logo
Афганистанаас цэргээ гаргахаар амлав

Афганистанаас цэргээ гаргахаар амлав

2012/05/04
Францын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчид Афганистанаас цэргээ гаргана гэж байгаа ч энэ ажиллагааг дуусгах тодорхой хугацааг заагаагүй байна. Телевизийн шууд мэтгэлцээний үеэр социалистуудаас нэр дэвшсэн Франсуа Олланд ерөнхийлөгчөөр сонгогдвол цэргийн анги нэгтгэлүүдээ ойрын найман сарын хугацаанд буюу товлосноос нэг жилийн өмнө гаргахаа амлав.
    "Афганистанд үүргээ гүйцэтгэсэн, тийм болохоор цэргээ тэнд байлгаад байх ямар ч шаардлага байхгүй. Тэд энэ онд харих ёстой" гэж тэрбээр үзэж байна.
    Түүний хэлснийг тус улсын одоогийн Ерөнхийлөгч Николя Саркози эсэргүүцэж "жил хараахан дуусаагүй байна" хэмээн онцлон дурдаад "Франц улс холбоотнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх ёстой" гэжээ. "Энэ онд багтаан цэргээ бүрэн гаргах техникийн боломж байхгүй. Энэ нь цэргүүдийн аюулгүй байдлыг хангах, тэнд байгаа байлдааны техникүүдээ тээвэрлэхэд учрах хүндрэлтэй холбоотой" гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
    Саркози дахин сонгогдвол Афганистан дахь цэргийн оролцоогоо багасгах талаар АНУ-тай зөвшилцөн тохиролцсон төлөвлөгөөгөө баримталж, 2013 онд цэргийн ажиллагаагаа бүрэн дуусгах бодолтой байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш