logo
ЮНЕСКО хэвлэлийн эрх чөлөөг боомилох, халдахын эсрэг хамтдаа тэмцэхээ мэдэгдлээ

ЮНЕСКО хэвлэлийн эрх чөлөөг боомилох, халдахын эсрэг хамтдаа тэмцэхээ мэдэгдлээ

2012/05/03
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна.  Энэ өдөр шударга үнэний талд зогсох амаргүй үүргийг хүлээдэг сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөг боогдуулах, гэмт үйлдлийн эсрэг босч, зөрчил дутагдлыг засч залруулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг билээ.

Тэмдэглэлт энэ өдрийн хүрээнд өнгөрсөн мягмар гаригт "Шинэ дуу хоолой. Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөд хувь нэмэр оруулах нь" сэдэвт дугуй ширээний ярилцлага болов. "Глоб Интернэшнл" ТББ, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах ажилтнууд, Монголын үе үеийн сэтгүүлчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож санал бодлоо нэгтгэв.

Монголын хэвлэл мэдээллийнхний дуу хоолойг сонсохоор НҮБ-ын суурин зохицуулагч Сэзин Синаноглу, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэдээлэл, харилцааны зөвлөх Андреа Кайрола, АНУ-ын хуульч Сигурд Соренсон нар хүрэлцэн ирсэн байлаа.

Энэ үеэр "Монголд хэвлэлийн эрх чөлөө бий юу" гэсэн асуултад сэтгүүлчдийн дийлэнх нь "үгүй, боогдмол" хэмээн хариулсан. Ийн сэтгүүлчид "Хэвлэлийн эрх чөлөө нийгмийг өөрчлөх хүчтэй", "Чанартай мэдээлэл олж авахад учирч буй бэрхшээл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах нь", "Шинэ орчин дахь хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээл" зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

ЮНЕСКО-гийн зүгээс хэвлэлийн эрх чөлөөг боомилох, халдахын эсрэг хамтдаа тэмцэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Тус арга хэмжээний үеэр "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзнийг тодруулав. Энэ жилийн "Үнэний төлөө" шагналыг Баянхонгор аймгийн "Хонгор" телевизийн сэтгүүлч Т.Данаасүрэн гардлаа.

Уг шагналыг ''Гпоб Интернэшнл" ТББ 2009 оноос эхлэн олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд гардуулж ирсэн уламжлалтай. "Үнэний төлөө" шагналын эзэн Т.Данаасүрэнтэй уулзлаа.

-Танд баяр хүргэе. Үнэний төлөө хэрхэн тэмцэж, эр зориг гаргасныг тань уншигчид сонирхож буй байх.
-Баярлалаа. Миний хувьд уурхай дээр болсон үйл явдлыг сурвалжлах явцад халдлагад өртсөн юм. "Спишл майнз" компани нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт чулуун ордны хайгуул хийдэг. Тэндхийн иргэдийн өгсөн мэдээллийн дагуу тухайн газарт нь очиж, малчдын эрхэд хэрхэн халдаж буй талаарх мэдээ, сурвалжлага бэлдсэнийхээ төлөө элдвээр хэлүүлж, өвлийн хүйтэнд хээр гадаа барьсан монгол гэрт зураглаачийнхаа хамт ямар ч шалтгаангүйгээр олон цагаар хориулсан.

Түүгээр ч барахгүй бидний камер, хийсэн бичлэгүүдийг хураан авч устгаж, эвдэж, элдвээр доромжилсон юм. Бид тухайн үед энэ талаар ''Глоб Интернэшнл" ТББ, Монголын сэтгүүлчдийн эвлэлд хандаж, эрхээ хамгаалуулах хүсэлт тавьсан. Тухайн байгууллагууд бидэнд тулгарсан асуудлыг үнэн зөвөөр шийдэж, телевизийн тоног төхөөрөмжийг төлж өгөхийг холбогдох байгууллагаас шаардсан. Гэвч өнөөдрийг хүртэл дөрвөн сарын хугацаа өнгөрөхөд "Спишл майнз" компани бидний энэ асуудлыг шийдэж егөөгүй л байна.

-Монголын сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөг эдэлж, чаддаг уу. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Сэтгүүлчид бид хэвлэлийн эрх чөлөө эдэлдэггүй. Цаг үргэлж боогдмол, эсвэл хэн нэгний дарамт шахалтад ажилладаг. Тэр тусмаа хөдөө орон нутгийн сэтгүүлчдийн хувьд төрийн байгууллагуудаас мэдээлэл авах эрх нь хаалттай. Янз бүрийн байдлаар дарамт, шахалт их ирдэг. Дээр нь улстөржих хандлага газар авсан. Энэ утгаараа орон нутгийн сэтгүүлчид хаагдмал байдалтай ажил үүргээ гүйцэтгэж байна.

Ч.Ану
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш