсан мэдсэндээ эзэн болж чаддаг. Ийнхүү мэддэг боловсролоор цэнэглэгдсэн залуусын оюуны цэнэгээр хангалттай хөгжсөн гэж хэлэхгүй ч гэсэн өнөөгийн Монголын дүр төрх бий болсон. Харин эх орныг хөгжүүлэх 21 дүгээр зууны оюунлаг иргэд хэрхэн бэлтгэгдэж байгааг хүн бүхэн өөр өөрсдийн оюунд нэгийг бодож суугаа биз ээ.
Өнөөдөр манай улс бусад орнуудтай харьцуулахад боловсролын түвшингээрээ дээгүүрт орж байна. Боловсролын түвшин дээгүүр байна гэдгийг диплом өвөртлөгсдөөр нь хэлж байгаа юм. Нэг хэсэг чанартай чанаргүй их дээд сургуулиуд ихээр бий болж, Монголын боловсролын салбар үнэгүйдсэн. Үүнийгээ дагаад 18 нас хүрсэн л бол аль нэг их, дээд сургуульд мөнгийг нь төлөөд сурчихдаг байдал бий болж улаан цэнхэр гэлтгүй диплом өвөртөлсөн бор гэрийн "богд", хар гэрийн "буг"-нууд олширсон.
Энэ байдал өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хоёроос гурван диплом өвөртөлсөн бор гэртээ богд харин нийгэмдээ хэн ч биш гэж тооцогдох мэдлэгийн уурхайнууд ажилгүй гэртээ хэвтэх нь чанаргүй сургуульдаа байна уу? эсвэл заасныг хүлээж авах чадвартаа байна уу гэдгийг энд бас бодож үзэх хэрэгтэй. Зарим хүний хэлж байгаагаар Монголын боловсролын салбар гаж тогтолцоотой гэж ярих нь олонтаа. Ингээд бодохоор Монголд боловсрол эзэмшинэ гэдэг нь цаг үрсэн дэмий ажил ч юм шиг.
Харин энэ удаад боловсрол эзэмшээд байгаа оюутнуудын мэдлэг чадвар, сурч буй арга барил ямархуу байгаа талаар хөндөхөөр шийдлээ. Үүний тулд ганц нэгэн жишээ татъя.
Их Засаг их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн хүн хөдөө орон нутагт хар зах дээр комиссын бараа зараад сууж байхтай таарлаа. Мөн МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн хүн супермаркетад худалдагч хийгээд сууж байхтай ч таарах жишээтэй. Зөвхөн хөдөөний нэгэн суманд л супермаркетын худалдагч шалгаруулж авахдаа царай зүс, биеийн рропорц харахаас гадна эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх гэсэн шаардлага тавьж байгаа юм.
Эдийн засагч хүнээр худалдагч хийлгэх монголын нийгэм. Аль эсвэл чадваргүй эдийн засагч. Энэ хоёрын аль нь зөв бэ? Зөвхөн эдийн засагч ч гэлтгүй хуульч, түүхч, багш гэх мэт. За тэгээд цаашилбал дээд боловсролтой үйлчлэгч ажилд авна гэх зар ч таарна гээч. Хамгийн гол нь ийм зар байлаа гэхэд гүйгээд очих хүн хэтэрхий олон байгаад учир байна.
Эдгээр ажилгүй иргэдийг үйлдвэрлэж буй сургуулиуд үүнийг оюундаа юм хийж чадсан нь ажиллаж дөрвөн жил суудал бөглөсөн нь гэрийн буг болж байгаа хэмээн тайлбарладаг. Үнэхээр Монгол Улсын Их сургуулийн эдийн засгийн ангийг төгссөн нэгэн хувьдаа байртай, хуучин ч гэсэн машинтай болчихсон явахтай бишгүй л таарч байлаа. Энэ мэргэжил ч одоогийн байдлаар илүүдээд байгаа юм байхгүй гэж байгаа.
Монголд эзэмшсэн боловсролыг боловсролд тооцохгүй хэмээн гадагшаа гарч суралцагсад ч сүүлийн жилүүдэд улам олширч байна. Энэ үг ч үнэний ортой болж таарч байна. Өнөөдөр Монголдоо гурван дипломтой хүн ажилгүй гэртээ хэвтэж байхад гадагшаа гарч суралцаад ирсэн нэгэн нь эх орондоо ирээд аль нэг компанийн дарга захирал биш юм аа гэхэд дээгүүр албан тушаал эрхэлж байна. Гэхдээ гадаадад суралцаад ирэгсдийн ярианаас сонсохнээ Монголд суралцаж буй оюутан нэртэй нөхдүүд үнэн хэрэгтээ оюутан шиг оюутан байж чаддаггүй гэх юм билээ.
