logo
Хятадын ирээдүйн ерөнхий сайд Орост айлчиллаа

Хятадын ирээдүйн ерөнхий сайд Орост айлчиллаа

2012/05/03
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, ирээдүйн ерөнхий сайд Ли Кэцян Орост айлчиллаа. Энэ удаа тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин болон Ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзав. Гэхдээ хоёр орны удирдагчид биечлэн уулзсан нь Москва болон Бээжингийн харилцааны гол асуудлаар буюу Оросын хийн үнийн асуудал шийдэгдэхэд хараахан нөлөөлөхгүй аж.
2013 оны гуравдугаар сар гэхэд ирэх 10 жилийн Хятадын Засгийн газрын тэргүүн болох нь бараг тодорхой болсон, 56 настай Ли Кэцян хоёрдугаар сард Москвад айлчлахаар төлөвлөж байжээ. Тэрбээр 20 жилийн өмнө Орост ганц удаа ирж байсан учраас Ерөнхий сайдын нөлөө бүхий орлогч гадаадын гол түншүүдтэйгээ танилцах цуврал айлчлалаа ОХУ-аас эхлэхийг хүссэн байна. БНХАУ-ын ирээдүйн удирдагчид Коммунист намынхаа их хурлаас хэдэн сарын өмнө тийм айлчлал хийдэг юм. Тус их хурал энэ намар Бээжинд болно. Хятадын тал В.Путин болон Д.Медведевтэй биечлэн уулзуулах хүсэлт тавьсан учир сонгуулийн өмнөх хуваарьт Хятадын зочинд цаг олдоогүй учир айлчлал ийнхүү хойшилсон байна.
Энэ айлчлалыг зохион байгуулсан нь Ли Кэцяны ирээдүйн статусыг тодорхой болгожээ. Түүнийг Хятадын улсын корпорациудын тэргүүн нар багтсан томоохон төлөөлөгчид дагалдан явав. Ер нь бол БНХАУ-ын дарга Ху Жиньтао болон Ерөнхий сайд Вэнь Зябао тийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчлал хийдэг байна. Айлчлалын үеэр Орос-Хятадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж, цахилгаан эрчим хүч нийлүүлэх талаар 15 тэрбум долларын хэлэлцээр байгуулжээ. Эрчим хүч, санхүү, инноваци гэсэн гурван чиглэлээр хуралдсан нь Москва болон Бээжингийн харилцаа Оросын улсын корпорациуд Хятадын зээлд хамрагдсаны хариуд ОХУ-ын байгалийн баялгийг хятадууд шавхаж авахаар хязгаарлагдахгүйг харуулав.
Оросын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар Ли Кэцяныг хүлээн авч уулзсан нь айлчлалын гол үйл явдал байлаа. "Би 20 жилийн дараа хоёр дахь удаагаа Орост айлчилж байна. Энэ удаа нисч явахдаа Орос улс цоо шинэ хот, тосгодтой болж, цоо шинэ дүр төрхтэй болсныг анзаарлаа. Энэ бүхэн өнгөрсөн хугацаанд гайхалтай өөрчлөлт гарсныг илтгэж байна" гэж БНХАУ-ын зүүн хойд нутагт олон жил ажилласан, хөрш Оросын бүс нутгийн хөгжлийн талаар сайн мэдэх хүний хувиар ерөнхий сайдын орлогч ярьжээ. Хариуд нь Д.Медведев түүнд хятадаар талархал илэрхийлээд, ОХУ-ын худалдааны томоохон түншийнхээ хэлийг эзэмших талаар "сургуулилт хийхээ" амласан байна. "Одоогоор миний үгийн сан 2-3 үгээс хэтрэхгүй байна" гэж тэрбээр тэмдэглэжээ. В.Путинтай хийсэн уулзалт дээрхтэй адил болж өнгөрсөн байна.
Үүний сацуу Орос-Хятадын харилцааны гол асуудал нь урьдын адил шийдэлд хүрэхэд хол байгааг Ли Кэцяны айлчлал харууллаа. Талууд мөн л хийн гэрээний үнийн талаар зөвшилцөж чадаагүй байна. Тэд ийм тохиролцоонд хүрэхийг 20 жил оролдож байгаа юм. Алтайгаар дамжуулан Хятадад хий дамжуулах хоолой тавих аварга том төлөвлөгөө хийн үнийн талаарх санал зөрөлдөөнөөс болоод бас л цаасан дээр үлджээ. Хэлэлцээнд оролцсон эх сурвалжийн хэлснээр, Ли Кэцян "хийн асуудлыг шийдэх арга зам олохоо амласан" байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш