logo
Баруун бүсийг эрүүл бүс болгон зарлах асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээ хэллээ

Баруун бүсийг эрүүл бүс болгон зарлах асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээ хэллээ

2012/05/04
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр манай улсад анх удаагаа айлчилж байгаа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Бернард Валлаг хүлээн авч уулзлаа.
Мал аж ахуй салбар нь манай улсын эдийн засгийн гол тулгуурын  нэг төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод голлох  байр суурь эзэлдэг.  Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээ. Энэ хүрээнд малчдыг мэргэшүүлэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, вакцинжуулах бодлогыг тэргүүн зорилтоо болгож, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Таван эрдэнэ”  зэрэг томоохон арга хэмжээг орон даяар  авч хэрэгжүүлж байгаагаа дуулгаад цаашид энэ чиглэлээр дэлхийн олон улсын байгууллагуудтай  хамтран ажиллахын чухлыг онцоллоо. Үүний дотор мал сүргийг өвчин, эмгэгээс эрүүлжүүлэх бодлогыг нэн тэргүүний зорилт болгон дэвшүүлж, баруун бүсийг эрүүл бүс нутгийн статуст хамруулан, олон улсын түвшинд зарлах ажлыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага ойрын хугацаанд судлаж, шийдвэрлэнэ гэдэгт илтгэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн энэ үеэр  илэрхийллээ.
Ноён Бернард Валла энэ үеэр  “Өнөөдөр дэлхийн нийт байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэх болсон. Энэ ч утгаараа ориганик бүтээгдэхүүн үнэд орж байгаа энэ үед махыг эрүүлжүүлэх, эрүүл, цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргах асуудлаар манай байгууллага Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.
Мөн тэрээр энэ оны 08 дугаар сард Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага өөрсдийн шинжээчдээ илгээж, баруун бүсийг эрүүл бүс болгон зарлах асуудлыг эцэслэнэ гэдгээ дуулгалаа. Түүнчлэн мал эмнэлгийн албаны бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаад баяртай байна гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш