logo
Хятадуудын хураасан мах

Хятадуудын хураасан мах "нөөцийн мах" нэрээр худалдаанд гардаг болжээ

2012/05/04
Дулаарахаар махны үнэ буудаг байсан цаг саяхан. Тэгвэл манай орны мах борлуулалтын төв цэг болсон "Хүчит шонхор" захад махны үнэ тэнгэрт хадсан хэвээр байна. Үнэ буурахгүй байгаа шалтгааныг ченжүүдээс тодруулахад, "Бид махаа зах дотроосоо бөөндөж авдаг. Уг нь дулаараад ирэхээр махны үнэ буурдаг. Гэхдээ хөдөөнөөс мах борлуулахаар ирдэг малчдын тоо буурсан. Махны үнэ өссөн нь нэг талдаа үүнтэй холбоотой. Одоо ч гэсэн махны үнэ буурсан юм алга" гэв.

Махны үнэ буурахгүй байх өөр нэгэн шалтгааныг тэд хятадуудтай холбон тайлбарлаж байв. Ченжүүдийн ярьж буйгаар хятадууд монголчуудтай хамт хөдөөгүүр явж малчдын махыг худалдаж авдаг. Гэхдээ тэр махаа шууд авчраад нийлүүлдэггүй юм байна. Тусгай зооринд хадгалж байгаад мах ховордсон үед гаргаж худалддаг аж.

Ингэхдээ зах зээл дэх хамгийн өндөр үнээр махны худалдагчдад нийлүүлдэг гэнэ. Үүний нэг жишээ нь нөөцийн мах гэв. Өдгөө худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй нөөцийн махыг хятадууд нийлүүлж байгаа хэмээн махны ченжүүд хэлж байсан. Ингэхдээ тухайн нийлүүлж буй нөөцийн махаа хятад иргэд хэдий хугацаанд, хаана хадгалж байгаад худалдаанд гаргадаг нь өөрөө эргэлзээтэй гэх.

Өчигдрийн байдлаар "Хүчит шонхор" хүнсний зах дээр худалдаалагдаж байгаа хонины мах 6500-6800 төгрөг, үхрийн мах 7000 төгрөг, адууны мах 5800 төгрөг, ямааны мах 5400 төгрөг, тэмээний мах 5000 төгрөгийн ханштай байна. Тэгвэл нөөцийн мах зардаг XIII хороололд байрлалтай "Чин энх" супермаркетаар орж нөөцийн махны ханш болон хэр борлуулалттай байгаа талаар худалдагчаас тодруулахад:

Манайд үхрийн мах 3700 төгрөг, хонины мах 3200 төгрөг, ямааны мах 2600 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Нөөцийн мах ирсэн даруйдаа амархан дуусчихдаг гэсэн юм.

Улсын мал тооллогоор 30 гаруй сая толгой мал тоолуулсан статистикийн мэдээ бий. Энэ тоо хоёр сая гаруйхан хүн амтай манай улсын иргэдийн махны хэрэгцээг хэдэн жилээр нь хангахуйц тоо харагдаж байгаа биз. Гэхдээ бодит байдал дээр монголчууд махны гачигдалд орсон байдалтай, нөөцийн мах зэргээр "амиа зогоож" байна. Үнэндээ нөөцийн мах гэх ойлголт хаанаас гараад ирэв ээ. Иргэдийн ихэнх нь дээрхи ченжийн нэгэн адил бодолтой байна.

Тэдний хэлж буйгаар манай улсад махны үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд нь хятадын гар хөл болсон гэнэ. Тэд л хятадуудтай нийлж малчдын махыг бага үнээр худалдаж аваад бидэнд өндөр үнээр зарж байгаа гэх иргэд ч нэлээдгүй байсан юм. Уг нь манай орон мал аж ахуйгаараа дэлхийд дээгүүрт ордог. Малаа дагаж амьдардаг ард түмэн. Үүнээс үзэхэд бидний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн хямд зарагдах ёстой нь мах. Махны үнээ дийлэхээ байсан хөөрхий иргэд арай хямд үнэтэйг нь бодож тахиа шувууны мах ихээр худалдан авдаг болжээ.

Э.Цэрэнлхам
Эх сурвалж: "Нийслэл таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш