logo
Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сая төгрөгөө хэрхэхээ яарах цаг болжээ

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сая төгрөгөө хэрхэхээ яарах цаг болжээ

2012/05/04
НХХЯ дээр өчигдөр хэвлэлийн бага хурал болж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр,  НХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.Бум-Эрдэнэ, Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн халамжийн төвийн  захирал Г.Гандулам нар оролцлоо.
Т.Ганди сайд доорх мэдээллийг хийв. "Өнөөдөр тулгамдаад буй гурван асуудлын талаар мэдээлэл өгөе. "Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр"-ийг зохион байгуулахаар ЗГ тогтоол гаргасан. ЗГ-аас жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гарагийн амралтын өдрийг "Хөгжлийн төлөө хамтдаа" уриан доор хөдөлмөрийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдсэн байгаа. Энэ жилийн хөдөлмөрийн өдрийг "Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа" гэсэн уриан доор явуулна. Энэ хүрэнд орчин тойрноо тохижуулах идвэхтэй хөдөлгөөн өрнүүлнэ. Өнгөрсөн жил энэ өдрөөр /хэрвээ нэг өдрийн ажлын хөлсийг 9000 төгрөгөөр тооцвол / нийтдээ 5066 аж ахуйн нэгж, байгууллагын 159263 хүн хамрагдаж, 1 тэрбум 433 сая төгрөгийн нийтдээ улсын хэмжээнд 5179 байгууллагын 182949 хүн 1 тэрбум 660 сая төгрөгийн цэцэрлэгжүүлэлт, тохижилт үйлчилгээ, цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэлээ.
Хоёрдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг ард иргэддээ эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 116 дугаар тогтоол энэ оны 4 дүгээр сарын 11-нд батлагдсан билээ. Уг тогтоолоор Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа ард иргэдэд нэмж 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр болсон байгаа. Мөн эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч, иргэлийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг ирэх 6 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг НХХЯ-нд даалгасан байгаа.
Иймээс НХХ-ийн сайдын тушаалаар энэ оны 6 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган харьяа агентлаг, аймаг, дүүргийн хэлтсүүдэд хүргүүлэн, иргэний хүсэлтийг 5 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд авч, мэдээлллийг нэгтгэж ирүүлэх чиглэлийг өгч ажиллаж байна.
Эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй иргэд өөрийн оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтанд хүсэлтээ гаргах боломжтой. Өргөдлийн загварыг ХХҮГ-аар дамжуулан аймаг, дүүрэг, сум, хороодод хүргэсэн байгаа.
Хэрэв тухайн иргэн сум, хороондоо очиж хүсэлтээ өгөх боломжгүй тохиолдолд хүсэлтийг гэр бүлийн гишүүдээс төлөөлөн гаргаж болно. Төлөөлөн гаргагч нь 16 хүртэлх насны хүүхдийн эцэг эх, ах эгч, эмээ өвөө, асран хамгаалагч харгалзан дэмжигч, 16 ба түүнээс дээш насны иргэний эхнэр нөхөр, хүү охин "Нотариатын тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэгдсэн хүн байна.
Хэрэв иргэд өмнө нь "Хүний хөгжил" сангаас хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авахаар хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-201, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн бол тухайн иргэнд ногдох хувьцаанаас хасч тооцохыг дээрх тогтоолд тусгаад байгаа.
иймд эзэмшиж буй хувьцаагаа засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй байгаа хүүхэд, иргэдийн хувьд энэ сарын 20-нийг хүртэлх хугацааны дотор амжиж өргөдлөө яаралтай шаардлагатай байна" хэмээн мэдэгдлээ.
Өнөөдөр юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад олгох 1 сая төгрөгний асуудлын хувьд, нэгдүгээрт, өргөдөл хүсэлтийг нь хүлээн авах ажил явагдаж байгаа. Сангийн яаман дээр хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тиймээс энэ сарын 15-наас дотогш эхний буюу 4 дүгээр сарын төлбөрүүд гарна гэж үзэж байна. Ер нь "Хүний хөгжил" сангийн мөнгийг олон хэлбэрээр олгож ирлээ. Харин одоо хувьцаа олгох цаг үе ирсэн учир бид энэ 5 дугаар сарын 20-ноор тасалбар болгосноор иргэд маань нэг бол хувьцаагаа, эсвэл бэлэн мөнгөө авах ийм хүсэлтээ гаргах шаардлагатай болж байна.
Тавдугаар сарын 20-ноос бэлэн мөнгөө авая гэсэн иргэд хөдөлмөр, халамжийн хэлтэстээ өргөдлөө өгч, бэлэн мөнгө авах хүсэлтээ гаргах юм. Харин түүнээс хойш бусад өргөдлөө өгөөгүй иргэдийг бид хувьцаагаа авахыг хүсч байна гэж ойлгосноор тэдэнд бүгдэд нь хувьцаа олгогдоно. Үүнээс хойш энэ нь оюутны сургалтын төлбөр юм уу өөр ямар нэг хэлбэрээр "Хүний хөгжил" сангийн мөнгөө авахгүй болж байна гэж ойлгох хэрэгтэй.
Харин хувьцаагаа бэлэн мөнгөөр авахдаа орон сууцны төлбөртөө шилжүүлэх хэлбэрээр авч болно. Энэ хүсэлтээ та өргөдлөө бөглөхдөө маягтан дээрээ тодорхой зааж өгөх шаардлагатай.
Тиймээс 5 дугаар сарын 20 хүртэлх энэ богинохон хугацаанд хувьцаагаа бэлэн мөнгөөр авахыг хүссэн иргэд харьяалах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстээ очиж, өргөдлийн маягтыг бөглөх ёстой.
Гуравдугаарт, өчигдөр Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр болон цалингийн итгэлцүүр шинэчлэгдэн батлагдлаа. Энэ онд тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газар хоёр хоёр үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2012 оны улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тус тус тусгуулсан байгаа. Ингээд Засгийн газрын энэ оны 80 дугаар тогтоолоор хэрэгжүүлж, нийт иргэдийн тэтгэврийг 2 дугаар сарын 1-нээс тооцон ижил 35000 төгрөгөөр нэмэглүүлснээр дундаж тэтгэвэр 29 хувиар өсч, 165,0 төгрөгт хүрсэн.
Харин хоёр дахь шатны арга хэмжээний хүрээнд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор хэрэглэх цалингийн шинэчлэн тогтоох шийдвэрийг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.
Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хамгийн сүүлд 2007 онд шинэчлэн тогтоож байсан бөгөөд энэ удаад иргэдийн тэтгэврээ тогтоолгоход баримталсан олон жилийн өмнөх цалин хөлсийг 2010 оны үнэ, цалин хөлсний жишигт ойртуулах зорилго тавьлаа. Жишээ нь, 1990 оны 500 төгрөгийн цалинг 2010 оны 324500 төгрөгийн цалингийн жишигт хүргэхийг зорьж байна.
Энэ оны 5 дугаар сарын 1-нээс ийнхүү тэтгэвэр нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр одоо байгаа 165,0 мянган төгрөгийн дундаж тэтгэврийн хэмжээ 222,4 мянган төгрөгт хүрч, өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 75 хувиар, энэ оны 4 дүгээр сарын 1-ний байдалтай харьцуулахад 35 хувиар, харин 2008 оны дундаж тэтгэвэртэй харьцуулахад 2,3 дахин нэмэгдэх юм. Тэтгэвэр авагч бүрийн тэтгэвэр дор хаяж 23 хувь ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдэх юм.
Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193,4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон бөгөөд эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 62,6 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Харин 1995 оноос хойшх цалин хөлсөнд үндэслэн тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48,1 мянган төгрөгөөр нэмэгдлээ.
Өндөр настан нийтдээ 363 мянган хүний "Хүний хөгжил" сангаас олгодог хувь хишгийг олгохдоо хувьцаагаа авах уу, эсвэл тодорхой хэмжээгээр бэлэн мөнгөө авах уу гэсэн асуудлыг эцэслэн шийдвэрлэснээр тэдэнд олгох 1 сая төгрөгийн асуудлыг зохицуулах болно.

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шийдвэрээ яаралтай гаргах хэрэгтэй болжээ

МОНЦАМЭ

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш