Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт яллах дүгнэлт үйлдэх цаг тун ойрхон иржээ. Энэ тухай Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурор гээд шалгадаг, хянадаг мэргэжлийн байгууллагын албан хаагчид ярилцаж байна. Түүнийг буруутгаж буй баримтууд баталгаатай үнэн болохоор тэр гэнэ. Аль ч талаас нь эргүүлж, тойруулж шалгасан илрүүлж болох бүхнийг нь тэд илрүүлж. Гол нь баталгаажуулжээ. Иймд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эцсийн мөчид өөрийгөө тойруулж босгох хамгаалалтын хана хэрмийг барихаар бэлтгэж эхэлжээ. Тэр нь ард түмний хамгаалалт.
Гэхдээ ганцаараа бус олуулаа тэр хамгаалалтад орох ёстой. Эс бөгөөс ганцаараа ард түмний дэмжлэгээр хана хэрэм барьж, өөрөө дотор нь суулаа ч гэсэн хамгаалалтын гадна сул чөлөөтэй давхиж буй буруу гарын нөхдийг нь барьж унагах замаар түүний хамгаалалтыг сэтэлчих гээд байсан хэрэг. Тийм л учраас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын нөхдийг дэргэдээ авч ирэх дэгээг усанд хаясан нь энэ. УИХ-ын гишүүд ч тэр даруйд дэгээг нь үмхэж, эхний удаад Н.Энхбаяраас бусадтай нь ханьсвал асуудал бишдэнэ гэдгийг сайтар ойлгож. Нэг ёсондоо Н.Энхбаяртай хамт хамгаалалтад орох.
Н.Энхбаярын хаясан дэгээнээс нэг л удаа өөрсдийгөө салгалаа гэхэд тэд экс Ерөнхийлөгчөөс ч эвгүй байдалд орчих учраас тэр. Оймстой хоригдох уу, оймсгүй хоригдох уу гэдэгт тулж мэднэ. Н.Энхбаярын дэгээг үмхэхээс өөр сонголтгүй болтлоо барьцаалагдаж, түүнтэй хамтарч үйлдсэн гэм зэм бүхнээ МАХН-ын жирийн гишүүдээр хамгаалуулах гэсэн тэдний шалтаг, шалтгаан ийн үргэлжилж буй.
Тэртээ 2000 он. «Ардчилсан холбоо эвсэл»-ийн Засгийн газрууд ээлж дараалан огцорсны дараа монголчууд бүхэлдээ ардчилагчдаас айж байлаа. Төлөвшөөгүй залуусын эрх чөлөөний тухай гоё яриа Монголын гүйцэтгэх засаглалыг тэр чигт нь нурааж, төрийг сүйрэлд аваачсан болохоор тэр. Харин энэхүү гэм дундаас УИХ дахь МАХН-ын бүлгийн даргаар ажиллахын зэрэгцээ тус намыг удирдаж байсан Н.Энхбаяр хэмээх орчуулагч эрийн аз гийх нь тэр.
Тэрбээр намдаа МАХН-ыг сонгуульд бараг л зуун хувь ялуулсан баатар болж үнэлэгдсэн бол Монголын ард түмэнд буурь суурь, итгэл найдвар, бусдаасаа толгой илүү лидер хэмээн өөрийгөө итгүүлэв. Улмаар Н.Энхбаярын хувьд тэрхүү итгэл дээр нь дөрөөлөн хэрхэн улсын хөрөнгөөр гараа угааж, ижил сонирхолтой нөхдийг цуглуулан ямар аргаар төрийн хөрөнгийг олзлох тухай бодож байсан бололтой. Иймээс ч Монголбанкны дэд ерөнхийлөгч О.Чулуунбатыг нэгдүгээр хүнээр томилж, Ерөнхий сайдын хувиар санхүүгийн луйврын зохиолыг хамтран бичихээр тохирсон гэж болно.
Энэхүү хамтарсан луйврынхаа байгаар Монголын худалдаа хөгжлийн банк, «Эрдэнэт» үйлдвэрийн зэс, манайхаас гадаад зах зээлд тушаадаг алтны нийлүүлэлт, Хаан банк зэргийг тодруулсан байдаг. Анхны гараа нь «Жеральд Металл »-ыг «Эрдэнэт»-ийн зэс, алтыг дэлхийн зах зээлд хүргэх зуучлалд онцгой давуу эрх эдлэх болсон явдал. Уг онцгой эрхийг 2000 оны наймдугаар сараас тус компани эдэлж эхэлсэн байдаг бөгөөд ингэхдээ урьдчилгаа болгон 10 сая ам.доллар Монголд зээлжээ.
Тэр мөнгөнөөс найман саяыг нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярыг санхүүжүүлж байсан «Монгол газар» компанид олгосон бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын «ТБД андууд» компани нэг сая ам.долларыг нь зээлж байсан байдаг. Энэ бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын бизнесийг дэмжсэн Н.Энхбаярын хайр ивээл бөгөөд түүнээс өр нэхдэггүй юм гэхэд өглөг хуваарилсныхаа авлагыг цаг ямагт сануулж явах эрхтэй гэдгийнх нь баталгаа юм.
Улмаар 2001 онд «Жеральд Металл»-аас дахин 13 сая ам.доллар орж ирснийг мөн л дээрх нэр бүхий эрхмүүдийн хүсэл сонирхлоор хуваасан түүхтэй. Харин эндээс их удалгүй улсад жилдээ 10 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан Худалдаа хөгжлийн банкийг 12 тэрбумаар үнэлж, хувьчлах шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ О.Чулуунбат Монголбанканд хамтарч ажиллаж байсан өөрийн багийг тус банкны удирдлагад авчирсан бол Ерөнхий сайд Н.Энхбаярын зүгээс эхнэрээ «байршуулах» нь тэр. Зөвхөн Худалдаа хөгжлийн банкны удирдлагад авчраад зогсохгүй Тагнуулын Ерөнхий газрын зөвлөхөөр томилж байсан "удаатай.
Ингэж хувьчлалд бэлтгэх үүрэгтэй удирдлагын шинэ баг ажлаа эрчимжүүлж, харин О.Чулуунбат Худалдаа хөгжлийн банкийг өөртөө үлдээхэд нь туслах хөрөнгө оруулагчийг худалч хүнд дэлхийгээр нэг хайсан түүхтэй. Эцэст нь эртний хамтрагч, өөрсдийнх нь тусламжаар Монголын алт, зэсийг дэлхийд зуучлах эрх авсан «Жеральд Металл» нь тэдэнд нэрээ ашиглуулах замаар туслахаар болж. Ингэхдээ мөн л О.Чулуун-батын олсон Италийн Лугано гэх жижиг банктай хамтарч тендерт оролцоод ялчихаж. Тэдэнд өрсөлдөгч байгаагүй гэдгийг энд тодруулах хэрэгтэй байх.
Гэхдээ ялагч нь эцсийн дүндээ дээрх хоёр банк бус харин Н.Энхбаяр, О.Чулуунбат нар. Тэдний зүгээс банкны хувьчлалд төлөх ёстой 12 сая ам.долларынхаа долоон саяыг нь «Жеральд Металл» авсан ч их удалгүй Монголын алт, зэсийг тушаах замаар төлчихсөн. Харин үлдсэн таван сая ам.долларыг нь О.Чулуунбат Швейцарьт хадгалагдаж байсан Монголбанкны нөөц мөнгөнөөс өөрийн данс руу шилжүүлэх замаар төлсөн.
Товчхондоо тэр төрийн мөнгөөр төрийн банкийг худалдаж авсан гэсэн үг. Дээр нь мэдээж улсын баялгаар гэсэн тайлбар орно. Ингэж Худалдаа хөгжлийн банкаар гараа угаасан Н.Энхбаяр, О.Чулуунбат нарын эв найрамдлыг холбож ойлгоно гэвэл дэндүү дэгс хэрэг болох нь ойлгомжтой. Ийм ч учраас Н.Энхбаяр баривчилгаа хүлээх тэр л мөчдөө О.Чулуунбатыг итгэлтэйгээр баруун гар талдаа суулгаж, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг ашиглуул хэмээн тулгасан нь зүй ёсны хэрэг юм.
Үүгээр ч зогсохгүй О.Чулуунбатын зүгээс Н.Энхбаярт «Өрийг өөртөө ашигтайгаар төлөх» гэсэн нэн шинэ боломжийг нээж өгсөн гэдэг. Энэхүү туршлага нь Н.Энхбаяр О.Чулуунбатын Германы Берлинер, Кредит банкуудаас зээлж төлөлгүй завшсан таван сая ам.долларын өрийг нь цайруулахад тусалснаар эхэлсэн гэж болно. Туслах, туслахдаа Германд хийх айлчлалынхаа үеэр 50 хувиар хямдруулж, Монголбанкан дахь улсын цэвэр нөөцөөр төлүүлсэн хэрэг л дээ. Ийм замаар Чех болон Словак улсуудад төлсөн өрөөс нэр бүхий албан тушаалтнууд хувь хүртсэн ОХУ-д төлсөн их өрөөс 50 сая ам.долларыг нь тэд мөн л өөрсдөдөө үлдээсэн гэдэг. Мэдээж тэр үеийн Ерөнхий сайд, Санхүү, эдийн засгийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч гэх мэтээр үргэлжилнэ гэдгийг хэвлэлээр олонтаа бичсэн.
Тэгвэл Д.Тэрбишдагва гишүүний тухайд мөн л «Жеральд Металл» компаниас авсан урьдчилгаанаас нь хувь хүртээд зогсохгүй Н.Энхбаярын тусламжтайгаар Засгийн газраас зээл гулгуулсан нэгэн. Тухайн үед Засгийн газраас Хөдөө аж ахуйн банканд байршуулж байсан гурван тэрбум төгрөгийг татан авч, өөрсдийн талынхныг санхүүжүүлсэн.Тэр нь эргэн төлөгдөх боломжгүй болоход улсын нөөцөөс аргалсан. Махны чиглэлийн бизнес эрхлэгчдэд ч тэр ийм л аргаар зээл өгч, төлбөрийг нь улсын нөөцөөс барагдуулсан түүхтэй. Энэхүү будилаан дунд хожсон хамгийн их хэмжээтэй зээл авсан зээлдэгч нь Д.Тэрбишдагва.
Их удалгүй Германд Элчин сайдаар томилогдож, УИХ-ын 2004 оны сонгуулийн өмнө Д.Энхбатыг хулгайлах даалгаврыг нь гардан зохион байгуулалцсан. Ч.Улаан гишүүний тухайд энэ бүхнийг холоос шударга ёсны зарчмаар анзаарч, ажиглаагүй нь туйлын үнэн. Н.Энхбаяртай хамт эхлүүлсэн харилцаа нь бүхэлдээ санхүүгийн хэрээс үүсгэж байсан түүний сүлжээ экс Ерөнхийлөгчөөс ч өмнө буюу П.Жасрайгийн Засгийн газрын үеэс үүсэлтэй байдаг. Германаас авсан 10 сая дойч маркийн зээлийн «хувь заяа»-наас эхлээд шүү дээ. Ойроор бодлоо гэхэд Орост төлсөн гэх их өрөөс Оросын талд шилжилгүй замын дундаас алга болсон 50 сая ам.долларын эрэл.
Эцсийн дүндээ энэ бүхэн Н.Энхбаяраас салж чадахгүй байх үндсэн шалтгаан. Тэдний дунд тавьсан Н.Энхбаярын дэгээ. Тийм л учраас тэд өнөөдрөөс эхлэн МАХН-ын жирийн гишүүдээр хамгаалуулж, шударга үнэнийг хайсан сэтгэлээр нь тоглохоор шийдсэн нь энэ. Эс бөгөөс шударга үнэн тэднийг яллачих гээд байсан хэрэг. Н.Энхбаярын хамтаар.
Эх сурвалж: "Өглөөний сонин"