Солонгост гурван жил суралцаад эх орондоо ирсэн нэгэн охины сэтгэгдлийг сонслоо. Тэрээр Монголд ирээд номын сангуудаар ороод маш их гайхсан төдийгүй сэтгэлээр унаснаа ярьж суусан. Солонгост их сургуульд элсэн орох нь амьдралын гол зорилго байдаг байна. Хүн бүр бага ангид сурч байх үеэсээ эхлэн ирээдүйд ямар боловсролтой хүн болохоо тодорхойлон бэлдэж эхэлдэг аж. Оюутнуудын хувьд төгсөөд сайн албан тушаалд очихын тулд бүхий л цаг заваа хичээлдээ зориулдаг гэсэн.
Өдөр шөнөгүй хичээл давтлагаасаа болоод нойроо дийлэхээ байсан оюутнууд ядрахгүйн тулд байнгын тариа хэрэглэн байж хичээллэдэг тухай ч тэрээр ярив. Мөн тус улсын сургууль бүрт 24 цагийн номын сан байдаг бөгөөд номын сангийн хувьд өдөр шөнийн ялгаа гэж бараг үгүй гэнэ. Өөрөөр хэлбэл өдөр дүүрэн оюутантай байсан номын сан шөнийн цагаар бүр ч олон үйлчлүүлэгчтэй байх жишээтэй. Энд их дээд сургууль төгсчихөөд англиар ярьж чадахгүй бол дээд боловсролтой гэж хүнд хэлээд ч хэрэггүй.
Төгсөгчид нь чанартай болохоор төгсөөд ажлын байр олдохгүй гэж санаа зовох ч хэрэггүй. Номын санд сууж байгаа оюутнууд аль болох өөрийгөө олон талаас нь хөгжүүлэхийн тулд түүх, философи гээд нийгмийн бүхий л салбарын номыг шимтэн уншдаг байна. Үүнийг л оюутан гэж хэлэх байх.
Харин өнөөгийн Монголын оюутнуудыгн мэдлэг боловсрол, соёл хийгээд биеэ авч яваа байдал ямар байгааг иргэн та анзаарч байгаа байх. Бодит байдал дээр түүний хэлсэн зүйл яахын аргагүй үнэн юм. Хэдхэн жилийн өмнө телевиз үзэн суутал дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоод чамгүй амжилт гаргаад эх орондоо ирсэн 23 настай нэгэнтэй сэтгүүлч ярилцаад сууж байв. Мэдээж Дэлхийн миссийн тэмцээнд оролцоод ирж байгаа хүний хувьд зүс царай, мэдлэг боловсрол өндөр нэгэн гэж хэн ч бодмоор.
Сэтгүүлч түүнээс хамгийн сүүлд ямар ном уншсан хийгээд ямар нэртэй ном байсныг нь асуутал, тэрээр: "Хамгийн сүүлд уншсан номынхоо нэрийг сайн санахгүй байна" гэв. Харин хэзээ уншсаныг нь асуутал, би хоёр дээд сургуульд зэрэг суралцдаг. Дээрээс нь загварын чиглэлээр багшилдаг учраас ном энэ тэр уншаад байх цаг зав гардаггүй л дээ. Хамгийн сүүлд хоёр сарын өмнө л ном уншсан байх хэмээн үнэнээ хэлэв.
Түүний хэлсэн үгийг сонсоод ичих шиг болж байсан. Их дээд сургууль гэдэг бол мэдлэгийн уурхай. Тэр дундаа оюутан хүн гэдэг өдөр бүр ном уншиж байх ёстой. Харин хоёр дээд сургуульд суралцдаг эрхэм мисс охин номыг үл ойшоов. Уг нь уншихгүй бол бодохгүй, сэтгэхгүй. Ном бол ертөнцийг харах донх гэсэн үг бий. Энэ үг худал биш л байлтай, Оюутан гэдэг үгний утга учрыг ч манай оюутнууд мартсан бололтой. Мэдлэггүй нэгэнд нь сануулахад Монгол хэлний тайлбар тольд энэ үг нь оюун ухаан гэдэг үгнээс гаралтай бөгөөд утгачилбал "оюун ухаантан" гэсэн утга гарна.
Загасчин бол загас барих арга барилаа эзэмшчихсэн тохиолдолд бүх насаараа хоолтой хононо. Харин оюутан бүх насаараа идэх хоолоо дөрвөн жил их сургуулийн ширээний ардаас олж авдаг. Энэ бол зарим нэгэнд нь урт харин нөгөө хэсэгт нь маш богинохон хутацаа. "Гэрийн буг" гэсэн нэр томьёонд бүх төгсөгчдийг хамруулаагүй бөгөөд эзэмшсэн мэргэжилдээ эзэн сууж чадалгүй үйлчлэгчээс наахнуур ажил хийж яваа хүмүүсийг оруулаад томьёолов. Учир нь ийм залуус хэдэн мянгаараа тоологдох учраас тэр.
Аль ч их дээд сургуульд англи хэлийг анхан дунд гүнзгий хүртэл нь заадаг. Гэвч манай төгсөгчид ажлын байрны анкет бөглөхдөө англи хэл мэдэхгүй гэвэл онигоо болно, мэддэг гэвэл эргээд баларна гэдгээ мэдээд англиар ярих, бичих, сонсож ойлгох зэрэгт бүтцэд нь дунд гэж бөглөх нь олон. Зарим нэг нь мэддэг хэмээн том дуугарч байгаад өөрийгөө танилцуулаач гэхэд нь байдалд орон хэлээ хазаж онигоо болох нь энүүхэнд.
Компьютер графикч ажилд авна гэсэн зар тавихад хэд хэдэн төгсөгч ирэх бөгөөд дүнгийн голчийн хувьд бүгд сайн байдаг. Иймэрхүү дүнтэй хүн өлхөн хийчихнэ хэмээн бодоод энгийн нэг зүйл хийлгэх гэтэл удтал суусны эцэст чадахгүйгээ хүлээн "Уучлаарай төгсөөд удсан болохоор иймэрхүү юмнаас бүр хөндийрчихэж хэ хэ" хэмээн чадваргүйгээ хөөрхөн хаацайлчихна.
Гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр үнэхээр Монголын боловсролын түвшин тэр дундаа их дээд сургуулиудын сургалтын систем муу байгаатай санал нийлэх олон хүн байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энгийн зүйлээс л иш татахад Монгол оюутныг харь орны оюутантай харьцуулахад газар тэнгэр шиг л зөрүүтэй байна. Нөгөө талаар сургалтын буруу системтэй холбоотойгоос ч тэр үү гадагшаа гараад ч юу ч сураагүй ирэх нэгэн нь байх. Тухайлбал сүүлийн жилүүдэд БНХАУ-руу хятад хэл эзэмшихээр явах оюутнууд олширчээ.
Гэвч таван жил тус улсад зөвхөн хэл сурах гэж явчихаад ирээд наад захын орчуулга хийчихэж чадалгүй ресторанд ресепшин хийж байх юм. Бас нэгэн гунигтай зүйл гэвэл Эрхүү, Улаан-Үд рүү сурахаар явагсад архичин болоод ирэх ч тохиолдол байна.
Амтай болгоны л шүүмжлэлийн бай болж байгаа нь нөгөө л оюутнууд хэвээрээ. Улсаас хангалттай тэдэнд сайн, муу гэж ялгалгүй тэтгэмж олгохын зэрэгцээ нийтийн тээврээр үнэгүй зорчуулж байгаа. Ачийг нь харин тэд баар, паб, караокегоор үйлчлүүлэн хариулж байна. Уг нь оюутан насыг алдаж болохгүй цаг хугацаандаа бүхнийг "толгойдоо" шингээж л өнгөрүүлэх хэрэгтэй сэн. Оюутнуудад үлгэр дуурайлал болохоор бас нэгэн жишээ дурдахад Австрали улсаас манай улсад хэсэгхэн хугацаанд суралдаад буцсан нэгэн оюутны төрсөн сэтгэгдлийг санаж байна.
Түүний хэлснээр Австралид тамхи зардаг үйлчилгээний цэгүүд тун ховор бөгөөд ширхгээр тамхи худалдаалах нь хориотой байдаг аж. Ганц хайрцаг тамхи авахын тулд монгол мөнгөөр 50 орчим мянган төгрөг төлөх ёстой бөгөөд тамхийг татах цэгүүд ч тун хомс гэнэ. Тиймээс тамхи татдаг хүн тун цөөн. Ялангуяа оюутан бүр байдаггүй аж. Харин түүний манай улсад ирээд оюутнуудын архи, тамхийг эр эмгүй татан сэлгүүцэх нь сэтгэлийг нь эмзэглүүлсэн байна.
Энэ мэт Монголын боловсролын салбарын талаар ярихад сэтгэл эмзэглүүлсэн асуудал их байна. Хүн бүр математикч болох албагүй гэдэг шиг хүн болгон их сургуульд суралцах албагүй болсон мэт санагдлаа. Жил бүр диплом өвөртөлсөн атаман, архичин залуус нийгэмд олшроод байвал энэ нийгэм эрүүл бус болж байгаагийн шинж. Үнэхээр толгой нь хүрэхгүй бас архинд дурлаад байвал эцэг эхийнхээ мөнгийг үрэн таран хийн их сургуулийн ширээг дөрвөн жил бөглөж суухын оронд барилгаа бариад гүүгээ саагаад явж байвал адаглаад цаг хожих юм даа.
С.Од
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"